Нойр булчирхайн цочмог үрэвслийн үеийн шингэн сэлбэх эмчилгээ
Чихрийн шижин 2р хэвшинжтэй, гиперлипидеми оношлогдсон, 47 настай эмэгтэй 2 хоногийн өмнөөс эхэлж дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчмоор хүчтэй өвдөж, өвдөлт нь нуруу руу дамжина гэсэн зовиуртайгаар яаралтай тусламжийн тасагт ирсэн. Өвчтөн ядарч сульдсан, хүйтэн хөлс нь гарсан байдалтай харагдах боловч гемодинамикийн хувьд тогтвортой байна. Бодит үзлэгээр: салстууд хуурай, аюулхай орчимд эмзэглэлтэй. Шинжилгээнд лейкоцитоз болон электролитийн алдагдал илрээгүй. Цусан дахь шээсний хүчлийн (BUN) түвшин 24 мг/дл (лавлах хэмжээ 5-20 мг/дл), ийлдэс дэх креатинины хэмжээ 1.3 мг/дл (0.6-1.2 мг/дл) буюу бага зэрэг өндөр гарсан. Харин липаза ферментийн идэвх 1,200 нэгж/л (0-160 нэгж/л) хүртэл огцом ихэссэн байна. Хэвлийн эхогоор цөсний чулуу илэрсэн. Эдгээрээс үндэслэн нойр булчирхайн цочмог үрэвсэл гэж оношийг тавьж яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн. Өвчтөнд хоол сойх, өвдөлт намдаах зэрэг суурь эмчилгээг эхлүүлсэн. Уг өвчтөнд нойр булчирхайн цочмог үрэвслийн суурь эмчилгээ болох шингэн сэлбэлтийг хэрхэн хийх вэ? Ямар шингэн сонгох вэ? НОЙР БУЛЧИРХАЙН ЦОЧМОГ ҮРЭВСЛИЙН ҮЕД ШИНГЭН СЭЛБЭЛТ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?Нойр булчирхайн үрэвсэлт эмгэг болох нойр булчирхайн цочмог үрэвсэл нь үрэвслийн тархмал хариу урвалыг бүх биеэр өдөөдөг бөгөөд үүнээс үүдэн эмнэлзүйн олон хүндрэлүүдийг араасаа дагуулдаг.Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед өвчтөнд гиповолеми илрэх ба хэд хэдэн хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Бөөлжих, уух шингэн багасах, хөлрөх зэрэг сонгодог шинж тэмдгүүдээс гадна гуравдагч зайд шингэн хуримтлагданаас гиповолеми үүсэх нөхцөл бүрддэг. Нойр булчирхайн эдийн үрэвсэл нь цитокин болон бусад үрэвслийн молекулуудыг идэвхижүүлж, судасны нэвчимхий чанарыг нэмэгдүүлснээр судсан доторхи шингэн гадагшилах шалтгаан болдог. Энэхүү үрэвслийн хариу урвал нь олон тооны цуврал урвалыг өдөөх ба түүний дотор нойр булчирхайн цусан хангамж буурч, удаан үргэлжилбэл ацинар эсийн үхжил, улмаар нойр булчирхайн үхжил зэрэг ноцтой хүндрэлүүдэд хүргэдэг. Эмнэлзүйн олон тооны судалгаагаар нойр булчирхайн цочмог үрэвслийн үед гиповолеми удаан үргэлжилэх нь нойр булчирхайн үхжил, тухайн эрхтний дутагдал, ноцтой бусад хүндрэлүүдтэй холбоотой болохыг тодорхойлсон. Тиймээс эрт үед шингэн сэлбэлтийг хийснээр өвчлөл, нас баралтыг бууруулж байгаа судалгааны ажилтай уялдаж байгаа юм. Эрт үеийн шингэн сэлбэлт нь макро ба микро түвшинд цусны эргэлтийг дэмжих ба ингэснээр дээр дурдсан ноцтой хүндрэлүүдээс сэргийлдэг гэж үздэг. ХЭР ХЭМЖЭЭНИЙ ШИНГЭН СЭЛБЭХ ВЭ?Нойр булчирхайн цочмог үрэвслийн эрт үеийн эрчимтэй шингэн сэлбэлтийг ихэвчлэн эхний шингэнийг болусаар (нэг дор их хэмжээгээр) хийж, араас нь цагт 250-500мл хурдтай байхаар тохируулж хийдэг. Энэхүү аргачлал нь эмнэлзүйн практикт хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн түгээмэл арга хэдий ч санамсаргүй түүвэр бүхий эмнэлзүйн хяналтат туршилт (RCT) судалгаагаар үүний үр дүн нь тодорхой батлагдаагүй юм.2022 онд хэвлэгдсэн, түүхэн ач холбогдолтой WATERFALL (нойр булчирхайн цочмог үрэвслийн эрт үед биеийн жинд суурилсан эрчимтэй болон эрчимтэй бус шингэн сэлбэлтийн судалгаа) судалгаанд эрчимтэй шингэн сэлбэлтийг 20 мл/кг болус, дараа нь 3 мл/кг/цагаар ба дунд зэргийн шингэн сэлбэлтийг зөвхөн өвчтөн эмнэлзүйн хувьд гиповолемитэй тохиолдолд 10 мл/кг болус, дараа нь 1.5 мл/кг/цагаар хийж, үр дүнг харьцуулан судалсан. Дунд-хүнд зэргийн хүндрэл илэрч, эрхтний дутагдлын шинж хавсарсан өвчтнүүдийг судалгаанаас хассан. Эрт үеийн эрчимтэй шингэн сэлбэлт нь дунд зэргийн шингэн сэлбэлттэй харьцуулахад шингэний ачаалалыг илт нэмэгдүүлсэн (20.5% ба 6.3%; харьцангуй эрсдэл 2.85, р = 0.004) бөгөөд энэ байдлаас болж судалгааг эрт зогсооход хүрсэн. Судалгаагаар мөн хоёр бүлгийн шингэн сэлбэлтийн аргын хооронд өвчтний биеийн ерөнхий байдалд мэдэгдэхүйц ялгаа гараагүйг харуулсан. Тиймээс WATERFALL судалгааны үр дүн нь эмнэлзүйн практикт дунд зэргийн шингэн сэлбэлтийг ашиглахыг зөвлөсөн ба нойр булчирхайн цочмог үрэвслийн эрт үеийн менежментийн үзэл баримтлалыг өөрчилсөн юм. БҮХ ӨВЧТӨНД ИЖИЛ ХЭМЖЭЭНИЙ ШИНГЭН СЭЛБЭХ ҮҮ?WATERFALL судалгааны үр дүнгүүд дээр анхаарах хэд хэдэн зүйлс бий. Энэхүү судалгаанд зүрхний дутагдал, элэгний хатуурал, бөөрний архаг дутагдал зэрэг шингэний ачаалал ихсэх эрсдэл өндөртэй өвчтөнүүдийг хассан. Мөн дунд зэргийн болон хүнд хэлбэрийн нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй өвчтөнүүдийг хассан. Иймд шингэний ачаалал ихсэх магадлалтай өвчтөнүүдэд нойр булчирхайн цочмог үрэвсэл даамжрахаас сэргийлэх, нөгөө талаар тэдний суурь хавсарсан өвчнийг хүндрүүлэхгүйгээр шингэн сэлбэлтийг нарийн хянаж, болгоомжтой хийх шаардлагатай.Шингэний ачаалал үүсэх суурь эмгэггүй, дунд болон хүнд хэлбэрийн нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй өвчтөнүүдэд шингэн сэлбэлтийн зохимжтой хэмжээ тодорхойгүй хэвээр байна. Тиймээс эдгээр өвчтнүүдэд шингэн сэлбэлтийг амжилттай болсоныг илтгэх шалгуурууд болох сийвэнгийн шээсний хүчил (BUN), креатинин, гематокрит зэрэг биомаркеруудыг ашиглах хэрэгтэй. Гэхдээ уг нөхцөлд эдгээр биомаркеруудын хэмжилтийг нарийн судалж тогтоогүй байгаа тул эмчлэгч эмч шингэн сэлбэлтийн явцыг ялангуяа эхний 48 цагийн дотор өвчтөний биеийн ерөнхий байдал, бодит үзлэг зэрэгтэй хослуулан дүгнэлт хийж, хянах нь зүйтэй. РИНГЕР ЛАКТАТ УУ, ЭСВЭЛ ФИЗИОЛОГИЙН 0.9% УУСМАЛ УУ?Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед шингэн сэлбэлтийн ач холбогдолын талаар маш олон судалгаагаар тогтоосон боловч ямар төрлийн шингэнийг хэрэглэх талаар төдийлөн судлагдаагүй юм. Зарим судалгаануудаас харахад хөнгөн хэлбэрийн нойр булчирхайн цочмог үрэвслийн үед рингер лактатыг сэлбэх нь эмнэлзүйн эдгэрэлтийг түргэсгэх, эрчимт эмчилгээнд шилжих эрсдэлийг бууруулахад физиологийн уусмалаас илүү үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон. Энэ нь рингер лактатын уусмалыг хийх үед цусны рН-ийн тэнцвэрт байдлыг илүү сайн хангадагтай холбоотой гэж үзсэн. Эсрэгээрээ физиологийн 0.9% уусмалыг хийх нь хлорийн ионыг ихэсгэх замаар бодисын солилцооны ацидозд хүргэж болзошгүй байдаг. Хүчиллэг орчин үүсэх нь нойр булчирхайн ацинар эсүүдийг гэмтэлд илүү өртөмтгий болгож, улмаар нойр булчирхайн цочмог үрэвслийн эмгэг жамд гол үүрэг гүйцэтгэдэг трипсиногений хэт идэвхжилийг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч эдгээр судалгаанууд нь түүврийн хэмжээ багатай, хүндрэлийн зэргийг ялгаж судлаагүй зэрэг шалтгаанаар үр дүнг нь ерөнхийлөн дүгнэх боломжгүй болгож байгаа юм.Тиймээс судалгааны эдгээр сул талуудыг засах зорилгоор Lee болон бусад судлаачид нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй 999 өвчтөнд ажиглалтын судалгаа хийсэн ба эхний 24 цагийн дотор хийгдсэн шингэний төрөл (Рингер лактат болон физиологийн уусмал) ба нойр булчирхайн цочмог үрэвсэлийн хүндрэлийн зэрэг хоорондын хамаарлыг судлан харуулсан. Судалгаагаар эхний 24 цагийн дотор Рингер лактатын уусмалыг хийх нь дунд болон хүнд хэлбэрийн нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсэх магадлалыг бууруулж, эмнэлзүйн үр дагаварыг сайжруулсан гэсэн үр дүн гарсан (adjusted OR- 0.52, p = 0.014). Энэхүү судалгааны ачаар нойр булчирхайн цочмог үрэвслийн үед рингер лактатын уусмалыг сонгох нь эмнэлзүйн ач холбогдол өндөртэйг харуулсан ба эмнэлзүйн заавар, зөвлөмжид тусгагдсан юм. Гэхдээ уг судалгаа нь ажиглалтын судалгаа гэдгийг мартаж болохгүй ба үүний үр дүнг батлахын тулд олон төвт, санамсаргүй, эмнэлзүйн хяналтат туршилтад судалгаануудыг хийх шаардлагатай юм.Эх сурвалж:Madaria E, Buxbaum JL, Maisonneuve P, et al. Aggressive or moderate fluid resuscitation in acute pancreatitis. N Engl J Med 2022;Lee PJ, Culp S, Kamal A, et al. Lactated ringers use in the first 24 hours of hospitalization is associated with improved outcomes in 999 patients with acute pancreatitis. Am J Gastroenterol 2023;Peery AF, Crockett SD, Barritt AS, et al. Burden of gastrointestinal, liver, and pancreatic diseases in the United States. Gastroenterology 2015; 149(7):1731–1741.e3.Takeda K, Mikami Y, Fukuyama S, et al. Pancreatic ischemia associated with vasospasm in the early phase of human acute necrotizing pancreatitis. Pancreas 2005; 30(1):40–49.Wall I, Badalov N, Baradarian R, Iswara K, Li JJ, Tenner S. Decreased mortality in acute pancreatitis related to early aggressive hydration. Pancreas 2011; 40(4):547–550.Gardner TB, Vege SS, Pearson RK, Chari ST. Fluid resuscitation in acute pancreatitis. Clin Gastroenterol Hepatol 2008; 6(10):Banks PA, Bollen TL, Dervenis C, et al. Classification of acute pancreatitis—2012: revision of the Atlanta classification and definitions by international consensus. Gut 2013; 62(1):102–111.Tenner S. Initial management of acute pancreatitis: critical issues during the first 72 hours. Am J Gastroenterol 2004;Buxbaum JL, Quezada M, Da B, et al. Early aggressive hydration hastens clinical improvement in mild acute pancreatitis. Am J Gastroenterol 2017; 112(5):797–803.Lee A, Ko C, Buitrago C, et al. Lactated ringers vs normal saline resuscitation for mild acute pancreatitis: a randomized trial. Gastroenterology 2021; 160(3):955–957.e4.Wu BU, Hwang JQ, Gardner TH, et al. Lactated ringer’s solution reduces systemic inflammation compared with saline in patients with acute pancreatitis. Clin Gastroenterol Hepatol 2011