Анагаах ухааны цахим сургалт
Яагаад
Цахим сургалт гэж?
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Та ажил, гэр, сургууль мөн жижүүрт хонох үедээ интернэт холболт бүхий ямар ч төрлийн төхөөрөмж ашиглан суралцах боломжтой.
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Та байгаа газраасаа цахимаар суралцсанаар цаг хугацаа төдийгүй, мөнгөө хэмнэж өөрт хэрэгцээтэй сургалтыг авах боломжтой.
Сургалтыг та өөрөө удирдана
Сургалтыг та өөрөө удирдана
Цахим сургалтаар та багшаа, сургалтын аргаа, сургалтын хурдыг, сургалтын сэдэв болон дэс дараалал зэргийг бүрэн удирдах боломжтой.
Танд санал болгох
Багцын мэдээлэл

6 сарын багц

69,900₮

6 сард нэг удаа төлнө

  • 2 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 10% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах

1 жилийн багц

99,900₮

Жилд нэг удаа төлнө

  • 3 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Онцлох хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 20% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах
Сүүлийн үеийн
Нийтлэлүүд
Тиреотоксикозтой өвчтөнүүдээ дотоод шүүрлийн эмчид үзүүлэх хүртэл нь өрхийн эмч ямар арга хэмжээ авах ёстой вэ?
2025 оны 4-р сарын 29

Тиреотоксикозтой өвчтөнүүдээ дотоод шүүрлийн эмчид үзүүлэх хүртэл нь өрхийн эмч ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Эмнэлзүйн тохиолдол: 35 настай, эмэгтэй (жирэмсэн биш) сэтгэл түгшинэ, халуунд мэдрэг болсон, зүрх дэлсэнэ гэсэн зовуурьтайгаар өрхийн эмчид хандсан. Бамбайн дааврын шинжилгээгээр TSH дааврын хэмжээ 0.01 mIU/mL-ээс бага болтлоо буурсан (Лавлах хэмжээ 0.5–4.0). Давтан шинжилгээгээр TSH дахин 0.01 mIU/mL-ээс бага, харин чөлөөт тироксин (Т4) нь хэвийн дээд хязгаараас (0.8–1.8 ng/dL) ойролцоогоор 2 дахин их буюу 2.98 ng/dL байв. Эмч өвчтөнд тиреотоксикоз гэж онош тавин дотоод шүүрлийн эмчид үзүүлүүлэхээр илгээсэн боловч 8 долоо хоногийн дараа үзүүлэх цаг байв. Энэ хооронд эмнэлзүйн байдал муудах эрсдэлтэй тул ямар арга хэмжээ авч болох вэ?ШийдэлШинж тэмдэг илэрсэн тиреотоксикозтой өвчтөний хувьд хамгийн эхний алхам нь дотоод шүүрлийн (ДШ) эмчид үзүүлж эмчилгээг нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай боловч ДШ-ийн эмчид үзүүлэх хүртэл удаан хугацаагаар хүлээх тохиолдол байдаг. Энэ хооронд өрхийн эмч шинж тэмдгийг намдаах зорилгоор бета-хориглогчийг яаралтай эхлүүлж, жинхэнэ гипертиреозыг (бамбайн үйл ажиллагаа ихсэлт) сэжиглэж байвал цацраг идэвхт иодын шингээлт ба сканы шинжилгээ хийлгэж, хэрэв (иодын) өндөр шингээлт ажиглагдвал бамбайн эсрэг эмчилгээ Метимазолыг эхлүүлэх хэрэгтэй.Шинж тэмдэг бүхий Гипертиреоз нь хүн амын дунд нийтлэг тохиолдох бөгөөд тохиолдолын тоо ойролцоогоор 1% байдаг.¹ Ихэнх өрхийн эмч нар тиреотоксикозтой өвчтөнөө дотоод шүүрлийн эмч рүү яаралтай илгээдэг хэдий ч дотоод шүүрлийн эмч ховордож, эрэлт хэрэгцээ ихсэж байна.² Хэдэн долоо хоногоос хэдэн сар хүртэлх хугацаанаар хүлээх нь ч ердийн үзэгдэл болж байна.  Энэ хугацаанд өвчтөн зовуурь шаналгаатай байсаар байх нь элбэг юм. Харин энэ үед өрхийн эмч оношилгоо болон эмчилгээний хувьд олон зүйл хийх боломжтой. ДОТООД ШҮҮРЛИЙН ЭМЧИД ҮЗҮҮЛЭХЭЭР ХҮЛЭЭЖ БАЙХ ХУГАЦААНД ӨРХИЙН ЭМЧИЙН ХИЙЖ БОЛОХ ЗҮЙЛҮҮД: 1. Өвчтөнд илэрч буй зовуурь шаналгаа нь жинхэнэ гипертиреозийн улмаас үүссэн эсэх, эсвэл өөр шалтгаанаар илэрч байгааг тодорхойлохЖинхэнэ гипертиреозын шалтгаантай үед эдгэрэх магадлал бага хэдий ч тионамид (метимазол ба пропилтиоурацил), цацраг идэвхт иодын эмчилгээ (аблаци), эсвэл бамбай булчирхайг авах мэс засал зэрэг бамбай булчирхайд чиглэсэн эмчилгээнд үр дүн өгдөг. Харин хоёрдогч шалтгаантайгаар бамбайн даавар ихэссэн тиреотоксикозын бусад хэлбэрийн үед бамбай булчирхайд чиглэсэн эмчилгээ шаардлагагүй бөгөөд үр дүнгүй байдаг төдийгүй гаж нөлөө ихтэй байдаг. Хоёрдогч  шалтгаантай тиреотоксикозын үед нарийн шинжилгээ шаардагдахгүй байж болно. Гэсэн хэдий ч өвчтөнөөс левотироксин эсвэл бамбайн дааврын бусад бэлдмэл хэрэглэж байгаа эсэхийг, мөн жин хасах зорилгоор нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа эсэхийг зайлшгүй асууж тодруулах шаардлагатай юм.³ Түүнчлэн жоргүй олгогдог бусад биологийн нэмэлт бүтээгдэхүүн зэргийг тодруулах нь зүйтэй. Учир нь хоёрдогч шалтгаантай тиреотоксикозын гол эмчилгээ нь шалтгааныг олж, эмчилэх явдал юм.Жинхэнэ гипертиреоз ба тиреотоксикозын бусад хэлбэрүүдийг ялган оношилох нь нэн чухал. Үүний тулд цацраг идэвхт иодын шингээлт ба скан шинжилгээ зэрэг Алтан стандарт шинжилгээнүүдийг хийх явдал юм. Иодын шингээлтийг хэрэглэснээс хойш 24 цагийн дараа хэмждэг бол гамма сканы зургийг 24 цагийн дараа  авах бөгөөд эдгээр шинжилгээнүүд гь эмч нарт Грейвсийн өвчин (жигд, тэгш хэмтэй шингээлт), бие даасан ганц зангилаа (иод 123-ын төвлөрсөн том голомт), эсвэл бие даасан олон зангилаат бамбай (бамбай булчирхай даяар тархсан, толбо хэлбэрийн шингээлт) зэрэг өндөр шингээлттэй нөхцөл байдлыг ялгах боломжийг олгодог.Технеци 99м пертехнетатын сцинтиграфи нь бамбай булчирхайд хуримтлагдсан технецийг хэмждэг шинжилгээний арга бөгөөд хортой аденома эсвэл хортой олон зангилаат бамбай зэргийг тодорхойлох зорилгоор хийгддэг шинжилгээ юм.⁴ Эдгээр шинжилгээг цөмийн онош зүйн тасгаар дамжин захиална.Цацраг идэвхт изотоп ашигладаг шинжилгээ нь сүүлийн хэдэн долоо хоногт иоджуулсан тодосгогч бодис хэрэглэсэн эсвэл сүүлийн хэдэн сард Амиодарон хэрэглэсэн тохиолдлуудад иод 123 эсвэл технецийн аль алиных нь шингээлт хуурамчаар бага гарч болдогыг анхаараарай. Түүнчлэн жирэмжсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд цацраг идэвхт изотоп хэрэглэхийг хориглодог бөгөөд  эсрэг заалттай байдаг.⁵Дотоод шалтгаант гипертиреозын хамгийн түгээмэл шалтгаан болох Грейвсийн өвчний сонгодог илрэлийг дүрс оношилгооны аргыг ашиглалгүйгээр оношилж болдог. Харин ийлдэс дэх бамбай булчирхайг идэвхжүүлэгч иммуноглобулины (thyroid-stimulating immunoglobulins) түвшин нэмэгдсэнээр баталгаажуулж болно.⁴2. Тиреотоксикозын шинж тэмдгийг намдаах аргуудЗүрх дэлсэх, чичрэх, сэтгэл түгших зэрэг тиреотоксикозын шинж тэмдэгтэй амбулаторийн өвчтөнүүдэд тайван сууж, аль болох тайвшрахыг зөвлөдөг. Пропранолол эсвэл атенолол зэрэг ууж хэрэглэдэг бета-хориглогчийг дараагийн шинжилгээнд нөлөөлөхгүйгээр бичиж өгч болно. Гэхдээ астматай болон гуурсан хоолойн агшилт үүсэх эрсдэлтэй өвчтөнүүдэд бета-хориглогч хэрэглэх нь харьцангуй эсрэг заалттай болохыг санах хэрэгтэй.¹ Мөн бета-хориглогч нь зүрхний цохилт болон цусны даралтыг бууруулдаг тул эмчилгээний өмнө болон дараа зүрхний цохилт, цусны даралтыг хянах нь зүйтэй.Бусад бета-хориглогчтой харьцуулахад пропранолол нь илүү тохиромжтой бөгөөд өндөр тунгаар (өдөрт хэдэн зуун миллиграмм) хэрэглэхэд, Т4-ийг трийодтиронин (Т3) болгон хувиргах хувирлыг бууруулдаг болох нь тогтоогдсон.⁶ Амбулаторийн нөхцөлд пропранололыг өдөрт 3-4 удаа 10-40 мг тунгаар бичиж өгч болно. Эсвэл зүрхэнд илүү сонгомолоор нөлөөлдөг атенолол (өдөрт 1-2 удаа 25-100 мг) эсвэл метопролол тартрат (өдөрт 2-3 удаа 25-50 мг)-ыг хэрэглэж болно.⁴3. Жинхэнэ гипертиреозын үед бамбайн эсрэг эм эхлүүлэхДотоод шүүрлийн эмчийн үзлэг, зөвлөгөөг хүлээж буй жинхэнэ гипертиреозтой өвчтөнүүдийн хувьд метимазол эсвэл пропилтиоурацил зэрэг ууж хэрэглэдэг тионамидыг эмчилгээнд хэрэглэх нь зүйтэй бөгөөд эдгээр эмүүд нь бамбайн дааврын нийлэгжилтийг шууд дарангуйлдаг.⁷ Иймээс эдгээр эмүүдийг бүх оношилгоо, шинжилгээ дууссаны дараа эхлүүлэх нь хамгийн тохиромжтой юм.Жирэмсэн бус, насанд хүрсэн амбулаторийн өвчтөнүүдийн эмчилгээнд пропилтиоурацилтай харьцуулахад метимазолыг илүүд үздэг. Учир нь Метимазолыг бага давтамжтайгаар уудаг төдийгүй илрэх гаж нөлөө нь ч харьцангуй бага юм. Эхлэх тун нь эмнэлзүйн шинж тэмдэг болон тиреотоксикозын хүндийн зэргээс хамаарна. Метимазолын эхлэх тунг чөлөөт Т4-ийн утгад үндэслэн тооцохыг удирдамжууд болон олон тойм нийтлэлүүдэд зөвлөсөн байда.¹'⁴'⁷:Хэрэв чөлөөт Т4-ийн түвшин хэвийн дээд хязгаараас 1-1.5 дахин их байвал: Метимазол 5-10 мг өдөрт нэг удааХэрэв чөлөөт Т4-ийн түвшин хэвийн дээд хязгаараас 1.5-2 дахин их байвал: метимазол 10-20 мг өдөрт нэг удааХэрэв чөлөөт Т4-ийн түвшин хэвийн дээд хязгаараас 2-3 дахин их буюу түүнээс дээш байвал: метимазол 20-40 мг өдөрт хувааж хэрэглэнэ (жишээлбэл, 10-20 мг өдөрт хоёр удаа).Метимазол эхэлсний дараа бамбайн үйл ажиллагааны шинжилгээг (ялангуяа чөлөөт Т4 ба чөлөөт эсвэл нийт Т3) бамбайн үйл ажиллагаа хэвийн болох хүртэл нь 2-6 долоо хоног тутам, дараа нь дотоод шүүрлийн эмчийн зөвлөгөөг хүлээх зуур 8-12 долоо хоног тутам давтах хэрэгтэй.⁴'⁷ Т4-өөс гадна Т3-ыг үнэлэх шаардлагатай. Учир нь чөлөөт Т4 хэвийн болсон ч Т3 токсикоз үргэлжилж болно.⁴ Тиреотоксикоз сайжрах тусам метимазолын тунг бууруулах боломжтой.⁷Тионамид эхэлснээс хойш хэдэн сарын турш бамбайн TSH даавар дарангуйлагдсан хэвээр байж болохыг анхаарах хэрэгтэй. Тионамидууд нь элэгний хордлого, мөн агранулоцитоз эсвэл цитопени (цусны дүрст элементүүдийн тоо цөөрөх) үүсгэж болзошгүй байдаг. Харин Метимазол-той холбоотойгоор нийт өвчтөнүүдийн 6%-д тууралт гарсан тухай мэдээлэл бүртгэгдсэн байна⁷. Иймээс Метимазол эмчилгээг эхлэхээс өмнө тухайн өвчтөнд цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ) болон биохимийн шинжилгээ хийх хэрэгтэй. Метимазол ба Пропилтиоурацилыг нейтрофилийн тоо 1.0 × 10⁹/л-ээс бага (лавлах хүрээ 1.8–7.7 × 10⁹/л) эсвэл трансаминазын түвшин хэвийн дээд хязгаараас 5 дахин их байгаа тохиолдолд эмчилгээнд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.⁴ ДҮГНЭЛТТиреотоксикоз нь өрхийн эмчийн практикт түгээмэл тохиолддог эмгэг юм. Хамгийн зөв, тохиромжтой эмчилгээ нь бета-хориглогч бөгөөд цаашдын эмчилгээг дотоод шүүрлийн эмчтэй (магадгүй 2-4 долоо хоногийн дотор) яаралтай зөвлөлдөн шийдэх хэрэгтэй.Хэрэв дотоод шүүрлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хугацаа хүлээлт ихтэй байгаа тохиолдолд тиреотоксикозын шинж тэмдгийг намдаахын тулд бета-хориглогчийг яаралтай эхлүүлж, цацраг идэвхт иодын шингээлт ба сканы шинжилгээг хийлгэх шаардлагатай. Хэрэв иод шингээлт өндөр гарвал Метимазолыг эхлүүлж болно.Эх сурвалж: Lee SY, Pearce EN. Hyperthyroidism: a review. JAMA 2023; 330(15)Romeo GR, Hirsch IB, Lash RW, Gabbay RA. Trends in the endocrinology fellowship recruitment: reasons for concern and possible interventions. J Clin Endocrinol Metab 2020; 105Kang GY, Parks JR, Fileta B, et al. Thyroxine and triiodothyronine content in commercially available thyroid health supplements. Thyroid 2013; 23(10)Ross DS, Burch HB, Cooper DS, et al. 2016 American Thyroid Association guidelines for diagnosis and management of hyperthyroidism and other causes of thyrotoxicosis [published correction appears in Thyroid 2017; 27(11):1462]. Thyroid 2016; Drui D, Briet C, Guerin C, Lugat A, Borson-Chazot F, Grunenwald S. SFE-AFCE-SFMN 2022 consensus on the management of thyroid nodules: thyroid nodules and pregnancy. Ann Endocrinol (Paris) 2022; 83(6)Cooper DS, Daniels GH, Ladenson PW, Ridgway EC. Hyperthyroxinemia in patients treated with high-dose propranolol. Am J Med 1982; Sharma A, Stan MN. Thyrotoxicosis: diagnosis and management. Mayo Clin Proc 2019; 94(6)

Дэлгэрэнгүй
Сонсголын шванномагийн ховор тохиолдол
2025 оны 2-р сарын 20

Сонсголын шванномагийн ховор тохиолдол

Сонсголын Шваннома нь гавлын VIII хос мэдрэлийн үүдэвчийн салаанаас гаралтай, удаан ургалттай, хоргүй хавдар юм. Толгой, хүзүүнд тохиолдох нийт хоргүй хавдрын 35%-ийг эзэлж жилд дунджаар 10.4 сая тохиолдол шинээр бүртгэгддэг. Ихэвчлэн 30-60 насныханд хүйс хамааралгүй оношлогдоно.  Нийт тохиолдлын 90-ээс дээш хувьд нэг талын мэдрэлийг дарж ганц нэгээр үүсэх ба хэрэв хоёр талыг эсвэл олон тоотой бол нейрофиброматоз II хэвшинжтэй  холбоотой байж болно. Ихэнх судалгаануудаас үзвэл утасны хэрэглээ тархины хавдар (сонсголын шваннома багтана) үүсгэхэд нөлөөлнө гэж үзжээ. Мөн дуу чимээний бохирдол сонсголын шваннома үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Ихэнхдээ дотор акустик сувагт үүсэж бага тархи-гүүрний өнцгийг (БГӨ) хамарна. Хавдрын хэмжээ, байршлаас хамаарч эмнэлзүйн илрэл ялгаатай бөгөөд мэс засал эмчилгээний дараа ихэнхдээ дахидаггүй. Эмнэлзүйд  нэг талын давшингуй явцтай сонсгол бууралт, чих шуугилт илрэх ба хавдрын хэмжээ томрохын хэрээр бусад гавлын хос мэдрэлүүдийн дарагдлын шинжүүд (нүүрний саа, тэнцвэр алдагдал, толгой өвдөх) ажиглагдана. Сонсголын шванномаг нэн тэргүүнд менингиомагаас ялган оношлох шаардлагатай ба эд судлал болон иммунохистохимийн шинжилгээг хийж ялгана. Хистологид шванномаг илтгэх өвөрмөц Антони А – эсжилт ихтэй бүс ба эсүүд нь хашаа шиг эгнэн байрласан, бөөмүүд нь сунасан бүтэцтэй, Антони Б- сийрэг эсүүдийн бөөгнөрөл үүсгэсэн, цитоплзам нь салс ихтэй харагдахаас гадна сонсголын шванномагийн үед илүүтэй ажиглагдана.Эмнэлзүйн тохиолдол29 настай, эмэгтэй. Зовуурь: 2 чихний сонсгол буурна, шуугина, 2 нүд чилж өвдөнө, зүүн нүд анигдахгүй хуурайшна, 2 нүдний урдуур хар юм хөвнө, толгой эргэнэ, тэнцвэр алдагдана гэнэ. Мэдрэлийн эмчийн үзлэгээр нистагм (+), зүүн духны үрчлээ тэнэгэр, зүүн нүд анигдахгүй, зүүн хацраар хий алдана, зүүн амны булан унжсан, хэл баруун тийш татагдсан байв.Өвчний түүх: Архаг хууч өвчингүй, нэг жилийн өмнөөс чих шуугиж, толгой эргэн, тэнцвэр алдагдаж эхэлсэн. Зургаан сарын өмнө сонсгол шалгуулахад 2 чихний сонсгол буурсан байв. Хоёр сарын өмнө ...-ийн СРТ-ийн шинжилгээнд харуулж зүүн дотор чихний сувагт цагаан будаа шиг орчны эдээс сайтар зааглагдсан үүсгэвэр тодорхойлогдсон, зүүн талын XII мэдрэл хавагнаж зузаарсан тул Шваннома (Зураг 1A) гэж оношлогдож ...Э-т чихний дотор сувгаар дамжуулан хавдрыг авах мэс засал эмчилгээ хийгдсэн. Дотор сувгаар дамжуулан (translabyrinthine) хавдрыг авах мэс засал нь чихний ар хэсэгт зүслэг хийж арьс өөхөн эдээс чөлөөлж, хөхлөг сэртэнг авч (мастоидэктоми) , дотор чихний хөндийг араас нь нээн, дотор чихний сувгийг өрөмдөж хавдрыг гаргаж авдаг мэс засал юм. 3 см-с бага хэмжээтэй хавдрыг авахад тохиромжтой ба ойр орчмын сонсгол болон бусад мэдрэлийг гэмтээдэггүй, хүндрэл багатай мэс заслын сонголт юм.  Лабораторийн шинжилгээнд: HGB 10.8¯, HCT 34.7¯, MCV 76.9¯ цус багадалтын шинжтэй. Эд судлалын шинжилгээнд: Мэс заслаар авагдсан 4 ш 0.8х0.5х0.4 cм, 0.7х0.4х0.3 cм, 0.2х0.2х0.2 cм, 0.2х0.2х0.2 cм хэмжээтэй цайвар шаргал, зөөлөн эд ирж хистологид харахад тод будагдсан татагдсан бөөмтэй ээрүүл эсүүдээс бүрдсэн, үхжил болон митоз хуваагдал ажиглагдаагүй (Зураг 1B, C). Хашаа шиг эгнэн, шигүү байрласан ээрүүл эсүүд (Антони А) болон миксойд сийрэг (Антони В) эсгүй зураглалтай. Бусад ээрүүл эст хавдруудаас ялган оношлохын тулд Иммунохистохимийн S-100 эсрэгбиеэр эерэг будагдсан тул мэдрэлийн эсээс гаралтай, Шваннома гэж дүгнэсэн (Зураг 1D).Зураг 1. (A) Зүүн дотор чихний сувагт цагаан будааны ширхэг шиг орчны эдээс сайтар зааглагдсан үүсгэвэр (дугуйлж тэмдэглэсэн), зүүн талын XII мэдрэл хавагнаж зузаарсан (сумаар тэмдэглэсэн). Эд судлалын шинжилгээнд (В) нэгэн төрлийн татагдсан бөөмтэй ээрүүл хэлбэрийн эсүүд хашаа шиг эгнэн байрласан (Антони А) болон миксойд сийрэг эсгүй (Антони В) хэсгүүдтэй (ХЭ, х10). (С) Эдгээр эсүүдийн бөөм нь татагдсан, долгионтсон бөгөөд митоз хуваагдал, үхжил ажиглагдаагүй (x40). (Г) Иммунохистохимийн S-100 эсрэгбиеэр цитоплазмын будагдалттай тул эерэг гэж үнэлсэн (x10).Хэлцэмж: Шванномын 60%-аас дээш тохиолдлууд гавлын VIII хос мэдрэлээс гаралтай байдаг бол энэхүү тохиолдолд гавлын VII, VIII, XII хос мэдрэлийг хамарсан эмнэлзүйн шинж илэрсэн. Шваннома оношлогдсон 12 хүнд XII мэдрэл, 10 хүнд IX, X мэдрэл тус тус гэмтэж, 4 хүнд нүүрний саа, 4 хүнд бага тархи болон пирамид дарагдлын шинжүүд илэрсэн байна. Өөр нэг судалгаанд нэг талын сонсгол бууралт 80%, нэг талын чих шуугилт 6.3%, тэнцвэр алдагдах, толгой эргэх, толгой өвдөх шинж тус тус 3.8%, 3.4%, 2% илэрчээ. Сонсголын шванномаг эмчилсэн 1000 тохиолдол бүхий судалгаанаас үзвэл, VIII мэдрэлийн чихний дунгийн мэдрэл нийт тохиолдлын 95%-д гэмтэж, сонсгол алдагдал, чих шуугилт илэрсэн бол үүдэвчийн мэдрэл 61%, хөнгөнөөс дунд зэргийн тэнцвэр алдагдал, V мэдрэл 17%, нүүр бадайрах, өвдөх шинж, VII мэдрэл 6% , нүүрний саа, амт алдагдах, нүд хуурайших зэрэг шинжүүд илэрсэн. Дунджаар жилд 1.9 мм-ээр томрох ба 80-ээс дээш хувьд бага тархи-гүүрний өнцөгт тохиолдоно. Тодосгогчтой СРТ-аар жижиг хэмжээтэй хавдруудыг оношлох боломжтой ба тодосгогчгүй СРТ болон КТ-оор зарим тохиолдолд жижиг хавдрууд харагдахгүй байх магадлалтай.Эд судлалын шинжилгээнд ээрүүл эст хавдрууд болох Шваннома, Лейомиома, Нейрофиброма зэргийг өөр хооронд нь ялган оношлох хэрэгтэй болдог. Энгийн хематоксилин эозины будгийн аргаар дангаар нь ялгахад хүндрэлтэй байдаг тул нэмэлт иммунохистохимийн эсрэгбие ашиглах шаардлагатай болдог. Шванномаг Антони А болон Б зураглалаар нь нейрофибромагаас ялган оношилж болно. Мөн иммунохистохимийн S100 эерэгбие Шванномын эсүүдийн цитоплазмд тархмал, тод будагддаг бол нейрофиброма дээр сул, захын мэдрэлийн бүрхүүлээс гаралтай хортой хавдрын (ЗМБГХХ) тохиолдлын 50-60%-д сөрөг будагдана.CD34 эерэгбие нь нейрофиброма болон Шванномын Антони А зураглал дээр эерэг будагдана. Гэхдээ CD34 эерэг будагдалт нь өвөрмөц бус буюу бусад олон төрлийн хавдрууд (фибробласт, миофибробласт, фибро-хистоцит, судас, мэдрэл, өөх, гөлгөр булчин, нөсөөт болон эпителийн гаралтай хавдрууд)-ын  үед эерэг гарах тул захын мэдрэлийн бүрхүүлээс гаралтай (ЗМБГХ) хавдруудыг оношлох өвөрмөц маркер болж чаддаггүй. Sox10 нь ЗМБГХ-ыг мезенхимээс гаралтай хавдраас ялгахад тусална. Sox10, Калретин нь Шванномаг нейрофиброма болон менингиомаас ялган оношлоход тустай. Мөн Sox10 нь Шванномаг фибросаркома, лейомиосаркома болон синовиал саркомагаас тус тус ялгана. Бусад нестин, EGFR, p16, Ki-67 биомаркерууд нь ЗМБГХХ-ыг Шваннома болон нейрофибромагаас ялгана. Иймээс эд судлалын шинжилгээнд өвөрмөц хавдруудын ялган оношилгоонд батлах эсвэл үгүйсгэх зорилгоор иммунохистохимийн эсрэгбие ашиглах шаардлагатай байна.Дүгнэлт: Шваннома нь эмнэлзүйд нэг талын сонсгол алдагдлаар илэрч дүрс оношилгоогоор эрт үедээ оношлогдох боломжтой тавилан сайтай хавдар юм. Гэхдээ эд судлалын шинжилгээ, иммунохистохимийн эерэгбиеийн тусламжтай оношийг баталгаажуулах нь цаашдын эмчилгээнд ач холбогдолтой.Эмнэлзүйн тохиолдлыг бичсэн:Э.Халиун1, Э.Энхжин1, П.Гантуяа1, З.Ганцэцэг1, Д.Нямдулам1, М.Уугантамир1, А.Цэнд-Аюуш3, Э. Жаргалхүү3,   Б . Халиун4, Ш.Тунгалагтамир5, Б.Уранчимэг2, З.Энхзул2, Э.Баярмаа1,2, , Л.Саямаа1,21 -АШУҮИС, БАС, Эмгэг Судлал, Шүүх Эмнэлгийн Тэнхим,  2- АШУҮИС, МЯЭ, Эмгэг судлалын тасаг,  3 -АШУҮИС, МЯЭ, Чих хамар хоолойн тасаг,  4 -АШУҮИС, МЯЭ, Дүрс оношилгооны тасаг, 5 -АШУҮИС, МЯЭ, Мэдрэл судлалын тасаг

Дэлгэрэнгүй
Өвдөлт үл мэдрэх, үл хөлрөх төрөлхийн эмгэгийн ховор тохиолдол
2025 оны 3-р сарын 27

Өвдөлт үл мэдрэх, үл хөлрөх төрөлхийн эмгэгийн ховор тохиолдол

Удамшлын мэдрэхүй ба ургал мэдрэлийн невропати IV (hereditary sensory and autonomic neuropathy type IV; HSAN4) буюу өвдөлт үл мэдрэх, үл хөлрөх төрөлхийн эмгэг (congenital insensitivity to pain with anhidrosis; CIPA) нь аутосомын рецессив хэлбэрээр удамшдаг нэн ховор тохиолдох генетикийн эмгэг юм. Биеийн хромосомд байрлах генийн мутациар удамшдаг эмгэг тул эмэгтэй, эрэгтэй хүмүүс адилхан өвчилнө. Энэхүү эмгэгийн тухай 1963 онд Свансон нарын эрдэмтэд анх мэдээллэсэн. Дэлхий даяар тохиолдлын давтамж бүрэн тодорхойгүй ба одоогийн байдлаар Хүний генийн мутацийн мэдээллийн санд (Human Gene Mutation Database)  NTRK1 генийн мутацийн шалтгаант CIPA эмгэгийн 128 тохиолдол бүртгэгдсэн байна. NTRK1 ген нь мэдрэлийн өсөлтийн хүчин зүйл (NGF)-ийн тирозин киназа рецептор TrkA-г кодлодог. NTRK1 генийн мутаци үүссэнээр үр хөврөлийн хөгжлийн явцад NGF хамааралт ноцицептив мэдрэхүйн мэдрэлийн эсүүдийг апоптозод оруулж өвдөлтийн импульс дамжих боломжгүй болж, хөлсний булчирхайг мэдрэлжүүлдэг симпатик мэдрэлийн эсүүдийг апоптозод оруулснаар ангидроз үүсдэг.Эмнэлзүйд илрэх үндсэн шинжүүд нь өвдөлт үл мэдрэх, үл хөлрөх (ангидроз), оюуны хомсдол зэрэг юм. Өвчтөн бүх төрлийн өвдөлтийг (дотор эрхтний өвдөлтийг оролцуулан) мэдэрдэггүйгээс дараах төрлийн гэмтлүүдэд дахин давтан өртөх ба ясны эмгэгүүдээр өвдөх эрсдэл өндөр байдаг. Үүнд: Хэл, завьж, амны салст, хурууны үзүүр, хумсаа хазах, мэрж авах гэх мэт өөрийгөө гэмтээх зан үйл бага наснаас эхлэх (ихэнхдээ анхны шүд цухуйж эхлэх үеэс), түлэгдэх, үүссэн шархны эдгэрэлт удаашрах, халдварлаж хүндрэх, амьдралынхаа туршид ясны хугаралд олон дахин өртөх, ясны бороололт удаашрах, ясны үрэвслээр хүндрэх, гэмтсэн яс хэмжээгээр томорч эмгэгээр эдгэрэх, үений мултралд олон дахин өртсөнөөс үений гажилт, Charcot-н үе үүсэх, давшингуй явцтайгаар нурууны муруйлт үүсэх зэрэг багтана. Өвчтний хүрэлцэх, доргионы, байршлын мэдрэхүй хэвийн байдаг. Хөлөрдөггүйн улмаас биеийн дулаан зохицуулалт алдагдаж, давтамжтай байнгын халууралт үүсч (нярай үеээс эхлэх), ямар нэгэн халууралтат эмгэгийн үед халуун буулгах эмчилгээнд тэсвэртэй байх, өндөр халууралтаас таталт үүсэх зэрэг нь NTRK1-CIPA эмгэгийн хамгийн эхний үндсэн шинж болдог. Хүйтэн орчинд гипотерми мөн үүснэ. Өвчтнүүдийн дийлэнхид хөнгөнөөс дунд зэргийн оюуны хомсдол ажиглагддаг ба анхаарал дутмагшил/хэт хөдөлгөөнтөх эмгэг, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал зэрэг сэтгэцийн эмгэгүүд нийтлэг илэрнэ.Ялган оношилгооАливаа генетикийн эмгэгийн үед илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдийг тус тусад нь авч үзвэл өвөрмөц биш боловч бүхэлд нь үнэлбэл өвөрмөц фенотипийг бий болгодог. Гэсэн хэдий ч CIPA эмгэгийг 5-аас доош насанд зөвхөн эмнэлзүйн шинжүүдэд үндэслэн оношлоход хүндрэлтэй хэмээн олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдэд дурьдсан байдаг. CIPA эмгэгийг дараах төрөлхийн өвдөлт мэдэрдэггүй шинжээр илэрдэг генийн эмгэгүүд ба төстэй шинжээр илэрдэг олдмол эмгэгүүдээс ялган оношилно. Үүнд:Ø  Удамшлын эмгэгүүд:-       Ясны төгс бус хөгжил (Osteogenesis imperfecta)-       Гипогидротик эктодермисийн дисплази-       Гэр бүлийн дисавтономи (HSAN III)-       Леш-Нихан синдром (Lesch-Nyhan syndrome)-       MPV17-related hepatocerebral mitochondrial DNA depletion syndrome-       NGF-CIPA  (HSAN V)Ø  Олдмол эмгэгүүд:-       Уяман өвчин (Leprosy)-       ГэмтэлБидний танилцуулж буй тохиолдлыг дүгнэхэд нярай үеэс эхлэн олон удаа эмнэлэгт хандан, эмчилгээ хийлгэж байсан хэдий ч үндсэн өвчин оношлогдолгүй өнгөрдөг байсан. Үүний шалтгаан нь туйлын ховор тохиолдох CIPA (Congenital insensitivity to pain with anhidrosis) эмгэгийн тухай эмч мэргэжилтнүүд бидний мэдлэг, мэдээлэл дутмаг тул цаашид дэлгэрүүлэн судлах хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна.ЭмчилгээCIPA генетикийн эмгэг тул шалтгааны өвөрмөц эмчилгээ үгүй. Эмгэгийг эрт оношилж, цаашдын олон талт менежментийг хүүхэд, ортопед, шүд, нүд, арьс судлалын чиглэлээр мэргэшсэн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр цогц тусламж үйлчилгээг үзүүлэх нь чухал. Үндсэн эмчилгээ нь дэмжих, аливаа өвчний хүндрэлээс сэргийлэхэд чиглэгдэнэ. Эмнэлзүйн тохиолдолӨвчтөн Х, 12 настай, эмэгтэй 2022 оны 11 сард ...эмнэлгийн Удамзүйн зөвлөгөө өгөх кабинетад эцэг эхийн хамт ирж үзүүлэн, зөвлөгөө авсан.Зовуурь: Хүүхэд өвдөлт мэдэрдэггүй, хөлөрдөггүй, орчны дулааны нөлөө, халууралтанд их мэдрэг ба бие тавгүйцэж, чичирдэг, хүүхэд өөрөө завьж, хэл, хумсаа гэмтээх зуршилтайгаас үе үе амны хөндийн салст, хэл, хурууны арьс шархалдаг. Шүд амархан цоорч үрэвсдэг, амны салст ба биеийн арьсан дээр үүссэн шарх эдгэхдээ маш удаан, гар хөлийн хумснууд байхгүй. Өмнө нь хэд хэдэн удаа яс хугарч байсан ба бороололт маш удаан, ясанд бүтцийн өөрчлөлт үүсч буруу бороолдог, одоо нуруу ба аарцаг муруйлттай, 2 хөл урт богино болсон.Анамнез: 21 хоногтойд тодорхой шалтгаангүйгээр гэнэт өндөр халуурч (39-40ºC) ...эмнэлгийн нярайн тасагт хэвтсэн. Эмчлэгдэх явцад халууралтын шалтгааныг тодруулах бүх төрлийн шинжилгээ хийсэн ч эмгэгүүд үгүйсгэгдэж, тодорхой шалтгаангүйгээр халууралт 45 орчим хоног үргэлжилсэн. Хүүхэд цаашид 5-6 нас хүртлээ биеийн дулаан хэлбэлздэг, тодорхой шалтгаангүйгээр халуурч, халуун буухдаа удаан байх байдал нь ойрхон давтамжтай байсан. Одоо давтамж холдсон хэдий ч орчны дулааны өөрчлөлт ба халууралтанд их мэдрэг хэвээр. Амны салст, хэлээ гэмтээх байдал нь 3-4 сартайгаас эхэлсэн ба шүд цухуйж эхлэх үеэс улам ихэссэн, товлолын вакцин гэх мэт тарилга хийлгэхдээ огт уйлдаггүй байсан.Бодит үзлэг: Хүүхдийн биеийн байдал дунд. Нүүр тэгш бус хэмтэй, нүүрний доод хэсэг, эрүү баруун тийш муруйлттай, нүд хоорондын зай бага зэрэг хол. Хэл, амны салст, чийглэг, завьжны хэсэгт эдгэрч буй нэг шархтай, хэд хэдэн шүд ломботой, зарим араа шүд ургаагүй. Арьс хуурай, баруун талын эгэмний дээр, хүзүүнд, баруун далны доод хэсэгт, баруун гарын тохойн хэсэгт, зүүн хөлийн өвдөгний хэсэгт мэс заслын сорвитой, 2 гарын хурууны хумснууд үгүй, тавшиж эдгэсэн, зарим хуруунуудын үе орчмын арьсанд товойж эдгэсэн сорвитой, 2 хөлийн хумснууд мөн үгүй, баруун хөлийн эрхий хурууны доод хэсэгт эдгэрэлт их удааширч буй шархтай, боолттой, биеэр цөөн, 1-2 см хэмжээтэй, кофены өнгөтэй толбон тууралттай, арьсны уян хатан чанар хэвийн. Багана нуруу муруйлттай, цээжний хэлбэр зөв бус. Мөчид нарийхан, баруун гарын тохойн үений хэлбэр алдагдаж, товойж муруйж эдгэсэн, үеэр бүрэн тэнийхгүй (5 настайд үүссэн хугарлаас хойш), зүүн өвдөгний үений хэлбэр мөн алдагдсан, хөдөлгөөн чөлөөтэй, аарцаг зүүн тийш муруйлттай, 2 хөл урт богино.Лаборатори, дүрс оношилгооны шинжилгээ Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд гипохромын, микроцитийн хөнгөн зэргийн цус багадалт. Биохимийн шинжилгээнд гиперфосфатеми, гипокальцеми, шүлтлэг фосфатаза ихэссэн. Иммунологийн шинжилгээнд паратгормон ихэссэн - өөрчлөлтүүд илэрсэн ба лабораторийн бусад шинжилгээнүүдэд өөрчлөлтгүй.Электронейрографи/электромиографийн шинжилгээнд зүүн хөлд N.Peroneus-ын дисталь хэсгийн хөдөлгөөний хариу потенциалын амплитуд эрс буурсан, захын латенц уртассан, хурд Fibula ясны толгой хэсгээс тахимны хонхрын хооронд удааширсан, мэдрэхүйн хариу үүсээгүй. N.Tibialis-ын хариу потенциал хэвийн үүснэ.Бүтэн биеийн рентген шинжилгээнд нурууны муруйлт, аарцаг ясны тэнхлэг алдагдал, мөчдийн ясны өөрчлөлт, зарим үенүүдийн деформаци өөрчлөлт илэрсэн.Рентген шинжилгээнд илэрсэн яс ба үений өөрчлөлтүүд: (1-2) нурууны сколиоз ба кифоз, Т10, 11, 12-ын дарагдал хугарал, (3-4) аарцаг ясны тэнхлэг алдагдаж, зүүн тийш хазайсан, (4-5) зүүн талын дунд чөмөгний түвшин баруунаас доор байрласан, (6-7) баруун тохойн үений бүтэц алдагдаж, деформаци өөрчлөлт, нугаларсан склеротик өөрчлөлт үүссэн.Генетикийн шинжилгээ:  БНСУ-ын ... эмнэлэгт молекул генетикийн шинжилгээгээр  NTRK1 генийн мутаци илэрсэн.Мэдрэлийн дамжуулалтын шинжилгээгээр (Nerve conduction studies) дээд ба доод мөчдийн мэдрэхүйн гүнзгий алдагдал, дээд ба доод мөчдийг тэгш хэмтэй хамарсан мэдрэхүйн захын полиневропати (мэдрэлийн аксоны алдагдал) илэрсэн. Арьсны симпатик хариу урвалын шинжилгээгээр (Sympathetic skin response) хариу урвал илрээгүй.Эмнэлзүйн тохиолдлыг бичсэн: Б.Мөнхсайхан1, Н.Цэрэндулам1, Б.Туул1, П.Болортулга1, П.Жамьян1, М.Энхзол21-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв2-АШУҮИС, АУС, Хүүхдийн Анагаахын тэнхим

Дэлгэрэнгүй
Түгээмэл
Асуулт хариулт