Өвдөлт нь эд эсийн гэмтлийн улмаас үүссэн хүнд мэдрэгдэх тааламжгүй мэдрэмж, сөрөг сэтгэл хөдлөлийн илрэл хэмээн тодорхойлсон байдаг. Өвдөлтийг хугацаагаар нь : 14 хоногийн дотор илэрсэн бол цочмог, 14 хоногоос дээш илэрсэн бол архаг гэж үзнэ. Цочмог өвдөлт нь илаарших боломжтой байдаг бол архаг өвдөлт илаарших боломж харьцангуй бага байдаг.
Өвдөлтийн шинж чанараар нь базах, нухах, хатгуулах, янгинах, бадайрах гэх мэтээр ангилж болдог бол давтамжаар нь байнгын, завсарлагатай, сэдэрдэг гэж ангилдаг. Мэдрэлийн дамжуулалтаар нь нососептив, невропатик болон холимог гэж ангилдаг.
Нососептив өвдөлт нь цочмог хэлбэрээр илэрдэг бөгөөд өвдөлт өгсөн шалтгаан нь ихэвчлэн тодорхой байдаг. Тухайлбал: Мэс ажилбарын дараа, гэмтлийн дараа, түлэгдлийн дараа гэх мэт юм. Механик, хими эсвэл дулааны зүйлээс болж эд эс гэмтэхэд мэдрэлийн төгсгөл цочирч нососептив мэдрэлийн ширхэг нь өвдөлтийг мэдэрдэг. Өвдөлт нь тодорхой байрлалтай байх ба хөдөлгөөнд дорддог. Нососептив өвдөлт нь тухайн өвчний үндсэн эмэнд дарагддаг онцлогтой.
Невропатик өвдөлт нь архаг явцтай байх бөгөөд төв болон захын мэдрэлийн тогтлолцоонд мэдрэл мэдрэл гэмтсэн, дарагдсантай холбоотойгоор үүсдэг. Өвдөлтийн онцлог нь ихэвчлэн бадайрах, хорсох, халуун оргих, жирвэгнэх зэрэг мэдрэлийн талын өвдөлтүүд давамгай илрэхээс гадна хавдар ойролцоох эд эрхтэнийг дарснаас, эсвэл амбутацийн дараа зэрэг үүсдэг. Невропатик өвдөлт үндсэн эмэнд дээр нэмэх нь туслах эмүүдийг хэрэглэснээр өвдөлт буурдаг онцлогтой.
Өвдөлтийн зэргийг тоон үнэлгээний арга (Numerical rating scale), харааны арга (Visual Analogue scale) буюу нүүр царайны илрэлээр өвдөлтийг үнэлэх (Faces pain scale revised) зэрэг аргуудаар үнэлж болдог.
Өвдөлтийг зөв үнэлсэн байх шаарлагатай
Цочмог өвдөлтийн үед богино үйлчилгээтэй эмийг хэрэгцээтэй үед нь өгөх хэрэгтэй
Архаг өвдөлтийн үед удаан үйлдэлтэй эмийг суурь эм болгох бөгөөд богино үйлдэлтэй эмийг сэдэрсэн өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэх нь хамгийн сан үр дүн үзүүлдэг.
Опоид эмэнд невропатик өвдөлт сайн намдахгүй байвал сэтгэл гутралын эсрэг эсвэл уналт таталтын эсрэг туслах эмүүдийг нэмэлтээр хэрэглэх нь үр дүн сайтай байдаг.
Өвдөлт намдаах эмийг гарааны тунгаах эхэлж өгөх бө цаашид тунг нэмж болно.
1. Опийн бус эм /парацетамол, анальгин, ибупрофен, диклофенак гэх мэт/
2. Опийн бүлгийг эм /Трамадол, кодеин, морфин, фентанил гэх мэт/
3. Туслах эм /Амитриптилин, карбамезапин гэх мэт/ гэж ангилдаг бөгөөд ДЭМБ-аас өвдөлтийн зэргээс шалтгаалан эмийн эмчилгээг хэрхэн сонгох тухай эмчилгээний 3 үе шатыг дараах маягаар зөвлөсөн байдаг. Үүнд:
1 шат буюу Бага зэргийн өвдөлтийн үед: Опийн бус эм +/- NSAID
2 шат буюу Дунд зэргийн өвдөлтйн үед: Сул опийн бүлгийн эм (Трамадол эсвэл Кодейн) +/- NSAID шаардлагатай бол туслах эмийг хавсарч хэрэглэж болно.
3 шат буюу Хүнд зэргийн өвдөлтийн үед: Хүчтэй опийн бүлгийн эм (Морфин) +/-NSAID + шаардлагатай бол туслах эмийг хавсарч хэрэглэж болно.
Өвдөлтийн үед хэрэглэгдэх энэхүү менежментийг зөв, зохистой хийсэн тохиолдолд эмэнд дасах, хамааралтай болох асуудал үүсдэггүй.
- NSAID нь циклооксигенз изоинземийг дарангуйлснаар халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвсэл дарах үйлчилгээтэй
- Бага зэргийн өвдөлт, ялангуяа үрэвслээс үүдэлтэй өвдөлтөнд илүү үр дүнтэй.
- Тунг хэтрүүлсэн тохиолдолд ходоодноос цус алдах, ходоодны шарх үүсэх, ялтас цөөрөх болон бөөрний дутагдал үүсгэх эрсдэлтэй. Иймээс ходоодны шархтай болон бөөрний дутагдалтай өвчтөнд хориглох заалттай.
- Опийн бүлгийн эмүүд нь төв болон захын мэдрэлийн өвдөлтийг бууруулах замаар өвдөлт намдаах үйлчилгээ үзүүлдэг.
- Опийн бүлгийн эмийн тунг өвчтөний хэрэгцээнд тохируулан өөрчилж болдог.
- Тунг уухаар, арьсаар, хэлэн доор, судсаар, шулуун гэдсээр, нугасаар, хатуу хальсаар дамжуулан өгч болно.
- Өвдөлт намдаах туслах эмийг опийн бүлгийн эмтэй хавсарч хэрэглэх нь үр дүн сайтай байдаг. Учир нь өвдөлт намдаах туслах эм нь опийн өвдөлт намдаах индексийг ихэсгэж, гаж нөлөөг нь багасгадаг.
- Невропатик өвдөлттэй хүмүүсийн 1/3 нь сэтгэл гутралын эсрэг гурван цагирагт эм хэрэглэснээр өвдөлтгүй болдог байна
- Өвдөлт намдаахад бага тунгаар хэрэглэддэг хэдий ч үйлчлэл нь харьцангуй эрт эхэлдэг байна.
- Таталтын эсрэг Габапентинийг архаг невропатийн өвдөлтийн эмчилгээнд өргөн хэрэглэдэг төдийгүй хагалгааны дараах невралги, чихрийн шижингийн невропати зэргийн үед өвдөлт намдаах зорилгоор хэрэглэх нь илүү үр дүнтэй байсан тухай тэмдэглэсэн байдаг.
- Карбамезапенийг гурвалсан мэдрэлийн өвдөлт болон чихрийн шижингийн невропатийн үед тус тус хэрэглэснээр невропат өвдөлт буурдаг байна.
Ашигласан эх сурвалж
https://medicalguidelines.msf.org/en/viewport/CG/english/pain-16689104.html
The Washington Manual of Outpatient Internal Medicine, Second Edition