Анагаах ухааны цахим сургалт
Яагаад
Цахим сургалт гэж?
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Та ажил, гэр, сургууль мөн жижүүрт хонох үедээ интернэт холболт бүхий ямар ч төрлийн төхөөрөмж ашиглан суралцах боломжтой.
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Та байгаа газраасаа цахимаар суралцсанаар цаг хугацаа төдийгүй, мөнгөө хэмнэж өөрт хэрэгцээтэй сургалтыг авах боломжтой.
Сургалтыг та өөрөө удирдана
Сургалтыг та өөрөө удирдана
Цахим сургалтаар та багшаа, сургалтын аргаа, сургалтын хурдыг, сургалтын сэдэв болон дэс дараалал зэргийг бүрэн удирдах боломжтой.
Танд санал болгох
Багцын мэдээлэл

6 сарын багц

69,900₮

6 сард нэг удаа төлнө

  • 2 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 10% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах

1 жилийн багц

99,900₮

Жилд нэг удаа төлнө

  • 3 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Онцлох хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 20% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах
Сүүлийн үеийн
Нийтлэлүүд
Тэмбүүгийн шалтгаант ходоодны шархлаа өвчний тохиолдол
2025 оны 3-р сарын 28

Тэмбүүгийн шалтгаант ходоодны шархлаа өвчний тохиолдол

Тэмбүү нь Treponema pallidum-р үүсгэгддэг, архаг удаан явцтай, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоо /арьс салст, дотор эрхтэн, мэдрэл, тулгуур хөдөлгөөний эрхтэнг гэмтээдэг, урагт дамжин халдварладаг бэлгийн замын халдварт өвчин юм. Тэмбүүгийн шалтгаант ходоодны шархлаа нь нийт тэмбүүтэй өвчтөнүүдийн зөвхөн 1%-д тохиолддог боловч тэмбүүгийн өвчлөл дэлхий даяар нэмэгдэж байгаа тул эмч нар энэ эмгэгийн талаар мэдээллэлтэй байх шаардлагатай. Тэмбүүгийн шалтгаант ходоодны шарх нь хоёрдугаар үеийн тэмбүүтэй өвчтөнүүдэд 50%, гуравдугаар үеийн тэмбүүтэй өвчтөнүүдэд 6% тохиолддог. Өвчтөнүүдийн 92% хэвлийн өвдөлт, 71% дотор муухайрах, бөөлжих, 60% биеийн жин буурах эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг. Ходоодны дурангийн шинжилгээгээр өвөрмөц шинж тэмдэг илрэхгүй боловч ходоод, дээд гэдэсний шархлаат өөрчлөлт түгээмэл тохиолддог.Тэмбүүгийн шалтгаант ходоодний эмгэг өөрчлөлт нь гастроэнтерологийн хүрээнд төдийлөн дурдагддаггүй ч 1834 онд Андрал тэмбүүгийн шалтгаант ходоодны эмгэгийн 2 тохиолдлыг нийтлүүлснээс хойш анагаах ухааны судалгааны сэдэв байсаар ирсэн. Ходоодны тэмбүүгийн дундаж нас 39, 21-78 насанд тохиолддог. Нийт тохиолдлын 63% эрэгтэйчүүд, ялангуяа эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон хүмүүс тохиолддог. Ходоодны дурангийн шинжилгээнд салст бүрхүүлийн хаван, өнгөц шархлаа, мөхлөгт өөрчлөлт, гипертрофийн өвөрмөц бус шинж тэмдэгээр илэрдэг өвчин юм.  Бидний тохиолдолд 27 настай эмэгтэйд хэвлийн дээд хэсгээр өвдөх, суулгах, 39 хэм хүртэл халуурах, хоолой өвдөх шинж тэмдгээр илэрч эхэлсэн бөгөөд ходоодны хавдар сэжиглэн хоёр удаагийн дурангаар эдийн шинжилгээ авагдсан.Эмнэлзүйн тохиолдол27 настай, эмэгтэй. Зовиур: Хэвлийн дээд хэсгээр өвдөнө. Дотор муухайрч огиулна. Хоолны дуршил буурсан. Турна. Өглөөгүүр хааяа ногоон өнгийн цэртэй ханиалгана гэнэ.Өвчний түүх: 2023 оны 8-р сарын сүүл үеэс хэвлийн дээд хэсгээр өвдөж эхлэн ... эмнэлэгт үзүүлэн ходоод дурандуулж ходоодны шарх оношлогдсон. Хэвлийн өвдөлт намдахгүй байсан тул дахин ... ГЭТ-н эмчид үзүүлэн давтан ходоод дурандуулж эдийн шинжилгээ авч нэмэлт шинжилгээ бүрдүүлж 10 хоног ГЭТ-д хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэх хугацаанд серологи шинжилгээ өгч тэмбүү оношлогдсон. Шинжилгээнд: Ийлдэс судлал (2023.10.11): RPR/+/, TPHA/+/, Anti-HIV/-/, (2023.11.01): RPR титр 1:16, TP- Ab ELISA – positive  Багажийн шинжилгээ:Ходоодны дуран: Ходоодны дуран: 2023.09.14 /УНТЭ/ Sedated gastroscopy: Esophagus: GERD grade A. Stomach: Diffuse superficial gastritis. Atrophic gastritis C-II. Ulcerative lesion on the prepylorus, angulus and antrum size 1.5-2.0 cm. Biopsy was taken. Duodenum: Normal. Recommendation: Follow up after treatment. Check result biopsy.Эдийн шинжилгээ: 2023.09.15 Ходоод, гарах хэсэг: Архаг идэвхит шархлаат гастрит, лимфофолликуляр хиперплази /K29.5/ Хеликобактери /+++/ЭМНЭЛЗҮЙН ОНОШ: Chronic multiple ulcers on the prepylorus, angulus and antrum, size 1.5- 2.0cm. Acute tonsillitis. Obesity I st. DDS: Gastric syphilis ҮР ДҮН: Эмийн эмчилгээнд хэвлийн өвдөлт намдаж, зовуурь багасан эмнэлгээс гарсан. 1 сарын дараа ходоодны дуран давтан хийлгэж биопси авах, ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замын халдварт өвчний төвд хандан оношилгоо эмчилгээг үргэлжлүүлэхийг зөвлөн эмнэлгээс гаргасан.Дүгнэлт: Монгол улсад хоол боловсруулах замын тэмбүүгийн тархалт, эмчилгээний үр дүнгийн талаар хийгдсэн судалгаа одоогоор байхгүй байна. Батлагдсан өвчтөнүүдийн 83% нь пенициллины бүлгийн антибиотик эмчилгээнд шинж тэмдэг арилж байсан бол 17% нь хавдар гэж андуурагдан оношлогдсоны улмаас мэс засал эмчилгээ хийлгэсэн байна. Тэмбүүгийн шалтгаант ходоодны шархлаа УНТЭ-ийн ГЭТөвд анх удаа тохиолдон бүртгэгдлээ.Дэлгэрэнгүйг: Эмнэлзүйн ховор тохиолдол #4, УНТЭ. 2023 товхимолоос уншина уу.Эмнэлзүйн тохиолдлыг бичсэн: Бү.Болормаа, Д.Ариунзул, Л.Энхжаргал, Б.Энхчулуун, О.Баярмаа

Дэлгэрэнгүй
Сонсголын шванномагийн ховор тохиолдол
2025 оны 2-р сарын 20

Сонсголын шванномагийн ховор тохиолдол

Сонсголын Шваннома нь гавлын VIII хос мэдрэлийн үүдэвчийн салаанаас гаралтай, удаан ургалттай, хоргүй хавдар юм. Толгой, хүзүүнд тохиолдох нийт хоргүй хавдрын 35%-ийг эзэлж жилд дунджаар 10.4 сая тохиолдол шинээр бүртгэгддэг. Ихэвчлэн 30-60 насныханд хүйс хамааралгүй оношлогдоно.  Нийт тохиолдлын 90-ээс дээш хувьд нэг талын мэдрэлийг дарж ганц нэгээр үүсэх ба хэрэв хоёр талыг эсвэл олон тоотой бол нейрофиброматоз II хэвшинжтэй  холбоотой байж болно. Ихэнх судалгаануудаас үзвэл утасны хэрэглээ тархины хавдар (сонсголын шваннома багтана) үүсгэхэд нөлөөлнө гэж үзжээ. Мөн дуу чимээний бохирдол сонсголын шваннома үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Ихэнхдээ дотор акустик сувагт үүсэж бага тархи-гүүрний өнцгийг (БГӨ) хамарна. Хавдрын хэмжээ, байршлаас хамаарч эмнэлзүйн илрэл ялгаатай бөгөөд мэс засал эмчилгээний дараа ихэнхдээ дахидаггүй. Эмнэлзүйд  нэг талын давшингуй явцтай сонсгол бууралт, чих шуугилт илрэх ба хавдрын хэмжээ томрохын хэрээр бусад гавлын хос мэдрэлүүдийн дарагдлын шинжүүд (нүүрний саа, тэнцвэр алдагдал, толгой өвдөх) ажиглагдана. Сонсголын шванномаг нэн тэргүүнд менингиомагаас ялган оношлох шаардлагатай ба эд судлал болон иммунохистохимийн шинжилгээг хийж ялгана. Хистологид шванномаг илтгэх өвөрмөц Антони А – эсжилт ихтэй бүс ба эсүүд нь хашаа шиг эгнэн байрласан, бөөмүүд нь сунасан бүтэцтэй, Антони Б- сийрэг эсүүдийн бөөгнөрөл үүсгэсэн, цитоплзам нь салс ихтэй харагдахаас гадна сонсголын шванномагийн үед илүүтэй ажиглагдана.Эмнэлзүйн тохиолдол29 настай, эмэгтэй. Зовуурь: 2 чихний сонсгол буурна, шуугина, 2 нүд чилж өвдөнө, зүүн нүд анигдахгүй хуурайшна, 2 нүдний урдуур хар юм хөвнө, толгой эргэнэ, тэнцвэр алдагдана гэнэ. Мэдрэлийн эмчийн үзлэгээр нистагм (+), зүүн духны үрчлээ тэнэгэр, зүүн нүд анигдахгүй, зүүн хацраар хий алдана, зүүн амны булан унжсан, хэл баруун тийш татагдсан байв.Өвчний түүх: Архаг хууч өвчингүй, нэг жилийн өмнөөс чих шуугиж, толгой эргэн, тэнцвэр алдагдаж эхэлсэн. Зургаан сарын өмнө сонсгол шалгуулахад 2 чихний сонсгол буурсан байв. Хоёр сарын өмнө ...-ийн СРТ-ийн шинжилгээнд харуулж зүүн дотор чихний сувагт цагаан будаа шиг орчны эдээс сайтар зааглагдсан үүсгэвэр тодорхойлогдсон, зүүн талын XII мэдрэл хавагнаж зузаарсан тул Шваннома (Зураг 1A) гэж оношлогдож ...Э-т чихний дотор сувгаар дамжуулан хавдрыг авах мэс засал эмчилгээ хийгдсэн. Дотор сувгаар дамжуулан (translabyrinthine) хавдрыг авах мэс засал нь чихний ар хэсэгт зүслэг хийж арьс өөхөн эдээс чөлөөлж, хөхлөг сэртэнг авч (мастоидэктоми) , дотор чихний хөндийг араас нь нээн, дотор чихний сувгийг өрөмдөж хавдрыг гаргаж авдаг мэс засал юм. 3 см-с бага хэмжээтэй хавдрыг авахад тохиромжтой ба ойр орчмын сонсгол болон бусад мэдрэлийг гэмтээдэггүй, хүндрэл багатай мэс заслын сонголт юм.  Лабораторийн шинжилгээнд: HGB 10.8¯, HCT 34.7¯, MCV 76.9¯ цус багадалтын шинжтэй. Эд судлалын шинжилгээнд: Мэс заслаар авагдсан 4 ш 0.8х0.5х0.4 cм, 0.7х0.4х0.3 cм, 0.2х0.2х0.2 cм, 0.2х0.2х0.2 cм хэмжээтэй цайвар шаргал, зөөлөн эд ирж хистологид харахад тод будагдсан татагдсан бөөмтэй ээрүүл эсүүдээс бүрдсэн, үхжил болон митоз хуваагдал ажиглагдаагүй (Зураг 1B, C). Хашаа шиг эгнэн, шигүү байрласан ээрүүл эсүүд (Антони А) болон миксойд сийрэг (Антони В) эсгүй зураглалтай. Бусад ээрүүл эст хавдруудаас ялган оношлохын тулд Иммунохистохимийн S-100 эсрэгбиеэр эерэг будагдсан тул мэдрэлийн эсээс гаралтай, Шваннома гэж дүгнэсэн (Зураг 1D).Зураг 1. (A) Зүүн дотор чихний сувагт цагаан будааны ширхэг шиг орчны эдээс сайтар зааглагдсан үүсгэвэр (дугуйлж тэмдэглэсэн), зүүн талын XII мэдрэл хавагнаж зузаарсан (сумаар тэмдэглэсэн). Эд судлалын шинжилгээнд (В) нэгэн төрлийн татагдсан бөөмтэй ээрүүл хэлбэрийн эсүүд хашаа шиг эгнэн байрласан (Антони А) болон миксойд сийрэг эсгүй (Антони В) хэсгүүдтэй (ХЭ, х10). (С) Эдгээр эсүүдийн бөөм нь татагдсан, долгионтсон бөгөөд митоз хуваагдал, үхжил ажиглагдаагүй (x40). (Г) Иммунохистохимийн S-100 эсрэгбиеэр цитоплазмын будагдалттай тул эерэг гэж үнэлсэн (x10).Хэлцэмж: Шванномын 60%-аас дээш тохиолдлууд гавлын VIII хос мэдрэлээс гаралтай байдаг бол энэхүү тохиолдолд гавлын VII, VIII, XII хос мэдрэлийг хамарсан эмнэлзүйн шинж илэрсэн. Шваннома оношлогдсон 12 хүнд XII мэдрэл, 10 хүнд IX, X мэдрэл тус тус гэмтэж, 4 хүнд нүүрний саа, 4 хүнд бага тархи болон пирамид дарагдлын шинжүүд илэрсэн байна. Өөр нэг судалгаанд нэг талын сонсгол бууралт 80%, нэг талын чих шуугилт 6.3%, тэнцвэр алдагдах, толгой эргэх, толгой өвдөх шинж тус тус 3.8%, 3.4%, 2% илэрчээ. Сонсголын шванномаг эмчилсэн 1000 тохиолдол бүхий судалгаанаас үзвэл, VIII мэдрэлийн чихний дунгийн мэдрэл нийт тохиолдлын 95%-д гэмтэж, сонсгол алдагдал, чих шуугилт илэрсэн бол үүдэвчийн мэдрэл 61%, хөнгөнөөс дунд зэргийн тэнцвэр алдагдал, V мэдрэл 17%, нүүр бадайрах, өвдөх шинж, VII мэдрэл 6% , нүүрний саа, амт алдагдах, нүд хуурайших зэрэг шинжүүд илэрсэн. Дунджаар жилд 1.9 мм-ээр томрох ба 80-ээс дээш хувьд бага тархи-гүүрний өнцөгт тохиолдоно. Тодосгогчтой СРТ-аар жижиг хэмжээтэй хавдруудыг оношлох боломжтой ба тодосгогчгүй СРТ болон КТ-оор зарим тохиолдолд жижиг хавдрууд харагдахгүй байх магадлалтай.Эд судлалын шинжилгээнд ээрүүл эст хавдрууд болох Шваннома, Лейомиома, Нейрофиброма зэргийг өөр хооронд нь ялган оношлох хэрэгтэй болдог. Энгийн хематоксилин эозины будгийн аргаар дангаар нь ялгахад хүндрэлтэй байдаг тул нэмэлт иммунохистохимийн эсрэгбие ашиглах шаардлагатай болдог. Шванномаг Антони А болон Б зураглалаар нь нейрофибромагаас ялган оношилж болно. Мөн иммунохистохимийн S100 эерэгбие Шванномын эсүүдийн цитоплазмд тархмал, тод будагддаг бол нейрофиброма дээр сул, захын мэдрэлийн бүрхүүлээс гаралтай хортой хавдрын (ЗМБГХХ) тохиолдлын 50-60%-д сөрөг будагдана.CD34 эерэгбие нь нейрофиброма болон Шванномын Антони А зураглал дээр эерэг будагдана. Гэхдээ CD34 эерэг будагдалт нь өвөрмөц бус буюу бусад олон төрлийн хавдрууд (фибробласт, миофибробласт, фибро-хистоцит, судас, мэдрэл, өөх, гөлгөр булчин, нөсөөт болон эпителийн гаралтай хавдрууд)-ын  үед эерэг гарах тул захын мэдрэлийн бүрхүүлээс гаралтай (ЗМБГХ) хавдруудыг оношлох өвөрмөц маркер болж чаддаггүй. Sox10 нь ЗМБГХ-ыг мезенхимээс гаралтай хавдраас ялгахад тусална. Sox10, Калретин нь Шванномаг нейрофиброма болон менингиомаас ялган оношлоход тустай. Мөн Sox10 нь Шванномаг фибросаркома, лейомиосаркома болон синовиал саркомагаас тус тус ялгана. Бусад нестин, EGFR, p16, Ki-67 биомаркерууд нь ЗМБГХХ-ыг Шваннома болон нейрофибромагаас ялгана. Иймээс эд судлалын шинжилгээнд өвөрмөц хавдруудын ялган оношилгоонд батлах эсвэл үгүйсгэх зорилгоор иммунохистохимийн эсрэгбие ашиглах шаардлагатай байна.Дүгнэлт: Шваннома нь эмнэлзүйд нэг талын сонсгол алдагдлаар илэрч дүрс оношилгоогоор эрт үедээ оношлогдох боломжтой тавилан сайтай хавдар юм. Гэхдээ эд судлалын шинжилгээ, иммунохистохимийн эерэгбиеийн тусламжтай оношийг баталгаажуулах нь цаашдын эмчилгээнд ач холбогдолтой.Эмнэлзүйн тохиолдлыг бичсэн:Э.Халиун1, Э.Энхжин1, П.Гантуяа1, З.Ганцэцэг1, Д.Нямдулам1, М.Уугантамир1, А.Цэнд-Аюуш3, Э. Жаргалхүү3,   Б . Халиун4, Ш.Тунгалагтамир5, Б.Уранчимэг2, З.Энхзул2, Э.Баярмаа1,2, , Л.Саямаа1,21 -АШУҮИС, БАС, Эмгэг Судлал, Шүүх Эмнэлгийн Тэнхим,  2- АШУҮИС, МЯЭ, Эмгэг судлалын тасаг,  3 -АШУҮИС, МЯЭ, Чих хамар хоолойн тасаг,  4 -АШУҮИС, МЯЭ, Дүрс оношилгооны тасаг, 5 -АШУҮИС, МЯЭ, Мэдрэл судлалын тасаг

Дэлгэрэнгүй
Нойр булчирхайн цочмог үрэвслийн үеийн шингэн сэлбэх эмчилгээ
2025 оны 4-р сарын 4

Нойр булчирхайн цочмог үрэвслийн үеийн шингэн сэлбэх эмчилгээ

Чихрийн шижин 2р хэвшинжтэй, гиперлипидеми оношлогдсон, 47 настай эмэгтэй 2 хоногийн өмнөөс эхэлж дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчмоор хүчтэй өвдөж, өвдөлт нь нуруу руу дамжина гэсэн зовиуртайгаар яаралтай тусламжийн тасагт ирсэн. Өвчтөн ядарч сульдсан, хүйтэн хөлс нь гарсан байдалтай харагдах боловч гемодинамикийн хувьд тогтвортой байна. Бодит үзлэгээр: салстууд хуурай, аюулхай орчимд эмзэглэлтэй. Шинжилгээнд лейкоцитоз болон электролитийн алдагдал илрээгүй. Цусан дахь шээсний хүчлийн (BUN) түвшин 24 мг/дл (лавлах хэмжээ 5-20 мг/дл), ийлдэс дэх креатинины хэмжээ 1.3 мг/дл (0.6-1.2 мг/дл) буюу бага зэрэг өндөр гарсан. Харин липаза ферментийн идэвх 1,200 нэгж/л (0-160 нэгж/л) хүртэл огцом ихэссэн байна. Хэвлийн эхогоор цөсний чулуу илэрсэн. Эдгээрээс үндэслэн нойр булчирхайн цочмог үрэвсэл гэж оношийг тавьж яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн. Өвчтөнд хоол сойх, өвдөлт намдаах зэрэг суурь эмчилгээг эхлүүлсэн. Уг өвчтөнд нойр булчирхайн цочмог үрэвслийн суурь эмчилгээ болох шингэн сэлбэлтийг хэрхэн хийх вэ? Ямар шингэн сонгох вэ?   НОЙР БУЛЧИРХАЙН ЦОЧМОГ ҮРЭВСЛИЙН ҮЕД ШИНГЭН СЭЛБЭЛТ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?Нойр булчирхайн үрэвсэлт эмгэг болох нойр булчирхайн цочмог үрэвсэл нь үрэвслийн тархмал хариу урвалыг бүх биеэр өдөөдөг бөгөөд үүнээс үүдэн эмнэлзүйн олон хүндрэлүүдийг араасаа дагуулдаг.Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед өвчтөнд гиповолеми илрэх ба хэд хэдэн хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Бөөлжих, уух шингэн багасах, хөлрөх зэрэг сонгодог шинж тэмдгүүдээс гадна гуравдагч зайд шингэн хуримтлагданаас гиповолеми үүсэх нөхцөл бүрддэг. Нойр булчирхайн эдийн үрэвсэл нь цитокин болон бусад үрэвслийн молекулуудыг идэвхижүүлж, судасны нэвчимхий чанарыг нэмэгдүүлснээр судсан доторхи шингэн гадагшилах шалтгаан болдог. Энэхүү үрэвслийн хариу урвал нь олон тооны цуврал урвалыг өдөөх ба түүний дотор нойр булчирхайн цусан хангамж буурч, удаан үргэлжилбэл ацинар эсийн үхжил, улмаар нойр булчирхайн үхжил зэрэг ноцтой хүндрэлүүдэд хүргэдэг. Эмнэлзүйн олон тооны судалгаагаар нойр булчирхайн цочмог үрэвслийн үед гиповолеми удаан үргэлжилэх нь нойр булчирхайн үхжил, тухайн эрхтний дутагдал, ноцтой бусад хүндрэлүүдтэй холбоотой болохыг тодорхойлсон. Тиймээс эрт үед шингэн сэлбэлтийг хийснээр өвчлөл, нас баралтыг бууруулж байгаа судалгааны ажилтай уялдаж байгаа юм. Эрт үеийн шингэн сэлбэлт нь макро ба микро түвшинд цусны эргэлтийг дэмжих ба ингэснээр дээр дурдсан ноцтой хүндрэлүүдээс сэргийлдэг гэж үздэг. ХЭР ХЭМЖЭЭНИЙ ШИНГЭН СЭЛБЭХ ВЭ?Нойр булчирхайн цочмог үрэвслийн эрт үеийн эрчимтэй шингэн сэлбэлтийг ихэвчлэн эхний шингэнийг болусаар (нэг дор их хэмжээгээр) хийж, араас нь цагт 250-500мл хурдтай байхаар тохируулж хийдэг. Энэхүү аргачлал нь эмнэлзүйн практикт хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн түгээмэл арга хэдий ч санамсаргүй түүвэр бүхий эмнэлзүйн хяналтат туршилт (RCT) судалгаагаар үүний үр дүн нь тодорхой батлагдаагүй юм.2022 онд хэвлэгдсэн, түүхэн ач холбогдолтой WATERFALL (нойр булчирхайн цочмог үрэвслийн эрт үед биеийн жинд суурилсан эрчимтэй болон эрчимтэй бус шингэн сэлбэлтийн судалгаа) судалгаанд эрчимтэй шингэн сэлбэлтийг 20 мл/кг болус, дараа нь 3 мл/кг/цагаар ба дунд зэргийн шингэн сэлбэлтийг зөвхөн өвчтөн эмнэлзүйн хувьд гиповолемитэй тохиолдолд 10 мл/кг болус, дараа нь 1.5 мл/кг/цагаар хийж, үр дүнг харьцуулан судалсан. Дунд-хүнд зэргийн хүндрэл илэрч, эрхтний дутагдлын шинж хавсарсан өвчтнүүдийг  судалгаанаас хассан. Эрт үеийн эрчимтэй шингэн сэлбэлт нь дунд зэргийн шингэн сэлбэлттэй харьцуулахад шингэний ачаалалыг илт нэмэгдүүлсэн (20.5% ба 6.3%; харьцангуй эрсдэл 2.85, р = 0.004) бөгөөд энэ байдлаас болж судалгааг эрт зогсооход хүрсэн. Судалгаагаар мөн хоёр бүлгийн шингэн сэлбэлтийн аргын хооронд өвчтний биеийн ерөнхий байдалд мэдэгдэхүйц ялгаа гараагүйг харуулсан. Тиймээс WATERFALL судалгааны үр дүн нь эмнэлзүйн практикт дунд зэргийн шингэн сэлбэлтийг ашиглахыг зөвлөсөн ба нойр булчирхайн цочмог үрэвслийн эрт үеийн менежментийн үзэл баримтлалыг өөрчилсөн юм. БҮХ ӨВЧТӨНД ИЖИЛ ХЭМЖЭЭНИЙ ШИНГЭН СЭЛБЭХ ҮҮ?WATERFALL судалгааны үр дүнгүүд дээр анхаарах хэд хэдэн зүйлс бий. Энэхүү судалгаанд зүрхний дутагдал, элэгний хатуурал, бөөрний архаг дутагдал зэрэг шингэний ачаалал ихсэх эрсдэл өндөртэй өвчтөнүүдийг хассан. Мөн дунд зэргийн болон хүнд хэлбэрийн нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй өвчтөнүүдийг хассан. Иймд шингэний ачаалал ихсэх магадлалтай өвчтөнүүдэд нойр булчирхайн цочмог үрэвсэл даамжрахаас сэргийлэх, нөгөө талаар тэдний суурь хавсарсан өвчнийг хүндрүүлэхгүйгээр шингэн сэлбэлтийг нарийн хянаж, болгоомжтой хийх шаардлагатай.Шингэний ачаалал үүсэх суурь эмгэггүй, дунд болон хүнд хэлбэрийн нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй өвчтөнүүдэд шингэн сэлбэлтийн зохимжтой хэмжээ тодорхойгүй хэвээр байна. Тиймээс эдгээр өвчтнүүдэд шингэн сэлбэлтийг амжилттай болсоныг илтгэх шалгуурууд болох сийвэнгийн шээсний хүчил (BUN), креатинин, гематокрит зэрэг биомаркеруудыг ашиглах хэрэгтэй. Гэхдээ уг нөхцөлд эдгээр биомаркеруудын хэмжилтийг нарийн судалж тогтоогүй байгаа тул эмчлэгч эмч шингэн сэлбэлтийн явцыг ялангуяа эхний 48 цагийн дотор өвчтөний биеийн ерөнхий байдал, бодит үзлэг зэрэгтэй хослуулан дүгнэлт хийж, хянах нь зүйтэй. РИНГЕР ЛАКТАТ УУ, ЭСВЭЛ ФИЗИОЛОГИЙН 0.9% УУСМАЛ УУ?Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед шингэн сэлбэлтийн ач холбогдолын талаар маш олон судалгаагаар тогтоосон боловч ямар төрлийн шингэнийг хэрэглэх талаар төдийлөн судлагдаагүй юм. Зарим судалгаануудаас харахад хөнгөн хэлбэрийн нойр булчирхайн цочмог үрэвслийн үед рингер лактатыг сэлбэх нь эмнэлзүйн эдгэрэлтийг түргэсгэх, эрчимт эмчилгээнд шилжих эрсдэлийг бууруулахад физиологийн уусмалаас илүү үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон. Энэ нь рингер лактатын уусмалыг хийх үед цусны рН-ийн тэнцвэрт байдлыг илүү сайн хангадагтай холбоотой гэж үзсэн. Эсрэгээрээ физиологийн 0.9% уусмалыг хийх нь хлорийн ионыг ихэсгэх замаар бодисын солилцооны ацидозд хүргэж болзошгүй байдаг. Хүчиллэг орчин үүсэх нь нойр булчирхайн ацинар эсүүдийг гэмтэлд илүү өртөмтгий болгож, улмаар нойр булчирхайн цочмог үрэвслийн эмгэг жамд гол үүрэг гүйцэтгэдэг трипсиногений хэт идэвхжилийг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч эдгээр судалгаанууд нь түүврийн хэмжээ багатай, хүндрэлийн зэргийг ялгаж судлаагүй зэрэг шалтгаанаар үр дүнг нь ерөнхийлөн дүгнэх боломжгүй болгож байгаа юм.Тиймээс судалгааны эдгээр сул талуудыг засах зорилгоор Lee болон бусад судлаачид нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй 999 өвчтөнд ажиглалтын судалгаа хийсэн ба эхний 24 цагийн дотор хийгдсэн шингэний төрөл (Рингер лактат болон физиологийн уусмал) ба нойр булчирхайн цочмог үрэвсэлийн хүндрэлийн зэрэг хоорондын хамаарлыг судлан харуулсан. Судалгаагаар эхний 24 цагийн дотор Рингер лактатын уусмалыг хийх нь дунд болон хүнд хэлбэрийн нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсэх магадлалыг бууруулж, эмнэлзүйн үр дагаварыг сайжруулсан гэсэн үр дүн гарсан (adjusted OR- 0.52, p = 0.014). Энэхүү судалгааны ачаар нойр булчирхайн цочмог үрэвслийн үед рингер лактатын уусмалыг сонгох нь эмнэлзүйн ач холбогдол өндөртэйг харуулсан ба эмнэлзүйн заавар, зөвлөмжид тусгагдсан юм. Гэхдээ уг судалгаа нь ажиглалтын судалгаа гэдгийг мартаж болохгүй ба үүний үр дүнг батлахын тулд олон төвт, санамсаргүй, эмнэлзүйн хяналтат туршилтад судалгаануудыг хийх шаардлагатай юм.Эх сурвалж:Madaria E, Buxbaum JL, Maisonneuve P, et al. Aggressive or moderate fluid resuscitation in acute pancreatitis. N Engl J Med 2022;Lee PJ, Culp S, Kamal A, et al. Lactated ringers use in the first 24 hours of hospitalization is associated with improved outcomes in 999 patients with acute pancreatitis. Am J Gastroenterol 2023;Peery AF, Crockett SD, Barritt AS, et al. Burden of gastrointestinal, liver, and pancreatic diseases in the United States. Gastroenterology 2015; 149(7):1731–1741.e3.Takeda K, Mikami Y, Fukuyama S, et al. Pancreatic ischemia associated with vasospasm in the early phase of human acute necrotizing pancreatitis. Pancreas 2005; 30(1):40–49.Wall I, Badalov N, Baradarian R, Iswara K, Li JJ, Tenner S. Decreased mortality in acute pancreatitis related to early aggressive hydration. Pancreas 2011; 40(4):547–550.Gardner TB, Vege SS, Pearson RK, Chari ST. Fluid resuscitation in acute pancreatitis. Clin Gastroenterol Hepatol 2008; 6(10):Banks PA, Bollen TL, Dervenis C, et al. Classification of acute pancreatitis—2012: revision of the Atlanta classification and definitions by international consensus. Gut 2013; 62(1):102–111.Tenner S. Initial management of acute pancreatitis: critical issues during the first 72 hours. Am J Gastroenterol 2004;Buxbaum JL, Quezada M, Da B, et al. Early aggressive hydration hastens clinical improvement in mild acute pancreatitis. Am J Gastroenterol 2017; 112(5):797–803.Lee A, Ko C, Buitrago C, et al. Lactated ringers vs normal saline resuscitation for mild acute pancreatitis: a randomized trial. Gastroenterology 2021; 160(3):955–957.e4.Wu BU, Hwang JQ, Gardner TH, et al. Lactated ringer’s solution reduces systemic inflammation compared with saline in patients with acute pancreatitis. Clin Gastroenterol Hepatol 2011

Дэлгэрэнгүй
Түгээмэл
Асуулт хариулт