Анагаах ухааны цахим сургалт
Яагаад
Цахим сургалт гэж?
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Та ажил, гэр, сургууль мөн жижүүрт хонох үедээ интернэт холболт бүхий ямар ч төрлийн төхөөрөмж ашиглан суралцах боломжтой.
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Та байгаа газраасаа цахимаар суралцсанаар цаг хугацаа төдийгүй, мөнгөө хэмнэж өөрт хэрэгцээтэй сургалтыг авах боломжтой.
Сургалтыг та өөрөө удирдана
Сургалтыг та өөрөө удирдана
Цахим сургалтаар та багшаа, сургалтын аргаа, сургалтын хурдыг, сургалтын сэдэв болон дэс дараалал зэргийг бүрэн удирдах боломжтой.
Танд санал болгох
Багцын мэдээлэл

6 сарын багц

69,900₮

6 сард нэг удаа төлнө

  • 2 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 10% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах

1 жилийн багц

99,900₮

Жилд нэг удаа төлнө

  • 3 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Онцлох хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 20% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах
Сүүлийн үеийн
Нийтлэлүүд
Тэмбүүгийн шалтгаант ходоодны шархлаа өвчний тохиолдол
2025 оны 3-р сарын 28

Тэмбүүгийн шалтгаант ходоодны шархлаа өвчний тохиолдол

Тэмбүү нь Treponema pallidum-р үүсгэгддэг, архаг удаан явцтай, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоо /арьс салст, дотор эрхтэн, мэдрэл, тулгуур хөдөлгөөний эрхтэнг гэмтээдэг, урагт дамжин халдварладаг бэлгийн замын халдварт өвчин юм. Тэмбүүгийн шалтгаант ходоодны шархлаа нь нийт тэмбүүтэй өвчтөнүүдийн зөвхөн 1%-д тохиолддог боловч тэмбүүгийн өвчлөл дэлхий даяар нэмэгдэж байгаа тул эмч нар энэ эмгэгийн талаар мэдээллэлтэй байх шаардлагатай. Тэмбүүгийн шалтгаант ходоодны шарх нь хоёрдугаар үеийн тэмбүүтэй өвчтөнүүдэд 50%, гуравдугаар үеийн тэмбүүтэй өвчтөнүүдэд 6% тохиолддог. Өвчтөнүүдийн 92% хэвлийн өвдөлт, 71% дотор муухайрах, бөөлжих, 60% биеийн жин буурах эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг. Ходоодны дурангийн шинжилгээгээр өвөрмөц шинж тэмдэг илрэхгүй боловч ходоод, дээд гэдэсний шархлаат өөрчлөлт түгээмэл тохиолддог.Тэмбүүгийн шалтгаант ходоодний эмгэг өөрчлөлт нь гастроэнтерологийн хүрээнд төдийлөн дурдагддаггүй ч 1834 онд Андрал тэмбүүгийн шалтгаант ходоодны эмгэгийн 2 тохиолдлыг нийтлүүлснээс хойш анагаах ухааны судалгааны сэдэв байсаар ирсэн. Ходоодны тэмбүүгийн дундаж нас 39, 21-78 насанд тохиолддог. Нийт тохиолдлын 63% эрэгтэйчүүд, ялангуяа эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон хүмүүс тохиолддог. Ходоодны дурангийн шинжилгээнд салст бүрхүүлийн хаван, өнгөц шархлаа, мөхлөгт өөрчлөлт, гипертрофийн өвөрмөц бус шинж тэмдэгээр илэрдэг өвчин юм.  Бидний тохиолдолд 27 настай эмэгтэйд хэвлийн дээд хэсгээр өвдөх, суулгах, 39 хэм хүртэл халуурах, хоолой өвдөх шинж тэмдгээр илэрч эхэлсэн бөгөөд ходоодны хавдар сэжиглэн хоёр удаагийн дурангаар эдийн шинжилгээ авагдсан.Эмнэлзүйн тохиолдол27 настай, эмэгтэй. Зовиур: Хэвлийн дээд хэсгээр өвдөнө. Дотор муухайрч огиулна. Хоолны дуршил буурсан. Турна. Өглөөгүүр хааяа ногоон өнгийн цэртэй ханиалгана гэнэ.Өвчний түүх: 2023 оны 8-р сарын сүүл үеэс хэвлийн дээд хэсгээр өвдөж эхлэн ... эмнэлэгт үзүүлэн ходоод дурандуулж ходоодны шарх оношлогдсон. Хэвлийн өвдөлт намдахгүй байсан тул дахин ... ГЭТ-н эмчид үзүүлэн давтан ходоод дурандуулж эдийн шинжилгээ авч нэмэлт шинжилгээ бүрдүүлж 10 хоног ГЭТ-д хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэх хугацаанд серологи шинжилгээ өгч тэмбүү оношлогдсон. Шинжилгээнд: Ийлдэс судлал (2023.10.11): RPR/+/, TPHA/+/, Anti-HIV/-/, (2023.11.01): RPR титр 1:16, TP- Ab ELISA – positive  Багажийн шинжилгээ:Ходоодны дуран: Ходоодны дуран: 2023.09.14 /УНТЭ/ Sedated gastroscopy: Esophagus: GERD grade A. Stomach: Diffuse superficial gastritis. Atrophic gastritis C-II. Ulcerative lesion on the prepylorus, angulus and antrum size 1.5-2.0 cm. Biopsy was taken. Duodenum: Normal. Recommendation: Follow up after treatment. Check result biopsy.Эдийн шинжилгээ: 2023.09.15 Ходоод, гарах хэсэг: Архаг идэвхит шархлаат гастрит, лимфофолликуляр хиперплази /K29.5/ Хеликобактери /+++/ЭМНЭЛЗҮЙН ОНОШ: Chronic multiple ulcers on the prepylorus, angulus and antrum, size 1.5- 2.0cm. Acute tonsillitis. Obesity I st. DDS: Gastric syphilis ҮР ДҮН: Эмийн эмчилгээнд хэвлийн өвдөлт намдаж, зовуурь багасан эмнэлгээс гарсан. 1 сарын дараа ходоодны дуран давтан хийлгэж биопси авах, ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замын халдварт өвчний төвд хандан оношилгоо эмчилгээг үргэлжлүүлэхийг зөвлөн эмнэлгээс гаргасан.Дүгнэлт: Монгол улсад хоол боловсруулах замын тэмбүүгийн тархалт, эмчилгээний үр дүнгийн талаар хийгдсэн судалгаа одоогоор байхгүй байна. Батлагдсан өвчтөнүүдийн 83% нь пенициллины бүлгийн антибиотик эмчилгээнд шинж тэмдэг арилж байсан бол 17% нь хавдар гэж андуурагдан оношлогдсоны улмаас мэс засал эмчилгээ хийлгэсэн байна. Тэмбүүгийн шалтгаант ходоодны шархлаа УНТЭ-ийн ГЭТөвд анх удаа тохиолдон бүртгэгдлээ.Дэлгэрэнгүйг: Эмнэлзүйн ховор тохиолдол #4, УНТЭ. 2023 товхимолоос уншина уу.Эмнэлзүйн тохиолдлыг бичсэн: Бү.Болормаа, Д.Ариунзул, Л.Энхжаргал, Б.Энхчулуун, О.Баярмаа

Дэлгэрэнгүй
УЛААНБУРХАН: Вакцинаар сэргийлж болох аюултай өвчин дахин дэгдэж байна
2025 оны 3-р сарын 31

УЛААНБУРХАН: Вакцинаар сэргийлж болох аюултай өвчин дахин дэгдэж байна

Улаанбурханы эсрэг аюулгүй, үр дүнтэй вакцинийг сүүлийн 60 гаруй жил амжилттай хэрэглэж ирсэн ч вакцинжуулалтад эргэлзэх хандлага болон дэлхий дахины нийгэм, улс төрийн тогтворгүй байдал зэрэг шалтгаанаас үүдэн вакцинжуулалтын хамралт буурсаар байна. Үүний улмаас сүүлийн жилүүдэд АНУ-д болон олон улсад улаанбурханы тохиолдол огцом нэмэгдэж байна. Тиймээс сүүлийн үеийн дэгдэлтүүдтэй уялдуулан улаанбурхан өвчин болон түүний менежмент, хяналтын арга хэмжээний талаар энэ нийтлэлээр хүргэж байна. (Энэхүү нийтлэл нь АНУ-ийн CDC буюу халдварт өвчний эсрэг тэмцэх төвийн гаргасан мэдээлэл бөгөөд эмч, мэргэжилтнүүд та бүхэн Монгол улсын шинэчилэгдэн батлагдсан эмнэлзүйн зааврыг давхар харна уу)ГОЛ ОЙЛГОЛТУУДУлаанбурхан нь халдварлалт өндөртэй, хүндэрвэл үхэлд хүргэх аюултай өвчин юм.Вакцинжуулалт нь улаанбурханы эсрэг хамгийн үр дүнтэй арга бөгөөд 2 тунгаар хийгддэг. Зөвхөн 1 тун хийлгэсэн хүмүүс 1-2 нэмэлт тун хийх шаардлагатай байдаг.Сонгодог шинж тэмдгүүд нь халуурах, ханиалгах, конъюнктивит (нүдний салст бүрхэвчийн үрэвсэл), хамар битүүрэх/нус гоожих, тууралт зэрэг бөгөөд өвчтэй хүнтэй ойр байсан үед илрэх нь түгээмэл. Гэвч вакцинжуулалт дутуу эсвэл дархлаа султай хүмүүст өвчний шинж тэмдэг хэв шинжит бус байдлаар илрэх тул онош баталгаажуулахын тулд лабораторийн шинжилгээ шаардлагатай болдог.Вакцин хийлгээгүй хүмүүс хүндээр тусах эрсдэлтэй тул өвчтэй хүнтэй хавьталд орсон, вакцин хийлгээгүй эсвэл дархлаа тогтоогүй хүмүүсийг дархлааны глобулин эсвэл вакцинд хамруулах шаардлагатай.Улаанбурхан өвчин нь эрт дээр үеэс өндөр халдвартай өвчин байсан бөгөөд вакцинжуулалтын ачаар амжилттай хянагдаж ирсэн ч дахин дэгдэх эрсдэл тулгараад байна. ДЭМБ-ийн удирдлага дор хэрэгжсэн Вакцины Үйл Ажиллагааны Дэлхийн Төлөвлөгөө нь улаанбурханыг устгах зорилготой байсан. Гэвч вакцинжуулалтаас татгалзах хөдөлгөөн болон дэлхий даяарх вакцинжуулалтын удаашрал нь вирусын хяналтад саад учруулаад байна.Сүүлийн үеийн тоо баримт (АНУ-д): 2019 оны 1-р сараас хойш 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 70% нь вакцин хийлгээгүй хүмүүст, бараг бүгд АНУ-ын оршин суугчдад тохиолдсон байна. УСТГАГДСАН ГЭЖ ҮЗСЭН Ч ДАХИН ДЭГДЭВ1960-аад онд улаанбурханы вакцин бүтээгдэж, хэрэглээнд нэвтрэхээс өмнө АНУ болон сэрүүн бүсийн орнуудад улаанбурхан өвчний дэгдэлт жил бүр тодорхой давтамжтай гардаг байв. Жил бүрийн дэгдэлтийн үед улаанбурхан маш халдвартай байсан тул гэр бүл доторхи хавьтлуудын өвчлөх магадлал 95%-иас дээш байв. Ихэнх тохиолдолд бага насны хүүхдүүдэд тохиолдож байсан бөгөөд вирусээр халдварлахад насан туршийн дархлаа тогтдог тул насанд хүрэхэд хүн бүр дархлаатай болсон гэж үзэж болохоор байв.Урьд нь улаанбурхан дэгдээгүй тусгаарлагдмал бүс нутгуудад насанд хүрэгчид нь дархлаагүй байсан бөгөөд хавьтал болоход ихэвчлэн хүндээр өвчилдөг байв. 15-р зууны сүүлээс эхлэн Европчууд Америк тивд улаанбурхан, салхин цэцэг авчирсан нь эдгээр өвчинтэй хэзээ ч тулгарч байгаагүй уугуул иргэдийн бүхэл бүтэн популяцийг устгасан байдаг.Сүүлийн 60 жилийн хугацаанд улаанбурханы вакциныг хүртээмжтэй болгож, сурталчилсаны үр дүнд АНУ-д улаанбурханы өвчлөл эрс буурсан (Зураг 1). Тиймээс 2000 онд энэ өвчнийг устгасан гэж зарласан. Гэвч энэ нь цагаа олсон мэдэгдэл биш байв. Түүнээс хойш хэд хэдэн дэгдэлт гарч, 2000 онд хамгийн их тохиолдол бүртгэгдсэн юм. Тухайн дэгдэлтийн үед бүртгэгдсэн 667 тохиолдлын талаас илүү хувь нь Охайо мужийн вакцинжуулалтын хамралт багатай Амиш бүлэгт тохиолдсон юм.ЭМНЭЛЗҮЙН ИЛРЭЛ ӨӨР, ӨӨР БАЙЖ БОЛНОУлаанбурхан бол вирусын шалтгаант цочмог халдварт өвчин бөгөөд сонгодог хэвшинжит гурвал шинж тэмдэг (Гурван "Х")  илэрдэг. Үүнд: хуурай, шаналгаатай хуцуулан ХАНИАЛГАХ, нүдний ХАЛДВАР (конъюнктивит), ХАМАР БИТҮҮРЭХ/нус гоожих зэрэг юм.Копликийн толбо буюу амны хөндийн улайсан салст бүрхэвчийн суурин дээр салстаас дээш өргөгдсөн, цайвар шаргал өнгөтэй тууралт гарах ба (Зураг 2) өвөрмөц морбиллиформ тууралт (Зураг 3) гарахаас өмнө уг өвчнийг батлах гол шинж болдог. Тууралт нь халууралт эхэлснээс хойш хэд хоногийн дараа гарч, халдварын эсрэг дархлааны хариу урвалтай давхцдаг бөгөөд тууралт ихэвчлэн толгойноос эхэлж, доошоо тархдаг. Бие маш их суларч, ядрах нь энэ өвчний бас нэгэн онцлог шинж юм. Зураг 2. Копликийн толбо. Копликийн толбо нь вирусын урьдал үед гардаг бөгөөд тууралт эхлэхээс өмнө улаанбурханыг эмнэлзүйн хувьд оношлоход чухал ач холбогдолтой.Зураг 3. Улаанбурханы тууралтЗарим бүлгүүдийн дунд илрэл нь бага зэрэг ялгаатай байдаг.- Дархлаа тогтоогүй, жирэмсэн эмэгтэйчүүд илүү хүнд өвддөг. Учир нь  жирэмслэлтийн үед дархлааны хариу урвал харьцангуйгаар дарангуйлагддаг.- Дархлаа дарангуйлагдсан үед улаанбурхан нь хүнд явцтай байгаад зогсохгүй тууралт гарахгүй байж болох тул оношлоход хүндрэл учирдаг.- Вакцины тунг бүрэн хийлгээгүй хүүхэд, насанд хүрэгчдэд өвчин нь ханиалгах, конъюнктивит, хамар битүүрэх/нус гоожих шинж тэмдэггүйгээр хэв шинжит бус хэлбэрээр илэрч, бие ядарч сулрах нь харьцангуй бага байна. Түүнчлэн богино хугацаанд үргэлжилж, илүү хөнгөн явцтай тохиолдох нь бий. Улаанбурханы эсрэг вакциныг давтан хийлгэх замаар хэв шинжит бус хэлбэрээс урьдчилан сэргийлэх боломжтой.ОНОШИЙГ БАТЛАХ НЭМЭЛТ ШИНЖИЛГЭЭ ШААРДАГДАЖ БОЛНОБүх сонгодог шинж тэмдэг илэрсэн үед улаанбурханыг оношлоход хялбар байдаг. Гэсэн хэдий ч вакцины бүрэн бус тун хийлгэсэн хүн амд оношийг серологийн эсвэл полимеразын гинжин урвал (ПГУ) шинжилгээгээр баталгаажуулах шаардлагатай.Ялган оношлогооУлаанбурханы халууралт, тууралт, ялангуяа хүнд хэлбэрийн бие сульдал илэрсэн үед хүүхдэд дараах өвчнүүдээс ялган оношилгоог хийнэ:Кавасакийн өвчин. Кавасакийн өвчний үеийн нүдний улайлт нь эвэрлэгийн ирмэгийг хамардаггүйгээрээ онцлогтой. Түүнчлэн нүднээс шингэн /эксудат/ гарахгүй бөгөөд амьсгалын замын үрэвсэл илэрдэггүй.Эмийн харшил нь олон хэлбэрийн тууралт, заримдаа халууралт хавсарч илэрч болох  хэдий ч насанд хүрэгчид эсвэл хүүхдүүдэд улаанбурханы бусад шинж тэмдэг илэрдэггүй.Улаан эсэргэнэ-ийн тууралт нь зүлгүүр мэт хэлбэртэй, өөр төрлийн тууралт бөгөөд бакерийн хорын шалтгаант урвалуудаар илэрдэг.Улаанууд нь хүүхэд, нярайд амьсгалын замын хөнгөн шинж тэмдэг бүхий халдвараар илрэх ба улаанбурхан болон бусад тууралт үүсгэдэг вируст халдварууд шиг хүнд явцтай байдаггүй. Тодорхой бус тохиолдолд баталгаажуулахУлаанбурханы оношийг баталгаажуулахын тулд хоолой, хамар, хамрын арын залгиурын арчдасны дээжийг серологийн шинжилгээнд зориулан цусны дээжтэй хамт авдаг. Вирусыг өсгөвөрлөх нь зардал өндөртэй, хугацаа их шаарддаг тул ихэнх шинжилгээг РНХ-д зориулсан ПГУ ашиглан хийж байна. Оношийг зөв тогтоохын тулд ПГУ-ын дээжийг цочмог үед нь авах хэрэгтэй.Оношлогооны алтан стандарт нь өвчний эхэн болон дараах 10 хоногоос 2 долоо хоногийн зайтай авсан хоёр ийлдсийн дээжинд иммуноглобулин G (IgG) титрийн хэмжээ 4 дахин ихэссэн эсвэл буурсан байх юм. IgM шинжилгээ эхэндээ сөрөг гарч болох бөгөөд сөрөг шинжилгээгээр оношийг шууд үгүйсгэж болохгүй. Батлагдсан тохиолдлыг нийгмийн эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй мэдээлэх ёстой.ЭРТ БА ХОЖУУ ҮЕИЙН ХҮНДРЭЛУлаанбурханы түгээмэл биш ч тохиолддог хүндрэлүүдэд вирусийн халдвартай холбоотой амьсгалын замын салст бүрхэвчийн үрэвслийн хүндрэлүүд болон бактерийн хавсарсан халдварууд хамаарна. 5-аас доош насны хүүхэд, дархлаа тогтоогүй насанд хүрэгчид, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлаа дарангуйлагдсан хүмүүст хүндрэл тохиолдох магадлал өндөртэй. Зонхилох хүндрэлүүдэд дунд чихний үрэвсэл, ларинготрахеобронхит (крупп төст ханиалгаар илэрдэг), уушгины хатгалгаа, суулгалт зэрэг орно.Цочмог халдвар эдгэрсний дараа ч хүүхдэд суулгалт үргэлжилж, өсөлт бойжилт хоцорч, халдварын дараах саруудад нас барах эрсдэл байдаг. Халдвар авсан өвчтөнүүдэд сүрьеэ дахин идэвхижиж болох бөгөөд шинээр сүрьеэгийн халдвар авах нь илүү хүнд явцтай байж болдог. Түүнчлэн, улаанбурханы халдварын дараа сүрьеэгийн арьсны сорилийн мэдрэг чанар буурдаг. Уг халдвараар А аминдэм болон хоол тэжээлийн дутагдалтай хүн ам илүү хүнд явцтай, нас баралт үүсэх өндөр эрсдэлтэй байдаг.Улаанбурханы шалтгаант нас баралт нь ихэвчлэн вирусийн уушгины хатгалгаа, хоёрдогчоор бактерийн хатгалгаа, вирусын дараах энцефалит зэргээс үүдэлтэй. Вакцины өмнөх эринд АНУ-д улаанбурханы энцефалит ойролцоогоор 1000 улаанбурханы тохиолдолд 1 тохиолддог байв.Цочмогдуу хатууралт паненцефалит (subacute sclerosing panencephalitis) нь ховор тохиолддог, хожуу илэрдэг хэдий ч ихэвчлэн үхэлд хүргэдэг хүндрэлийн нэг юм. Энэхүү хүндрэл нь цочмог улаанбурханы халдвараас хойш 7-10 жилийн дараа, ихэвчлэн өсвөр насанд илэрдэг бөгөөд Миоклоник таталт, хөшилт, оюун ухаан доройтох шинжээр эхэлж, 1-3 жилийн турш үргэлжилж, эргэшгүй өөрчлөлтөнд оруулдаг байв. Харин 1957 онд улаанбурханы вакцин нэвтэрснээс хойш энэ хүндрэл үндсэндээ алга болсон.ДЭМЖИХ ЭМЧИЛГЭЭ, ХАЛДВАРЫН ХЯНАЛТУлаанбурхан ба түүний хүндрэлийн менежмент нь үндсэндээ дэмжих эмчилгээ юм.А аминдэм-ийг хараа алдалтаас сэргийлэх, нас барах эрсдэлийг бууруулахын тулд цочмогоор өвдсөн бүх хүүхдэд өгөх ёстой. Насанд хүрэгчдэд А аминдэм өгөх нь үр дүнтэй эсэхийг нотлох эсвэл үгүйсгэх судалгаа байхгүй ч цочмог халдвартай насанд хүрэгчид мөн А аминдэм уух нь зүйтэй гэж үздэг. Халдвараас урьдчилан сэргийлэхУлаанбурханы халдварын нууц үе 8-12 хоног байдаг. Тууралт гарахаас 4 хоногийн өмнө, тууралт гарснаас хойш 4 хоногийн дараа халдвар тараах боломжтой байдаг ба дархлааны үйл ажиллагаа дутмаг хүмүүст илүү удаан хугацаанд халдвартай байдаг.Өвчний халдварлалт маш өндөртэй байдаг тул эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийг агаар дуслын замын халдвараас сэргийлэх арга хэмжээ авч асрах хэрэгтэй. Асран хамгаалагчидийг мөн вакцинжуулсан байх нь өвчтөнийг аюулгүй асрахад чухал юм.1957-1989 оны хооронд АНУ-д төрсөн ихэнх насанд хүрэгчид зөвхөн 1 тун улаанбурханы вакцин хийлгэсэн бөгөөд нэг тун нь ихэнх хүнд дархлаа тогтоодог. Тиймээс, хэрэв энэ насны хүн голомтот бүс нутагт аялж эсвэл амьдарч байгаад ирсэн бол титр шалгахгүйгээр нэмэлт тун хийлгэхийг зөвлөнө.1989 оноос хойш төрсөн бүх хүмүүс улаанбурхны вакцины 2 тунг хийлгэсэн байдаг. Тиймээс нэмэлт тун эсвэл титр шаардлагагүй. Эрүүл мэндийн байгууллагууд өвчтөний аюулгүй байдлын үүднээс ажилтнуудынхаа цусан дахь вирусын титрийг заавал шалгадаг.1957 оноос өмнө төрсөн хүмүүсийг байгалийн улаанбурханаар өвчилсөн гэж үзэж болох бөгөөд энэ нь насан туршийн дархлаа тогтоодог.ЗӨВЛӨМЖВакцинжуулалтын талаарх зөвлөмжДэгдэлт гарсан нөхцөлд хүүхдүүдэд эхний тунг 6 сартайд, хоёр дахь тунг 12-15 сартайд, гурав дахь тунг цэцэрлэгт орохоос өмнө хийлгэх ёстой.Хүүхэд улаанбурханы эсрэг вакциныг 12 сартайгаасаа хойш, 2 тун хийлгэсэн бол бүрэн вакцинд хамрагдсан гэж үзэж болно. Харин эхний тунг 12 сартайгаас өмнө хийлгэсэн бол хүүхэд 3 тун хийлгэх шаардлагатай гэж үзнэ.1957 оноос өмнө төрсөн насанд хүрэгчдийг улаанбурханы халдвар авсан, дархлаатай гэж үзэж болно.1963-1967 оны хооронд хэрэглэгдэж байсан идэвхгүйжүүлсэн улаанбурханы вакцинаар дархлаажуулсан насанд хүрэгчид 1 тун амьд вирусын вакцин хийлгэх ёстой.Вакцины хоёр дахь тунг хийлгээгүй залуучууд болон дархлаажуулалтын түүх тодорхойгүй насанд хүрэгчдэд нэмэлт тун хийлгэхийг зөвлөж байна. Нэмэлт тун хийлгэхээс өмнө титр шалгах шаардлагагүй бөгөөд насанд хүрсэн хүнд эерэг титр байгаа бол нэмэлт тун шаардлагагүй.Эрүүл мэндийн ажилтнууд болон олон улсад аялж буй (эсрэг заалт байхгүй бол) эсвэл улаанбурханы дэгдэлттэй орон нутагт аялж буй вакцин хийлгээгүй эсвэл дутуу вакцинжуулсан хүн амыг вакцинжуулах ёстой.Улаанбурханд өртсөний дараах вакцинжуулалтын талаарх зөвлөмжДархлаа тогтоогүй, эсвэл зөвхөн нэг тун вакцин хийлгэсэн бол нэмэлт вакцин хийлгэхийг зөвлөж байна.Хэрэв хүүхэд эхний тунгаа 12 сартайгаас өмнө хийлгэсэн бол 1 нас хүрэнгүүт нь эсвэл эхний тунгаас хойш дор хаяж 28 хоногийн дараа хоёр дахь тунг хийнэ.Өвчний хүндрэлээс сэргийлэхийн тулд вакциныг халдвараас хойш 72 цагийн дотор хийх ёстой.Вакцины хоёр дахь тунг эхний тунгаас хойш дор хаяж 28 хоногийн дараа хийнэ. Ашигласан эх сурвалж: Cleveland Clinic Journal of Medicine, June 2019  

Дэлгэрэнгүй
Өвдөлт үл мэдрэх, үл хөлрөх төрөлхийн эмгэгийн ховор тохиолдол
2025 оны 3-р сарын 27

Өвдөлт үл мэдрэх, үл хөлрөх төрөлхийн эмгэгийн ховор тохиолдол

Удамшлын мэдрэхүй ба ургал мэдрэлийн невропати IV (hereditary sensory and autonomic neuropathy type IV; HSAN4) буюу өвдөлт үл мэдрэх, үл хөлрөх төрөлхийн эмгэг (congenital insensitivity to pain with anhidrosis; CIPA) нь аутосомын рецессив хэлбэрээр удамшдаг нэн ховор тохиолдох генетикийн эмгэг юм. Биеийн хромосомд байрлах генийн мутациар удамшдаг эмгэг тул эмэгтэй, эрэгтэй хүмүүс адилхан өвчилнө. Энэхүү эмгэгийн тухай 1963 онд Свансон нарын эрдэмтэд анх мэдээллэсэн. Дэлхий даяар тохиолдлын давтамж бүрэн тодорхойгүй ба одоогийн байдлаар Хүний генийн мутацийн мэдээллийн санд (Human Gene Mutation Database)  NTRK1 генийн мутацийн шалтгаант CIPA эмгэгийн 128 тохиолдол бүртгэгдсэн байна. NTRK1 ген нь мэдрэлийн өсөлтийн хүчин зүйл (NGF)-ийн тирозин киназа рецептор TrkA-г кодлодог. NTRK1 генийн мутаци үүссэнээр үр хөврөлийн хөгжлийн явцад NGF хамааралт ноцицептив мэдрэхүйн мэдрэлийн эсүүдийг апоптозод оруулж өвдөлтийн импульс дамжих боломжгүй болж, хөлсний булчирхайг мэдрэлжүүлдэг симпатик мэдрэлийн эсүүдийг апоптозод оруулснаар ангидроз үүсдэг.Эмнэлзүйд илрэх үндсэн шинжүүд нь өвдөлт үл мэдрэх, үл хөлрөх (ангидроз), оюуны хомсдол зэрэг юм. Өвчтөн бүх төрлийн өвдөлтийг (дотор эрхтний өвдөлтийг оролцуулан) мэдэрдэггүйгээс дараах төрлийн гэмтлүүдэд дахин давтан өртөх ба ясны эмгэгүүдээр өвдөх эрсдэл өндөр байдаг. Үүнд: Хэл, завьж, амны салст, хурууны үзүүр, хумсаа хазах, мэрж авах гэх мэт өөрийгөө гэмтээх зан үйл бага наснаас эхлэх (ихэнхдээ анхны шүд цухуйж эхлэх үеэс), түлэгдэх, үүссэн шархны эдгэрэлт удаашрах, халдварлаж хүндрэх, амьдралынхаа туршид ясны хугаралд олон дахин өртөх, ясны бороололт удаашрах, ясны үрэвслээр хүндрэх, гэмтсэн яс хэмжээгээр томорч эмгэгээр эдгэрэх, үений мултралд олон дахин өртсөнөөс үений гажилт, Charcot-н үе үүсэх, давшингуй явцтайгаар нурууны муруйлт үүсэх зэрэг багтана. Өвчтний хүрэлцэх, доргионы, байршлын мэдрэхүй хэвийн байдаг. Хөлөрдөггүйн улмаас биеийн дулаан зохицуулалт алдагдаж, давтамжтай байнгын халууралт үүсч (нярай үеээс эхлэх), ямар нэгэн халууралтат эмгэгийн үед халуун буулгах эмчилгээнд тэсвэртэй байх, өндөр халууралтаас таталт үүсэх зэрэг нь NTRK1-CIPA эмгэгийн хамгийн эхний үндсэн шинж болдог. Хүйтэн орчинд гипотерми мөн үүснэ. Өвчтнүүдийн дийлэнхид хөнгөнөөс дунд зэргийн оюуны хомсдол ажиглагддаг ба анхаарал дутмагшил/хэт хөдөлгөөнтөх эмгэг, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал зэрэг сэтгэцийн эмгэгүүд нийтлэг илэрнэ.Ялган оношилгооАливаа генетикийн эмгэгийн үед илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдийг тус тусад нь авч үзвэл өвөрмөц биш боловч бүхэлд нь үнэлбэл өвөрмөц фенотипийг бий болгодог. Гэсэн хэдий ч CIPA эмгэгийг 5-аас доош насанд зөвхөн эмнэлзүйн шинжүүдэд үндэслэн оношлоход хүндрэлтэй хэмээн олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдэд дурьдсан байдаг. CIPA эмгэгийг дараах төрөлхийн өвдөлт мэдэрдэггүй шинжээр илэрдэг генийн эмгэгүүд ба төстэй шинжээр илэрдэг олдмол эмгэгүүдээс ялган оношилно. Үүнд:Ø  Удамшлын эмгэгүүд:-       Ясны төгс бус хөгжил (Osteogenesis imperfecta)-       Гипогидротик эктодермисийн дисплази-       Гэр бүлийн дисавтономи (HSAN III)-       Леш-Нихан синдром (Lesch-Nyhan syndrome)-       MPV17-related hepatocerebral mitochondrial DNA depletion syndrome-       NGF-CIPA  (HSAN V)Ø  Олдмол эмгэгүүд:-       Уяман өвчин (Leprosy)-       ГэмтэлБидний танилцуулж буй тохиолдлыг дүгнэхэд нярай үеэс эхлэн олон удаа эмнэлэгт хандан, эмчилгээ хийлгэж байсан хэдий ч үндсэн өвчин оношлогдолгүй өнгөрдөг байсан. Үүний шалтгаан нь туйлын ховор тохиолдох CIPA (Congenital insensitivity to pain with anhidrosis) эмгэгийн тухай эмч мэргэжилтнүүд бидний мэдлэг, мэдээлэл дутмаг тул цаашид дэлгэрүүлэн судлах хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна.ЭмчилгээCIPA генетикийн эмгэг тул шалтгааны өвөрмөц эмчилгээ үгүй. Эмгэгийг эрт оношилж, цаашдын олон талт менежментийг хүүхэд, ортопед, шүд, нүд, арьс судлалын чиглэлээр мэргэшсэн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр цогц тусламж үйлчилгээг үзүүлэх нь чухал. Үндсэн эмчилгээ нь дэмжих, аливаа өвчний хүндрэлээс сэргийлэхэд чиглэгдэнэ. Эмнэлзүйн тохиолдолӨвчтөн Х, 12 настай, эмэгтэй 2022 оны 11 сард ...эмнэлгийн Удамзүйн зөвлөгөө өгөх кабинетад эцэг эхийн хамт ирж үзүүлэн, зөвлөгөө авсан.Зовуурь: Хүүхэд өвдөлт мэдэрдэггүй, хөлөрдөггүй, орчны дулааны нөлөө, халууралтанд их мэдрэг ба бие тавгүйцэж, чичирдэг, хүүхэд өөрөө завьж, хэл, хумсаа гэмтээх зуршилтайгаас үе үе амны хөндийн салст, хэл, хурууны арьс шархалдаг. Шүд амархан цоорч үрэвсдэг, амны салст ба биеийн арьсан дээр үүссэн шарх эдгэхдээ маш удаан, гар хөлийн хумснууд байхгүй. Өмнө нь хэд хэдэн удаа яс хугарч байсан ба бороололт маш удаан, ясанд бүтцийн өөрчлөлт үүсч буруу бороолдог, одоо нуруу ба аарцаг муруйлттай, 2 хөл урт богино болсон.Анамнез: 21 хоногтойд тодорхой шалтгаангүйгээр гэнэт өндөр халуурч (39-40ºC) ...эмнэлгийн нярайн тасагт хэвтсэн. Эмчлэгдэх явцад халууралтын шалтгааныг тодруулах бүх төрлийн шинжилгээ хийсэн ч эмгэгүүд үгүйсгэгдэж, тодорхой шалтгаангүйгээр халууралт 45 орчим хоног үргэлжилсэн. Хүүхэд цаашид 5-6 нас хүртлээ биеийн дулаан хэлбэлздэг, тодорхой шалтгаангүйгээр халуурч, халуун буухдаа удаан байх байдал нь ойрхон давтамжтай байсан. Одоо давтамж холдсон хэдий ч орчны дулааны өөрчлөлт ба халууралтанд их мэдрэг хэвээр. Амны салст, хэлээ гэмтээх байдал нь 3-4 сартайгаас эхэлсэн ба шүд цухуйж эхлэх үеэс улам ихэссэн, товлолын вакцин гэх мэт тарилга хийлгэхдээ огт уйлдаггүй байсан.Бодит үзлэг: Хүүхдийн биеийн байдал дунд. Нүүр тэгш бус хэмтэй, нүүрний доод хэсэг, эрүү баруун тийш муруйлттай, нүд хоорондын зай бага зэрэг хол. Хэл, амны салст, чийглэг, завьжны хэсэгт эдгэрч буй нэг шархтай, хэд хэдэн шүд ломботой, зарим араа шүд ургаагүй. Арьс хуурай, баруун талын эгэмний дээр, хүзүүнд, баруун далны доод хэсэгт, баруун гарын тохойн хэсэгт, зүүн хөлийн өвдөгний хэсэгт мэс заслын сорвитой, 2 гарын хурууны хумснууд үгүй, тавшиж эдгэсэн, зарим хуруунуудын үе орчмын арьсанд товойж эдгэсэн сорвитой, 2 хөлийн хумснууд мөн үгүй, баруун хөлийн эрхий хурууны доод хэсэгт эдгэрэлт их удааширч буй шархтай, боолттой, биеэр цөөн, 1-2 см хэмжээтэй, кофены өнгөтэй толбон тууралттай, арьсны уян хатан чанар хэвийн. Багана нуруу муруйлттай, цээжний хэлбэр зөв бус. Мөчид нарийхан, баруун гарын тохойн үений хэлбэр алдагдаж, товойж муруйж эдгэсэн, үеэр бүрэн тэнийхгүй (5 настайд үүссэн хугарлаас хойш), зүүн өвдөгний үений хэлбэр мөн алдагдсан, хөдөлгөөн чөлөөтэй, аарцаг зүүн тийш муруйлттай, 2 хөл урт богино.Лаборатори, дүрс оношилгооны шинжилгээ Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд гипохромын, микроцитийн хөнгөн зэргийн цус багадалт. Биохимийн шинжилгээнд гиперфосфатеми, гипокальцеми, шүлтлэг фосфатаза ихэссэн. Иммунологийн шинжилгээнд паратгормон ихэссэн - өөрчлөлтүүд илэрсэн ба лабораторийн бусад шинжилгээнүүдэд өөрчлөлтгүй.Электронейрографи/электромиографийн шинжилгээнд зүүн хөлд N.Peroneus-ын дисталь хэсгийн хөдөлгөөний хариу потенциалын амплитуд эрс буурсан, захын латенц уртассан, хурд Fibula ясны толгой хэсгээс тахимны хонхрын хооронд удааширсан, мэдрэхүйн хариу үүсээгүй. N.Tibialis-ын хариу потенциал хэвийн үүснэ.Бүтэн биеийн рентген шинжилгээнд нурууны муруйлт, аарцаг ясны тэнхлэг алдагдал, мөчдийн ясны өөрчлөлт, зарим үенүүдийн деформаци өөрчлөлт илэрсэн.Рентген шинжилгээнд илэрсэн яс ба үений өөрчлөлтүүд: (1-2) нурууны сколиоз ба кифоз, Т10, 11, 12-ын дарагдал хугарал, (3-4) аарцаг ясны тэнхлэг алдагдаж, зүүн тийш хазайсан, (4-5) зүүн талын дунд чөмөгний түвшин баруунаас доор байрласан, (6-7) баруун тохойн үений бүтэц алдагдаж, деформаци өөрчлөлт, нугаларсан склеротик өөрчлөлт үүссэн.Генетикийн шинжилгээ:  БНСУ-ын ... эмнэлэгт молекул генетикийн шинжилгээгээр  NTRK1 генийн мутаци илэрсэн.Мэдрэлийн дамжуулалтын шинжилгээгээр (Nerve conduction studies) дээд ба доод мөчдийн мэдрэхүйн гүнзгий алдагдал, дээд ба доод мөчдийг тэгш хэмтэй хамарсан мэдрэхүйн захын полиневропати (мэдрэлийн аксоны алдагдал) илэрсэн. Арьсны симпатик хариу урвалын шинжилгээгээр (Sympathetic skin response) хариу урвал илрээгүй.Эмнэлзүйн тохиолдлыг бичсэн: Б.Мөнхсайхан1, Н.Цэрэндулам1, Б.Туул1, П.Болортулга1, П.Жамьян1, М.Энхзол21-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв2-АШУҮИС, АУС, Хүүхдийн Анагаахын тэнхим

Дэлгэрэнгүй
Түгээмэл
Асуулт хариулт