Анагаах ухааны цахим сургалт
Яагаад
Цахим сургалт гэж?
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Та ажил, гэр, сургууль мөн жижүүрт хонох үедээ интернэт холболт бүхий ямар ч төрлийн төхөөрөмж ашиглан суралцах боломжтой.
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Та байгаа газраасаа цахимаар суралцсанаар цаг хугацаа төдийгүй, мөнгөө хэмнэж өөрт хэрэгцээтэй сургалтыг авах боломжтой.
Сургалтыг та өөрөө удирдана
Сургалтыг та өөрөө удирдана
Цахим сургалтаар та багшаа, сургалтын аргаа, сургалтын хурдыг, сургалтын сэдэв болон дэс дараалал зэргийг бүрэн удирдах боломжтой.
Танд санал болгох
Багцын мэдээлэл

6 сарын багц

69,900₮

6 сард нэг удаа төлнө

  • 2 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 10% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах

1 жилийн багц

99,900₮

Жилд нэг удаа төлнө

  • 3 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Онцлох хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 20% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах
Сүүлийн үеийн
Нийтлэлүүд
Сонсголын шванномагийн ховор тохиолдол
2025 оны 2-р сарын 20

Сонсголын шванномагийн ховор тохиолдол

Сонсголын Шваннома нь гавлын VIII хос мэдрэлийн үүдэвчийн салаанаас гаралтай, удаан ургалттай, хоргүй хавдар юм. Толгой, хүзүүнд тохиолдох нийт хоргүй хавдрын 35%-ийг эзэлж жилд дунджаар 10.4 сая тохиолдол шинээр бүртгэгддэг. Ихэвчлэн 30-60 насныханд хүйс хамааралгүй оношлогдоно.  Нийт тохиолдлын 90-ээс дээш хувьд нэг талын мэдрэлийг дарж ганц нэгээр үүсэх ба хэрэв хоёр талыг эсвэл олон тоотой бол нейрофиброматоз II хэвшинжтэй  холбоотой байж болно. Ихэнх судалгаануудаас үзвэл утасны хэрэглээ тархины хавдар (сонсголын шваннома багтана) үүсгэхэд нөлөөлнө гэж үзжээ. Мөн дуу чимээний бохирдол сонсголын шваннома үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Ихэнхдээ дотор акустик сувагт үүсэж бага тархи-гүүрний өнцгийг (БГӨ) хамарна. Хавдрын хэмжээ, байршлаас хамаарч эмнэлзүйн илрэл ялгаатай бөгөөд мэс засал эмчилгээний дараа ихэнхдээ дахидаггүй. Эмнэлзүйд  нэг талын давшингуй явцтай сонсгол бууралт, чих шуугилт илрэх ба хавдрын хэмжээ томрохын хэрээр бусад гавлын хос мэдрэлүүдийн дарагдлын шинжүүд (нүүрний саа, тэнцвэр алдагдал, толгой өвдөх) ажиглагдана. Сонсголын шванномаг нэн тэргүүнд менингиомагаас ялган оношлох шаардлагатай ба эд судлал болон иммунохистохимийн шинжилгээг хийж ялгана. Хистологид шванномаг илтгэх өвөрмөц Антони А – эсжилт ихтэй бүс ба эсүүд нь хашаа шиг эгнэн байрласан, бөөмүүд нь сунасан бүтэцтэй, Антони Б- сийрэг эсүүдийн бөөгнөрөл үүсгэсэн, цитоплзам нь салс ихтэй харагдахаас гадна сонсголын шванномагийн үед илүүтэй ажиглагдана.Эмнэлзүйн тохиолдол29 настай, эмэгтэй. Зовуурь: 2 чихний сонсгол буурна, шуугина, 2 нүд чилж өвдөнө, зүүн нүд анигдахгүй хуурайшна, 2 нүдний урдуур хар юм хөвнө, толгой эргэнэ, тэнцвэр алдагдана гэнэ. Мэдрэлийн эмчийн үзлэгээр нистагм (+), зүүн духны үрчлээ тэнэгэр, зүүн нүд анигдахгүй, зүүн хацраар хий алдана, зүүн амны булан унжсан, хэл баруун тийш татагдсан байв.Өвчний түүх: Архаг хууч өвчингүй, нэг жилийн өмнөөс чих шуугиж, толгой эргэн, тэнцвэр алдагдаж эхэлсэн. Зургаан сарын өмнө сонсгол шалгуулахад 2 чихний сонсгол буурсан байв. Хоёр сарын өмнө ...-ийн СРТ-ийн шинжилгээнд харуулж зүүн дотор чихний сувагт цагаан будаа шиг орчны эдээс сайтар зааглагдсан үүсгэвэр тодорхойлогдсон, зүүн талын XII мэдрэл хавагнаж зузаарсан тул Шваннома (Зураг 1A) гэж оношлогдож ...Э-т чихний дотор сувгаар дамжуулан хавдрыг авах мэс засал эмчилгээ хийгдсэн. Дотор сувгаар дамжуулан (translabyrinthine) хавдрыг авах мэс засал нь чихний ар хэсэгт зүслэг хийж арьс өөхөн эдээс чөлөөлж, хөхлөг сэртэнг авч (мастоидэктоми) , дотор чихний хөндийг араас нь нээн, дотор чихний сувгийг өрөмдөж хавдрыг гаргаж авдаг мэс засал юм. 3 см-с бага хэмжээтэй хавдрыг авахад тохиромжтой ба ойр орчмын сонсгол болон бусад мэдрэлийг гэмтээдэггүй, хүндрэл багатай мэс заслын сонголт юм.  Лабораторийн шинжилгээнд: HGB 10.8¯, HCT 34.7¯, MCV 76.9¯ цус багадалтын шинжтэй. Эд судлалын шинжилгээнд: Мэс заслаар авагдсан 4 ш 0.8х0.5х0.4 cм, 0.7х0.4х0.3 cм, 0.2х0.2х0.2 cм, 0.2х0.2х0.2 cм хэмжээтэй цайвар шаргал, зөөлөн эд ирж хистологид харахад тод будагдсан татагдсан бөөмтэй ээрүүл эсүүдээс бүрдсэн, үхжил болон митоз хуваагдал ажиглагдаагүй (Зураг 1B, C). Хашаа шиг эгнэн, шигүү байрласан ээрүүл эсүүд (Антони А) болон миксойд сийрэг (Антони В) эсгүй зураглалтай. Бусад ээрүүл эст хавдруудаас ялган оношлохын тулд Иммунохистохимийн S-100 эсрэгбиеэр эерэг будагдсан тул мэдрэлийн эсээс гаралтай, Шваннома гэж дүгнэсэн (Зураг 1D).Зураг 1. (A) Зүүн дотор чихний сувагт цагаан будааны ширхэг шиг орчны эдээс сайтар зааглагдсан үүсгэвэр (дугуйлж тэмдэглэсэн), зүүн талын XII мэдрэл хавагнаж зузаарсан (сумаар тэмдэглэсэн). Эд судлалын шинжилгээнд (В) нэгэн төрлийн татагдсан бөөмтэй ээрүүл хэлбэрийн эсүүд хашаа шиг эгнэн байрласан (Антони А) болон миксойд сийрэг эсгүй (Антони В) хэсгүүдтэй (ХЭ, х10). (С) Эдгээр эсүүдийн бөөм нь татагдсан, долгионтсон бөгөөд митоз хуваагдал, үхжил ажиглагдаагүй (x40). (Г) Иммунохистохимийн S-100 эсрэгбиеэр цитоплазмын будагдалттай тул эерэг гэж үнэлсэн (x10).Хэлцэмж: Шванномын 60%-аас дээш тохиолдлууд гавлын VIII хос мэдрэлээс гаралтай байдаг бол энэхүү тохиолдолд гавлын VII, VIII, XII хос мэдрэлийг хамарсан эмнэлзүйн шинж илэрсэн. Шваннома оношлогдсон 12 хүнд XII мэдрэл, 10 хүнд IX, X мэдрэл тус тус гэмтэж, 4 хүнд нүүрний саа, 4 хүнд бага тархи болон пирамид дарагдлын шинжүүд илэрсэн байна. Өөр нэг судалгаанд нэг талын сонсгол бууралт 80%, нэг талын чих шуугилт 6.3%, тэнцвэр алдагдах, толгой эргэх, толгой өвдөх шинж тус тус 3.8%, 3.4%, 2% илэрчээ. Сонсголын шванномаг эмчилсэн 1000 тохиолдол бүхий судалгаанаас үзвэл, VIII мэдрэлийн чихний дунгийн мэдрэл нийт тохиолдлын 95%-д гэмтэж, сонсгол алдагдал, чих шуугилт илэрсэн бол үүдэвчийн мэдрэл 61%, хөнгөнөөс дунд зэргийн тэнцвэр алдагдал, V мэдрэл 17%, нүүр бадайрах, өвдөх шинж, VII мэдрэл 6% , нүүрний саа, амт алдагдах, нүд хуурайших зэрэг шинжүүд илэрсэн. Дунджаар жилд 1.9 мм-ээр томрох ба 80-ээс дээш хувьд бага тархи-гүүрний өнцөгт тохиолдоно. Тодосгогчтой СРТ-аар жижиг хэмжээтэй хавдруудыг оношлох боломжтой ба тодосгогчгүй СРТ болон КТ-оор зарим тохиолдолд жижиг хавдрууд харагдахгүй байх магадлалтай.Эд судлалын шинжилгээнд ээрүүл эст хавдрууд болох Шваннома, Лейомиома, Нейрофиброма зэргийг өөр хооронд нь ялган оношлох хэрэгтэй болдог. Энгийн хематоксилин эозины будгийн аргаар дангаар нь ялгахад хүндрэлтэй байдаг тул нэмэлт иммунохистохимийн эсрэгбие ашиглах шаардлагатай болдог. Шванномаг Антони А болон Б зураглалаар нь нейрофибромагаас ялган оношилж болно. Мөн иммунохистохимийн S100 эерэгбие Шванномын эсүүдийн цитоплазмд тархмал, тод будагддаг бол нейрофиброма дээр сул, захын мэдрэлийн бүрхүүлээс гаралтай хортой хавдрын (ЗМБГХХ) тохиолдлын 50-60%-д сөрөг будагдана.CD34 эерэгбие нь нейрофиброма болон Шванномын Антони А зураглал дээр эерэг будагдана. Гэхдээ CD34 эерэг будагдалт нь өвөрмөц бус буюу бусад олон төрлийн хавдрууд (фибробласт, миофибробласт, фибро-хистоцит, судас, мэдрэл, өөх, гөлгөр булчин, нөсөөт болон эпителийн гаралтай хавдрууд)-ын  үед эерэг гарах тул захын мэдрэлийн бүрхүүлээс гаралтай (ЗМБГХ) хавдруудыг оношлох өвөрмөц маркер болж чаддаггүй. Sox10 нь ЗМБГХ-ыг мезенхимээс гаралтай хавдраас ялгахад тусална. Sox10, Калретин нь Шванномаг нейрофиброма болон менингиомаас ялган оношлоход тустай. Мөн Sox10 нь Шванномаг фибросаркома, лейомиосаркома болон синовиал саркомагаас тус тус ялгана. Бусад нестин, EGFR, p16, Ki-67 биомаркерууд нь ЗМБГХХ-ыг Шваннома болон нейрофибромагаас ялгана. Иймээс эд судлалын шинжилгээнд өвөрмөц хавдруудын ялган оношилгоонд батлах эсвэл үгүйсгэх зорилгоор иммунохистохимийн эсрэгбие ашиглах шаардлагатай байна.Дүгнэлт: Шваннома нь эмнэлзүйд нэг талын сонсгол алдагдлаар илэрч дүрс оношилгоогоор эрт үедээ оношлогдох боломжтой тавилан сайтай хавдар юм. Гэхдээ эд судлалын шинжилгээ, иммунохистохимийн эерэгбиеийн тусламжтай оношийг баталгаажуулах нь цаашдын эмчилгээнд ач холбогдолтой.Эмнэлзүйн тохиолдлыг бичсэн:Э.Халиун1, Э.Энхжин1, П.Гантуяа1, З.Ганцэцэг1, Д.Нямдулам1, М.Уугантамир1, А.Цэнд-Аюуш3, Э. Жаргалхүү3,   Б . Халиун4, Ш.Тунгалагтамир5, Б.Уранчимэг2, З.Энхзул2, Э.Баярмаа1,2, , Л.Саямаа1,21 -АШУҮИС, БАС, Эмгэг Судлал, Шүүх Эмнэлгийн Тэнхим,  2- АШУҮИС, МЯЭ, Эмгэг судлалын тасаг,  3 -АШУҮИС, МЯЭ, Чих хамар хоолойн тасаг,  4 -АШУҮИС, МЯЭ, Дүрс оношилгооны тасаг, 5 -АШУҮИС, МЯЭ, Мэдрэл судлалын тасаг

Дэлгэрэнгүй
Венийн судасны өргөсөл - товч тойм
2025 оны 4-р сарын 4

Венийн судасны өргөсөл - товч тойм

54 настай, 70 кг жинтэй эрэгтэй, хоёр хөлийн судас бүдүүрсэн гэсэн зовиуртай өрхийн эмчдээ хандсан. Бүдүүрэл нь сүүлийн 15 жилийн турш аажмаар бүдүүрч товойсон гэв (Зураг 1). Оройн цагаар шилбэний урд хэсэг болон шагай орчмоор загатнаж, хавагнадаг бөгөөд шөнө хөлөө өргөж унтахаар зовиурууд багасдаг гэж хэлсэн. Асуумжаар хөлөөр өвдөх, венийн судасны тромбоз, хөлний гэмтэл, бусад эмгэг зэргийг үгүйсгэсэн. Мөн түүний ээж, 2 дүү нь венийн судасны өргөсөлтэй байсан. Тэрээр даралтат оймс (20-30 мм.муб) өмсөж үзсэн боловч өмсөхөд төвөгтэй, эвгүй байсан тул хэрэглэхээ больжээ.Зураг 1. Хоёр хөлний венийн судасны өргөсөл.Өрхийн эмч асуумж, зовиурт үндэслэн түүнийг судасны мэс засалчид илгээсэн. Допплер хэт авиан шинжилгээгээр гуяны болон saphenous венийн судас мэдэгдэхүйц өргөсч, рефлюкс илэрсэн хэдий ч гүний венийн тромбозын шинж илрээгүй. Мэс засалч хоёр хөлний өргөссөн венийн судсанд радио долгионт аблаци (РДА) эмчилгээ хийсэн ба судасны байдал мэс заслын дараа илтэд сайжирсан (Зураг 2). Долоо хоногийн дараа давтан допплер хийхэд гүний венийн тромбоз илрээгүй.Зураг 2. Хоёр хөлөнд радио долгионт аблаци хийсний дараа венийн судасны өргөсөл мэдэгдэхүйц сайжирсан байдал.ХӨЛИЙН ВЕНИЙН СУДАСНЫ ӨРГӨСӨЛВенийн судасны өргөсөл нь венийн архаг өвчний түгээмэл тохиолддог эмнэлзүйн илрэл юм. Доод мөчдөд ихэвчлэн их ба бага saphenous вен болон тэдгээрийн салааг хамардаг ба 3 мм ба түүнээс дээш голчтой өргөсөлтийг венийн судасны өргөсөл гэж тооцдог.Хөлний венийн судасны өргөсөл нь судасны хавхлагын дутмагшил, бөглөрөл, эсвэл эдгээрийн хослолоос үүдэлтэйгээр венийн даралт ихсэж улмаар судас өргөсөлт явагдах ба ингэснээр венийн хэвийн урсгал алдагддаг. Венийн судас өргөсөхөд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсэд удаан хугацаагаар зогсох, алхах шаардлагатай ажил мэргэжлүүд, мөн венийн тромбозын өгүүлэмж, гэмтэл зэрэг олон шалтгаанууд багтана.Венийн архаг эмгэгийг эмнэлзүй, шалтгаан, хэлбэр, эмгэг жамыг (CEAP) үндэслэн ангилдаг (Зураг 3). Уг ангилалаар харагдах байдлаар нь C0 (харагдахгүй, тэмтрэгдэхгүй) -ээс C6 (венийн шархлаа) хүртэл үнэлэх ба  уг өвчтний венийн судасны өргөслийг C3 гэж үнэлсэн.Зураг 3. CEAP ангилалҮнэлгээВенийн судас өргөссөн үед ямар нэгэн шинж тэмдэггүй байж болох ба эсвэл хөлөөр өвдөх, хүндрэх, хавагнах, хуурайших, загатнах, арьсны өөрчлөлт, шархлаа үүсэх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч болно. Венийн судас өргөссөн өвчтөнийг үзэхдээ өргөслийн хэлбэр, тархалтыг үнэлэх нь чухал. Шинж тэмдэг бүхий венийн судасны өргөсөлтэй, умдагны дээд хэсэг эсвэл хэвлийн ханын венийн судас өргөссөн өвчтөнүүд, мөн хөл нь хүндэрч, дүүрч, хавагнаж, эрээн шилбээр өвддөг бол ташаа-гуяны венийн бөглөрлийг сэжиглэж допплер хэт авиан шинжилгээгээр зайлшгүй үнэлэх шаардлагатай. Гуяны дотор талын эсвэл гадна бэлэг эрхтний венийн судас өргөссөн, аарцгийн венийн зогсонгишлын шинж тэмдэг (жишээ нь, аарцгийн архаг өвдөлт, сарын тэмдгийн үеийн өвдөлт, бэлгийн хавьтлын үеийн өвдөлт, шээс ойр ойрхон хүрэх) илэрсэн тохиолдолд аарцгийн венийн эмгэгийг допплероор үнэлэх шаардлагатай. Хуухнагийн венийн судас өргөсөх нь төмсөгний венийн дутмагшил, ‘nutcracker’ хам шинж (дээд чацархайн артери ба гол судасны хооронд зүүн бөөрний венийн судас дарагдах), доод хөндийн венийн гэмтэл, эсвэл бөөрний хавдрыг илтгэж болно.Өнгөт допплер хэт авиан шинжилгээ нь венийн судасны өргөсөлтэй өвчтөнүүдэд гүний болон өнгөц венийн тромбозийг үгүйсгэх зорилгоор зайлшгүй хийдэг оношилгоо юм.Венийн архаг дутмагшлыг ялган оношлоход тунгалгийн хаван, зүрхний зогсонгишлын дутагдал, бөөрний өвчин зэргийг харгалзан үзэх хэрэгтэй.Эмчилгээний сонголтуудВенийн судасны өргөсөлийг эмчлээгүй тохиолдолд венийн шархлаа, өвдөлттэй болох, эсвэл ихэнхдээ гоо сайхны талаас асуудал үүсч болно. Доод мөчний венийн архаг өвчний эмчилгээ нь CEAP ангилал болон Венийн Эмнэлзүйн Хүндрэлийн Оноонд (Venous Clinical Severity score) суурилсан өвчний хүндрэлийн зэргээс хамаардаг.Венийн судасны өргөслийн эмчилгээ нь ихэвчлэн дунд зэргийн даралттай оймс (20-30 мм.муб) өмсөж хэвших, жин хасах, хөлийг өндөрлөх зэрэг амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс эхэлдэг. Даралттай оймс өмсөх нь шинж тэмдгийг сайжруулж, хаванг хянаж, босоо байрлал дахь венийн даралтыг бууруулах ач холбогдолтой. Гэсэн хэдий ч даралтат оймс өмсөх нь венийн судасны өргөслийн үндсэн эмчилгээ гэж үзэх хангалттай нотолгоо байдаггүй. Даралттай оймс хэрэглэхийг зөвлөхдөө өвчтөнд артерийн судасны эмгэг хавсарч байгаа эсэхийг шалгах нь зүйтэй бөгөөд даралтат оймс нь артерийн судсыг дарж, ишемийг дордуулж болзошгүй. Мөн практикт тухгүй байдлаас болж, даралттай оймсыг тогтмол хэрэглэх байдал нь харьцангуй бага байдаг байна (37% хүртэл).Эхний эмчилгээнд үр дүнгүй эсвэл их/бага saphenous венийн аксиал рефлюкстэй, зовиур бүхий өвчтнүүдийг судсан дотуурх эмчилгээ (лазер болон радио долгионт аблаци ба судас хөлдөөх (склеротерапи)) эсвэл нээлттэйгээр венийн мэс засал (боох эсвэл тайрах) хийлгэх зорилгоор судасны мэс заслын эмчид илгээнэ. Мэс заслын төрлийг венийн гэмтлийн хэмжээ, байршил, тархалтад үндэслэн сонгоно.Радио долгионт аблацийн дараа судасны харагдац 70% орчим сайжирдаг бөгөөд өвчтөн эмчилгээний дараа 7-10 хоног даралтат оймс өмсөж, хөдөлгөөнийг аль болох эрт хийснээр уг эмчилгээний үр дүн нэмэгддэг. Радио долгионт аблацийн хүндрэлүүдэд гүний венийн тромбоз, халууны нөлөөгөөр үүссэн тромбын тэлэлт, эсвэл ховор тохиолдолд уушгины эмболи зэрэг багтана. Уг ажилбарын дараа 1 долоо хоногийн дотор допплер шинжилгээ хийхийг зөвлөх ёстой.Эх сурвалж: Cleveland Clinic Journal of Medicine July 2024,

Дэлгэрэнгүй
Маститийн үед антибиотикийг яаран эхлэх нь зөв үү
2025 оны 5-р сарын 2

Маститийн үед антибиотикийг яаран эхлэх нь зөв үү

Төрөөд сар орчим болж буй эмэгтэй сүүлийн 12 цагийн турш хөх өвдөж эмзэглэнэ, халуун оргино, хавдана гэсэн зовиуртай эмнэлэгт хандсан. Зовуурь ихтэй байгаа тул хүүхдээ хөхүүлэхгүй байгаа гэнэ. Уг эмэгтэйд антибиотик эмчилгээ зөвлөх шаардлагатай юу?Маститийн үед антибиотик эмчилгээ тэр бүр шаардлагагүй байдаг. Шинж тэмдгийн үргэлжлэх хугацаа, хүндрэл зэргээс хамаарч зарим тохиолдолд эмийн бус эмчилгээгээр эмчилдэг бол зарим тохиолдолд антибиотик эмчилгээг эхлүүлнэ.МАСТИТИЙН ТОДОРХОЙЛОЛТХөхүүл үеийн мастит гэдэг нь хөхөөр хооллох эсвэл саалтуур ашиглаж буй үед  тохиолддог сүүний суваг, цулцан болон ойролцоох эдийн үрэвсэлт эмгэг юм. Ойролцоогоор 4 хөхүүл эмэгтэй тутмын 1-т мастит оношлогддог.Маститын хүрээний эмгэгүүдэд: хэт их сүү ялгаралт (нярайн хэрэгцээнээс илүү хэмжээний сүү үүсэх), дисбиоз, сүүний сувгийн нарийсал, үрэвсэлт мастит, нянгийн гаралтай мастит, флегмон, халдварлагдсан галактоцеле, буглаа зэрэг хамаарна. Уг өвчний даамжралаас урьдчилан сэргийлэхийн тулд заалтын дагуу эмийн бус эмчилгээ эсвэл өргөн хүрээний антибиотикийг цаг алдалгүй, зөв цагт нь зөвлөх нь чухал юм.ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ БА ОНОШИЛГООҮрэвсэлт эсвэл нянгийн гаралтай маститын үед хөх нилэнхүйдээ өвчин эмзэглэл ихтэй байх төдийгүй хатуурсан, улайлттай, маш их халуун байхаас гадна сүүний гарц буурах, халуурах, жихүүдэс хүрэх зэрэг шинжүүд илэрдэг. Амин үзүүлэлтийг шалгахад сепсис эсвэл шингэн алдалттай өвчтөнд зүрхний цохилт олшрох, халуурах, цусны даралт буурах шинж илэрч болох хэдий ч энэ нь харьцангуй ховор тохиолддог байна.Хэрэв шинж тэмдэг 24-48 цагаас илүү хугацаанд үргэлжилж эсвэл даамжирч, мөн хэсэг газрын, тодорхой хүрээтэй хавдар, улайлттай хавсарвал эмч флегмон, буглаа, эсвэл халдварлагдсан галактоцелег сэжиглэх хэрэгтэй. Флегмон нь зөөлөн эдийн хэсэг газрын үрэвсэлт бөөгнөрөлөөс үүсдэг бол Буглаа нь эд доторх идээ бээрийн битүү хуримтлал юм. Галактоцеле нь халдварлагдаж болох бөгөөд сүүний суваг бөглөрсний дараа хөхөнд үүсдэг зөөлөн уйланхай бүтэц юм. Эдгээр эмгэгүүдийн ялгахад хэт авиан шинжилгээ ач холбогдолтой байдаг. Антибиотик эмчилгээ эхэлсэн хэдий ч эмчилгээ үр дүнгүй байх тохиолдолд хөхний сүүний өсгөврийн шинжилгээ хийх шаардлагатай.ЭХНИЙ ШАТНЫ БА ХӨНГӨН ШИНЖ ТЭМДГИЙН ҮЕИЙН ЭМЧИЛГЭЭЗовуурь харьцангуй багатай, хөхний хэсэг газрын өөрчлөлт нь 24-48 цагийн дотор арилж буй эхчүүдэд антибиотик хэрэглэхгүйгээр эмийн бус аргаар эмчилж болно. Энэ тохиолдолд хүүхдээ хөхүүлэхээ зогсоох шаардлагагүй гэдгийг хэлж ойлгуулах хэрэгтэй. Маститтай үед хүүхдээ хөхүүлэх нь нярайн эрүүл мэндэд ямар нэгэн аюул учруулахгүй юм.Эмийн бус эмчилгээнд: ээж хөхний тунгалгийн булчирхайн (суганы ба эгэмний дээд) чиглэлд хөнгөн дөрж, илэх хөдөлгөөнөөр (муур илэхтэй ижил хэмжээний даралтаар) тунгалгийн урсгалыг дэмжиж болно. Харин хүчтэй, даралттайгаар иллэг хийх эсвэл чичиргээт төхөөрөмж хэрэглэх зэргээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь эдгээр нь хялгасан судас болон эдийг гэмтээж болзошгүй.Хөх маш их хавдсан тохиолдолд сүүг гараар саах нь саалтуураар саахаас илүү үр дүнтэй байдаг. Харин саалтуур хэрэглэх шаардлагатай бол эмч саалтуурыг хэрхэн ашиглах тухай дараах зөвлөмжийг өгнө.Зөвхөн саалтуураар саадаг бол хэт их сүү ялгаралтаас сэргийлэхийн тулд нярайн хэрэглэдэг сүүний хэмжээтэй (1-6 сартай нярайд өдөрт ойролцоогоор 830-890 мл) тэнцэх хэмжээгээр саах хэрэгтэй. Хэрэв нярайн жин зохих ёсоор нэмэгдэж байвал хэт их сүү ялгаралтаас сэргийлж сүү саалтыг багасгах эсвэл зогсоох.Хөхний эдийг гэмтээхгүйн тулд дунд зэргийн сорох хүчээр саах.Саалтуурын хошуу зөв хэмжээтэй эсэхийг хөхөөр хоололтын мэргэжилтэнтэй зөвлөлдөж болно.Саалтуурыг гараар, зориулалтын угаагч шингэнээр эсвэл аяга таваг угаагчид халуун усаар цэвэрлэх.Эхийн хөхөнд хаван, хавдалт нэмэгдэхээс сэргийлж тохирсон хэмжээтэй, хөхний зөв даруулга зүүх хэрэгтэй бөгөөд хүүхдээ хөхүүлсний дараа дээш харан хэвтэж хүйтэн жин тавьж, стеройд бус үрэвслийн эсрэг эм (NSAIDs) хэрэглэж болно. Харин байцааны навчаар жин тавих гэх мэт ардын аргуудыг нотолсон нотолгоо байхгүй ба эсрэгээрээ байцаан навч нь Листери (Listeria) нянгаар бохирдсон байж болзошгүй тул хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Түүнчлэн нярайн хэрэгцээнээс илүү хөхүүлэх, илүү хэмжээгээр саахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн хөхөө усанд дүрэх (арьсыг цочроож, шархлуулж болзошгүй), хүчтэй иллэг хийх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай болохыг анхаарна уу.ХҮНД БУЮУ УДААН ҮРГЭЛЖИЛСЭН ШИНЖ ТЭМДГИЙН ҮЕИЙН ЭМЧИЛГЭЭӨвдөлт зовуурь ихтэй, өндөр халуурсан, булчингаар өвдсөн зэрэг шинж тэмдэг бүхий эхчүүдэд эмийн бус эмчилгээг эхлүүлснээс хойш 24-48 цагийн дотор зовуурь багасахгүй байгаа тохиолдолд дараах арга хэмжээг яаралтай эхлэнэ.Нянгийн гаралтай маститын үеийн антибиотик эмчилгээЭхний сонголтонд диклоксациллин 500 мг-аар өдөрт 4 удаа эсвэл цефалексин 500 мг-аар өдөрт 4 удаа, тус бүрийг 10-14 хоног хэрэглэнэ. Хоёрдох сонголтоор клиндамицин 300 мг-аар өдөрт 4 удаа эсвэл триметоприм-сульфаметоксазол 160 мг/800 мг-аар өдөрт 2 удаа, тус бүрийг 10-14 хоног хэрэглэнэ. Триметоприм-сульфаметоксазолыг дутуу төрсөн, нярайд гипербилирубинеми илэрсэн эсвэл глюкоз-6-фосфат дегидрогеназын (G6PD) дутагдалтай жирэмслэлтийн хүндрэлтэй эхэд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй!ХӨХНИЙ СҮҮ ӨСГӨВӨРЛӨХ ШИНЖИЛГЭЭАнтибиотик эмчилгээ хийснээс хойш 48 цагийн дараа шинж тэмдэг арилахгүй байвал маститтай хөхнөөс сүүний өсгөврийн шинжилгээ авч метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus (MRSA) болон бусад тэсвэртэй эмгэг төрүүлэгчдийг үгүйсгэнэ. Шинжилгээг хийхдээ хөхний толгойг антисептикээр (жишээ нь, спирттэй арчдас) цэвэрлэж дээж авна. Дээж авах үедээ масттиттай хөхний толгойг ариун саванд хүргэхээс зайлсхийнэ.! Эмч эсвэл хөхүүл эх өөрөө ариун бээлий өмсөж, хөхөө сааж сүүгээ ариун саванд хийнэ. 5-10 мл хөхний сүүг лабораторид "биеийн шингэний өсгөвөр" гэж илгээнэ. Өсгөврийн хариуг хүлээх зуур хүүхдээ хөхүүлэх эсвэл сүүгээ сааж болно. Учир нь маститтай үед хөхөөр хооллох нь нярайд аюулгүй гэж үздэг.ХЭТ АВИАН ШИНЖИЛГЭЭБуглаа, флегмон, эсвэл халдварлагдсан галактоцелег сэжиглэж байвал хэт авиан шинжилгээ хийж, яаралтай (тухайн өдөртөө) дүрс оношилгооны болон мэс заслын эмчтэй зөвлөлдөнө. Шингэний хуримтлалыг хэт авиан хяналтан дор мэс заслын аргаар дренаж хийж гадагшлуулна. Антибиотик эмчилгээнд үр дүнгүй үед үрэвсэлт хэлбэрийн хөхний хорт хавдрыг ялган оношлох зорилгоор хөхний нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.АНХААРУУЛГА: Хөхний толгойн цэврүүг хагалж болохгүйг эхэд анхааруулХөхний толгойн цэврүү (маститаас үүдэлтэй сувгийн үрэвсэл) хагарах, хуурахаас сэргийлж, триамцинолон 0.1% стеройд тосыг долоо хоногийн турш өдөрт 2 удаа түрхэхээр бичиж өгнө. Нярайг хөхүүлэхээс өмнө түрхсэн тосыг алчуураар арчиж байхыг эхэд зөвлөнө.МАСТИТ ДАХИХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ Дөнгөж төрсөн эхчүүдэд хүүхдээ хэрхэн зөв хөхүүлэх талаар эмч мэргэжилтэнүүд маш сайн зөвлөгөө өгөх хэрэгтэй. Ялангуяа нярайг "хүссэн үед" хөхүүлж байх нь хөхний сүү оролтыг нэмэгдүүлдэг болохыг эхэд тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.Хэрэв эх сүү ихтэй эсвэл гиперлактацитай бол сүүний гарцыг аюулгүй бууруулахад анхаарал хандуулж хөхөөр хоололтын мэргэжилтнээс зөвлөгөө авахуулах шаардлагатайг анхаарна уу!Мастит, ялангуяа дахилтат мастит нь сэтгэл түгшилт, сэтгэл гутралтай холбоотой байдаг тул сэтгэл зүйч эсвэл сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй.Маститаас сэргийлэхийн тулд хөхүүл эхчүүд пробиотик хэрэглэхийг (Limosilactobacillus fermentum эсвэл илүү зохимжтой нь Ligilactobacillus salivarius) зөвлөж болно.Сувгийн бөглөрлөөс сэргийлэн сүүг шингэрүүлэхэд туслах зорилгоор өдөрт 5-10 гр наранцэцгийн эсвэл шар буурцгийн лецитиныг ууж хэрэглэхийг зөвлөж болно.Нярайг хөхүүлэхдээ хөхний толгойн хамгаалалт ( nipples shields - хөхний толгой дээр өмсдөг силикон хэрэгсэл)-ыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэхүү хэрэглэл нь нярай сүүгээ хангалттай хөхөх боломжийг бууруулж улмаар хөхний сүү гүйцэд гадагшлахгүй үлдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.Шаардлагагүй үед антибиотик хэрэглэхээс зайлсхийж, хөхний эрүүл микробиотыг хадгалах хэрэгтэй.Эх сурвалжMitchell KB, Johnson HM, Rodríguez JM, et al. Academy of Breastfeeding Medicine Clinical Protocol #36: the mastitis spectrumWilson E, Woodd SL, Benova L. Incidence of and risk factors for lactational mastitis: a systematic review. J Hum Lact 2020; 36(4)Louis-Jacques AF, Berwick M, Mitchell KB. Risk factors, symptoms, and treatment of lactational mastitis. JAMA 2023; 329(7)Weaning from the breast. Paediatr Child Health 2004; 9(4):249–263.Centers for Disease Control and Prevention. How to keep your breast pump clean. Updated February 21, 2023.Crepinsek MA, Taylor EA, Michener K, Stewart F. Interventions for preventing mastitis after childbirth. Cochrane Database Syst Rev 2020; 9(9)Moreb N, Murphy A, Jaiswal S, Jaiswal AK. Cabbage. In: Jaiswal AK, ed. Nutritional Composition and Antioxidant Properties of Fruits and Vegetables. London, UK: Elsevier; 2020:33Fernández L, Pannaraj PS, Rautava S, Rodríguez JM. The microbiota of the human mammary ecosystem. Front Cell Infect Microbiol 2020;

Дэлгэрэнгүй
Түгээмэл
Асуулт хариулт