Анагаах ухааны цахим сургалт
Яагаад
Цахим сургалт гэж?
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Та ажил, гэр, сургууль мөн жижүүрт хонох үедээ интернэт холболт бүхий ямар ч төрлийн төхөөрөмж ашиглан суралцах боломжтой.
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Та байгаа газраасаа цахимаар суралцсанаар цаг хугацаа төдийгүй, мөнгөө хэмнэж өөрт хэрэгцээтэй сургалтыг авах боломжтой.
Сургалтыг та өөрөө удирдана
Сургалтыг та өөрөө удирдана
Цахим сургалтаар та багшаа, сургалтын аргаа, сургалтын хурдыг, сургалтын сэдэв болон дэс дараалал зэргийг бүрэн удирдах боломжтой.
Танд санал болгох
Багцын мэдээлэл

6 сарын багц

69,900₮

6 сард нэг удаа төлнө

  • 2 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 10% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах

1 жилийн багц

99,900₮

Жилд нэг удаа төлнө

  • 3 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Онцлох хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 20% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах
Сүүлийн үеийн
Нийтлэлүүд
Артерийн даралт буулгах эмийг орой уулгах нь зөв үү?
2025 оны 4-р сарын 8

Артерийн даралт буулгах эмийг орой уулгах нь зөв үү?

Артерийн даралтыг (АД) хянах нь зүрх судасны өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлдэг нь тодорхой боловч АД бууруулах эмийг хэзээ уулгах нь илүү үр дүнтэй байдаг тал дээр хангалттай судалгаа байхгүй байна. Зарим эмч, судлаачид оройн цагаар уух нь зөв гэдэг бол зарим судлаачид өглөө АД-ын эмийг ууснаар өдрийн цагаар артерийн даралт буурах эрсдэлтэй гэж үзэж байна. Иймээс эмийн тун, уух цагийг тохируулахдаа эрсдэлт хүчин зүйлс болон өвчтөний өөрийн сонголтод тулгуурлан шийдвэрлэх нь чухал болов уу!ТОХИОЛДОЛ 1: ӨГЛӨӨНИЙ ДАРАЛТ ӨНДӨРТЭЙ ӨВЧТӨНАртерийн гипертензи, архаг ишеми оноштой өвчтөн АД буулгах эмээ өглөө тогтмол цагт уудаг. Бүтэн өдрийн турш АД нь тогтвортой байдаг хэдий ч өглөө эм уухаас өмнө даралт нь ихэссэн байдаг гэсэн тул эмч эм уух цагийг өөрчлөн, орой унтахын өмнө ууж байхаар зөвлөжээ. Учир нь АД нь өдрийн хэмнэлийг дагаж хэлбэлзэн шөнөдөө буурч (шөнийн бууралт), өглөөгүүр нэмэгдээд байгаа юм байна. Мөн өглөөний АД огцом ихсэлт нь зүрх судасны хүндрэлүүд, эсвэл зарим эмгэгүүдтэй холбоотой байх магадлалтай, мөн АД бууруулах эмийг орой уух нь зүрх судасны өвчний эрсдэлээс хамгаална гэж үзээд эмч ийнхүү эм уух цагийг өөрчилсөн байна.Артерийн гипертензитэй өвчтөнүүдийг 24 цагийн холтер даралтын аппаратаар хэмжиж, хянасаны үндсэн дээр систолын даралтыг шөнийн бууралтын хэв шинжээр дараах байдлаар ангиллдаг. Хэт "буурагч" (extreme dippers): 20%-иас илүү буурахБуурагчид (dippers): 10%-20% хүртэл буурах (Хэвийн)Буурдаггүй хүмүүс (nondippers): 10%-иас бага буурахУрвуу буюу эсрэг ихсэх (reverse dippers): Шөнийн систолын даралт өөрчлөгдөхгүй эсвэл нэмэгдэх.Систолын даралт шөнөдөө хангалттай хэмжээнд буурахгүй байгаа өвчтнүүдэд зүрх судасны хүндрэлүүдэд өртөх эрсдэл өндөр байдаг. Иймээс оройн цагаар АД буулгах эмийг уух нь шөнийн даралтыг бууруулна гэсэн таамаглалаа Хермида болон бусад судлаачид доорхи 2 судалгаагаар шалгаж, нотолсон байна.· MAPEC судалгаа (Monitorización Ambulatoria Para Predicción de Eventos Cardiovasculares [Зүрх Судасны Эмгэгийг Урьдчилан Таамаглах Хоногийн Артерийн Даралтын Хяналт]-нд эмчилгээ үр дүнгүй байсан болон эмийн эмчилгээнд тэсвэртэй гипертензитэй 2,156 өвчтөнийг хамруулжээ. Өвчтөнүүдийг 2 бүлэг болгон эхний бүлэгт АД буулгах эмийг оройн унтахынхаа өмнө, дараагийн бүлэгт АД-ын эмээ өглөө сэрээд уухыг зөвлөсөн байна. Бүх шалтгаант нас баралт ба зүрх судасны эмгэгүүдийг уг 2 бүлэгт харьцуулахад унтахын өмнө буюу орой эмээ уудаг бүлэгт статистикийн хувьд мэдэгдэхүйц бага байсан бөгөөд hazard ratio (HR) 0.39 (95% итгэх интервал [CI] 0.29–0.51, P<.001) байв.· Hygia Chronotherapy Trial-аар АД буулгах эмээ унтахын өмнө уудаг өвчтөнүүдийг, өглөө сэрсний дараа эмээ уудаг өвчтөнүүдтэй харьцуулан зүрх судасны өвчний эрсдэлийг судалсан байна. Судалгааны үр дүнд зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт, зүрхний шигдээс, зүрхний титэм судасны ажилбар, зүрхний дутагдал, тархины цус харвалт зэргийг тооцолсон бөгөөд MAPEC туршилтын нэгэн адил, унтахын өмнө эмээ уудаг бүлэгт статистикийн хувьд мэдэгдэхүйц илүү үр дүнтэй байсан бөгөөд HR 0.55 (95% CI 0.50–0.61, P<.001) байжээ. Гэсэн хэдий ч бусад судлаачид эдгээр үр дүнгүүдийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь түүвэрлэлт болон эмчилгээний бүлэгт хуваариласан арга зүй эргэлзээтэй, мөн effect size-ийн хэмжээг хэт өндөр гэж дүгнэжээ.2018 онд HARMONY судалгаагаар (Hellenic-Anglo Research Into Morning or Night Antihypertensive Drug Delivery) өвчтөнүүдийг өглөө эсвэл орой АД бууруулах эм уух бүлэгт санамсаргүй байдлаар хуваарилж, 12 долоо хоногийн турш солбицох загварыг (crossover design) ашиглаж судалгааг хийсэн байна. Уг судалгаагаар эдгээр бүлгүүдийн хооронд ямар нэгэн ялгаа ажиглагдаагүй ажээ.2022 онд Маккензи ба бусад судлаачид TIME судалгаа (Treatment in Morning vs Evening)-ны үр дүнг нийтэлсэн бөгөөд үүнд 21,000 гаруй өвчтөнг хамруулан өдөрт нэг удаа эмээ өдөр эсвэл орой уух гэсэн 2 бүлэгт санамсаргүй байдлаар хуваарилан судалгааг хийжээ. Өвчтөнүүдийг дунджаар 5,2 жилийн турш даган судалсан байна. Судалгааны үр дүнд үхэлд хүргээгүй зүрхний шигдээс, тархины цус харвалтын улмаас эмнэлэгт хэвтэх, судасны шалтгаант нас баралт зэргийг багтаан харьцуулан судалсан бөгөөд орой эм уудаг бүлгийн өвчтөнүүдийн 3.4%-д, өглөө эм уудаг бүлгийн өвчтөнүүдийн 3.7%-д эдгээр хүндрэл болон нас баралт ажиглагдсан байна (HR 0.95; 95% CI 0.83–1.10; P = 0.53). Иймээс эдгээр судлаачид АД бууруулах эмийг өвчтөн өөрт аль тохиромжтой үедээ уух нь зөв гэж зөвлөжээ.ТОХИОЛДОЛ 2: УНАХ ЭРСДЭЛ БА ГЛАУКОМЫН ХҮНДРЭЛГлауком, артерийн гипертензи, 2-р хэлбэрийн чихрийн шижингийн өгүүлэмжтэй, 67 настай эмэгтэй эмчид үзүүлэхээр ирсэн. Тэрээр АД буулгах эмээ тогтмол ууж чаддаггүй, зарим өглөө эмээ уухаа мартдаг гэнэ. Өвчтөн бусад эмүүдээ тогтмол оройн цагаар уудаг хэдий ч эмчийнхээ зөвлөснөөр АД-ын эмийг глауком хүндрэхээс болон унах эрсдэлээс сэргийлж оройн цагаар огт уудаггүй байна.Хуучны судалгаануудаар АД багасах нь (систолын даралт < 120 мм МУБ) унах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг байсан тул эмч нар өглөө ортостатик шинж тэмдэг илрэхээс сэргийлж, унах эрсдэлийг багасгахын тулд орой артерийн даралт бууруулах эм бичиж өгөхөөс зайлсхийдэг байв. Харин сүүлийн үед хийгдсэн судалгаагаар АД-ыг эрчимтэй хянах үед (систолын даралт < 120 мм МУБ) синкопийн эрсдэл нэмэгддэг хэдий ч унах эрсдэл нэмэгдээгүйг харуулсан. TIME судалгаагаар (Treatment in Morning vs Evening) толгой эргэх, унах зэргийн үр дүнг тооцсон ба орой эм уудаг бүлгийн өвчтөнүүд өглөөний бүлгийнхээс цөөн удаа унасан байна. Харин өглөө АД-ын эм уудаг бүлэгт толгой эргэх, дайвалзах тохиолдол илүү олон гарчээ.Артерийн даралт бууруулах эмийг орой уухтай холбоотой өөр нэг санаа зовоосон асуудал бол глауком өвчин юм. Биеийн ерөнхий артерийн даралт шөнөдөө буурах нь нүдний цусан хангамжийг бууруулж, энэ нь харааны мэдрэлийн цусан хангамжийг багасгаж, глаукомын гэмтлийг гүнзгийрүүлж болзошгүй гэж үздэг. Судалгаануудаас харахад энэ таамаглал нь бүрэн нотлогдоогүй ч АД өндөр байх, буурах нь хоёулаа глаукомын хүндрэлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоонууд гарсаар байгаа юм.Мета-анализ судалгаагаар шөнө АД буурах нь глаукомын гэмтэл хүндрэх болон харааны талбай алдагдах эрсдэлт хүчин зүйл болдог болохыг тогтоосон тул шөнө артерийн даралт илэрхий буудаг глаукомтой өвчтөнүүдэд артерийн даралт бууруулах эмийг орой уух нь зохимжгүй гэж зөвлөсөн байна. Гэсэн хэдий ч одоо байгаа эдгээр судалгаануудад үндэслэн эмнэлзүйн удирдамжийг өөрчлөх хангалттай нотолгоо байхгүй байгаа юм. Иймээс шөнө АД багасдаг өвчтөнүүдэд глауком даамжрах эрсдэлтэйг тооцон өвчтөн бүрт тохирсон, хамтын зөв шийдвэрийг гаргах нь нэн чухал юм.Эх сурвалж:Blood Pressure Lowering Treatment Trialists’ Collaboration. Pharmacological blood pressure lowering for primary and secondary prevention of cardiovascular disease across different levels of blood pressure: an individual participant-level data meta-analysis, Lancet 2021; 397(10288):1884].Salles GF, Reboldi G, Fagard RH, et al. Prognostic effect of the nocturnal blood pressure fall in hypertensive patients: the ambulatory blood pressure collaboration in patients with hypertension (ABC-H) meta-analysis. Hypertension 2016Cuspidi C, Sala C, Tadic M, et al. Clinical and prognostic significance of a reverse dipping pattern on ambulatory monitoring: an updated review. J Clin Hypertens (Greenwich) 2017Hermida RC, Ayala DE, Mojón A, Fernández JR. Influence of circadian time of hypertension treatment on cardiovascular risk: results of the MAPEC study. Chronobiol Int 2010Hermida RC, Crespo JJ, Domínguez-Sardiña M, et al. Bedtime hypertension treatment improves cardiovascular risk reduction: the Hygia Chronotherapy Trial. Eur Heart J 2020;Brunström M, Kjeldsen SE, Kreutz R, et al. Missing verification of source data in hypertension research: the HYGIA PROJECT in perspective. Hypertension 2021; 78(2):555–558.Poulter NR, Savopoulos C, Anjum A, et al. Randomized crossover trial of the impact of morning or evening dosing of antihypertensive agents on 24-hour ambulatory blood pressure. Hypertension 2018; 72(4):870–873.Mackenzie IS, Rogers A, Poulter NR, et al. Cardiovascular outcomes in adults with hypertension with evening versus morning dosing of usual antihypertensives in the UK (TIME study): a prospective, randomised, open-label, blinded-endpoint clinical trial. Lancet 2022; 400(10361):1417–1425.Klein D, Nagel G, Kleiner A, et al. Blood pressure and falls in community-dwelling people aged 60 years and older in the VHM&PP cohort. BMC Geriatr 2013; 13:50.Sink KM, Evans GW, Shorr RI, et al. Syncope, hypotension, and falls in the treatment of hypertension: results from the randomized clinical Systolic Blood Pressure Intervention Trial. J Am Geriatr Soc 2018;Leeman M, Kestelyn P. Glaucoma and blood pressure. Hypertension 2019; 73(5):944–950.Bowe A, Grünig M, Schubert J, et al. Circadian variation in arterial blood pressure and glaucomatous optic neuropathy—a systematic review and meta-analysis. Am J Hypertens 2015;

Дэлгэрэнгүй
Венийн судасны өргөсөл - товч тойм
2025 оны 4-р сарын 4

Венийн судасны өргөсөл - товч тойм

54 настай, 70 кг жинтэй эрэгтэй, хоёр хөлийн судас бүдүүрсэн гэсэн зовиуртай өрхийн эмчдээ хандсан. Бүдүүрэл нь сүүлийн 15 жилийн турш аажмаар бүдүүрч товойсон гэв (Зураг 1). Оройн цагаар шилбэний урд хэсэг болон шагай орчмоор загатнаж, хавагнадаг бөгөөд шөнө хөлөө өргөж унтахаар зовиурууд багасдаг гэж хэлсэн. Асуумжаар хөлөөр өвдөх, венийн судасны тромбоз, хөлний гэмтэл, бусад эмгэг зэргийг үгүйсгэсэн. Мөн түүний ээж, 2 дүү нь венийн судасны өргөсөлтэй байсан. Тэрээр даралтат оймс (20-30 мм.муб) өмсөж үзсэн боловч өмсөхөд төвөгтэй, эвгүй байсан тул хэрэглэхээ больжээ.Зураг 1. Хоёр хөлний венийн судасны өргөсөл.Өрхийн эмч асуумж, зовиурт үндэслэн түүнийг судасны мэс засалчид илгээсэн. Допплер хэт авиан шинжилгээгээр гуяны болон saphenous венийн судас мэдэгдэхүйц өргөсч, рефлюкс илэрсэн хэдий ч гүний венийн тромбозын шинж илрээгүй. Мэс засалч хоёр хөлний өргөссөн венийн судсанд радио долгионт аблаци (РДА) эмчилгээ хийсэн ба судасны байдал мэс заслын дараа илтэд сайжирсан (Зураг 2). Долоо хоногийн дараа давтан допплер хийхэд гүний венийн тромбоз илрээгүй.Зураг 2. Хоёр хөлөнд радио долгионт аблаци хийсний дараа венийн судасны өргөсөл мэдэгдэхүйц сайжирсан байдал.ХӨЛИЙН ВЕНИЙН СУДАСНЫ ӨРГӨСӨЛВенийн судасны өргөсөл нь венийн архаг өвчний түгээмэл тохиолддог эмнэлзүйн илрэл юм. Доод мөчдөд ихэвчлэн их ба бага saphenous вен болон тэдгээрийн салааг хамардаг ба 3 мм ба түүнээс дээш голчтой өргөсөлтийг венийн судасны өргөсөл гэж тооцдог.Хөлний венийн судасны өргөсөл нь судасны хавхлагын дутмагшил, бөглөрөл, эсвэл эдгээрийн хослолоос үүдэлтэйгээр венийн даралт ихсэж улмаар судас өргөсөлт явагдах ба ингэснээр венийн хэвийн урсгал алдагддаг. Венийн судас өргөсөхөд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсэд удаан хугацаагаар зогсох, алхах шаардлагатай ажил мэргэжлүүд, мөн венийн тромбозын өгүүлэмж, гэмтэл зэрэг олон шалтгаанууд багтана.Венийн архаг эмгэгийг эмнэлзүй, шалтгаан, хэлбэр, эмгэг жамыг (CEAP) үндэслэн ангилдаг (Зураг 3). Уг ангилалаар харагдах байдлаар нь C0 (харагдахгүй, тэмтрэгдэхгүй) -ээс C6 (венийн шархлаа) хүртэл үнэлэх ба  уг өвчтний венийн судасны өргөслийг C3 гэж үнэлсэн.Зураг 3. CEAP ангилалҮнэлгээВенийн судас өргөссөн үед ямар нэгэн шинж тэмдэггүй байж болох ба эсвэл хөлөөр өвдөх, хүндрэх, хавагнах, хуурайших, загатнах, арьсны өөрчлөлт, шархлаа үүсэх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч болно. Венийн судас өргөссөн өвчтөнийг үзэхдээ өргөслийн хэлбэр, тархалтыг үнэлэх нь чухал. Шинж тэмдэг бүхий венийн судасны өргөсөлтэй, умдагны дээд хэсэг эсвэл хэвлийн ханын венийн судас өргөссөн өвчтөнүүд, мөн хөл нь хүндэрч, дүүрч, хавагнаж, эрээн шилбээр өвддөг бол ташаа-гуяны венийн бөглөрлийг сэжиглэж допплер хэт авиан шинжилгээгээр зайлшгүй үнэлэх шаардлагатай. Гуяны дотор талын эсвэл гадна бэлэг эрхтний венийн судас өргөссөн, аарцгийн венийн зогсонгишлын шинж тэмдэг (жишээ нь, аарцгийн архаг өвдөлт, сарын тэмдгийн үеийн өвдөлт, бэлгийн хавьтлын үеийн өвдөлт, шээс ойр ойрхон хүрэх) илэрсэн тохиолдолд аарцгийн венийн эмгэгийг допплероор үнэлэх шаардлагатай. Хуухнагийн венийн судас өргөсөх нь төмсөгний венийн дутмагшил, ‘nutcracker’ хам шинж (дээд чацархайн артери ба гол судасны хооронд зүүн бөөрний венийн судас дарагдах), доод хөндийн венийн гэмтэл, эсвэл бөөрний хавдрыг илтгэж болно.Өнгөт допплер хэт авиан шинжилгээ нь венийн судасны өргөсөлтэй өвчтөнүүдэд гүний болон өнгөц венийн тромбозийг үгүйсгэх зорилгоор зайлшгүй хийдэг оношилгоо юм.Венийн архаг дутмагшлыг ялган оношлоход тунгалгийн хаван, зүрхний зогсонгишлын дутагдал, бөөрний өвчин зэргийг харгалзан үзэх хэрэгтэй.Эмчилгээний сонголтуудВенийн судасны өргөсөлийг эмчлээгүй тохиолдолд венийн шархлаа, өвдөлттэй болох, эсвэл ихэнхдээ гоо сайхны талаас асуудал үүсч болно. Доод мөчний венийн архаг өвчний эмчилгээ нь CEAP ангилал болон Венийн Эмнэлзүйн Хүндрэлийн Оноонд (Venous Clinical Severity score) суурилсан өвчний хүндрэлийн зэргээс хамаардаг.Венийн судасны өргөслийн эмчилгээ нь ихэвчлэн дунд зэргийн даралттай оймс (20-30 мм.муб) өмсөж хэвших, жин хасах, хөлийг өндөрлөх зэрэг амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс эхэлдэг. Даралттай оймс өмсөх нь шинж тэмдгийг сайжруулж, хаванг хянаж, босоо байрлал дахь венийн даралтыг бууруулах ач холбогдолтой. Гэсэн хэдий ч даралтат оймс өмсөх нь венийн судасны өргөслийн үндсэн эмчилгээ гэж үзэх хангалттай нотолгоо байдаггүй. Даралттай оймс хэрэглэхийг зөвлөхдөө өвчтөнд артерийн судасны эмгэг хавсарч байгаа эсэхийг шалгах нь зүйтэй бөгөөд даралтат оймс нь артерийн судсыг дарж, ишемийг дордуулж болзошгүй. Мөн практикт тухгүй байдлаас болж, даралттай оймсыг тогтмол хэрэглэх байдал нь харьцангуй бага байдаг байна (37% хүртэл).Эхний эмчилгээнд үр дүнгүй эсвэл их/бага saphenous венийн аксиал рефлюкстэй, зовиур бүхий өвчтнүүдийг судсан дотуурх эмчилгээ (лазер болон радио долгионт аблаци ба судас хөлдөөх (склеротерапи)) эсвэл нээлттэйгээр венийн мэс засал (боох эсвэл тайрах) хийлгэх зорилгоор судасны мэс заслын эмчид илгээнэ. Мэс заслын төрлийг венийн гэмтлийн хэмжээ, байршил, тархалтад үндэслэн сонгоно.Радио долгионт аблацийн дараа судасны харагдац 70% орчим сайжирдаг бөгөөд өвчтөн эмчилгээний дараа 7-10 хоног даралтат оймс өмсөж, хөдөлгөөнийг аль болох эрт хийснээр уг эмчилгээний үр дүн нэмэгддэг. Радио долгионт аблацийн хүндрэлүүдэд гүний венийн тромбоз, халууны нөлөөгөөр үүссэн тромбын тэлэлт, эсвэл ховор тохиолдолд уушгины эмболи зэрэг багтана. Уг ажилбарын дараа 1 долоо хоногийн дотор допплер шинжилгээ хийхийг зөвлөх ёстой.Эх сурвалж: Cleveland Clinic Journal of Medicine July 2024,

Дэлгэрэнгүй
Маститийн үед антибиотикийг яаран эхлэх нь зөв үү
2025 оны 5-р сарын 2

Маститийн үед антибиотикийг яаран эхлэх нь зөв үү

Төрөөд сар орчим болж буй эмэгтэй сүүлийн 12 цагийн турш хөх өвдөж эмзэглэнэ, халуун оргино, хавдана гэсэн зовиуртай эмнэлэгт хандсан. Зовуурь ихтэй байгаа тул хүүхдээ хөхүүлэхгүй байгаа гэнэ. Уг эмэгтэйд антибиотик эмчилгээ зөвлөх шаардлагатай юу?Маститийн үед антибиотик эмчилгээ тэр бүр шаардлагагүй байдаг. Шинж тэмдгийн үргэлжлэх хугацаа, хүндрэл зэргээс хамаарч зарим тохиолдолд эмийн бус эмчилгээгээр эмчилдэг бол зарим тохиолдолд антибиотик эмчилгээг эхлүүлнэ.МАСТИТИЙН ТОДОРХОЙЛОЛТХөхүүл үеийн мастит гэдэг нь хөхөөр хооллох эсвэл саалтуур ашиглаж буй үед  тохиолддог сүүний суваг, цулцан болон ойролцоох эдийн үрэвсэлт эмгэг юм. Ойролцоогоор 4 хөхүүл эмэгтэй тутмын 1-т мастит оношлогддог.Маститын хүрээний эмгэгүүдэд: хэт их сүү ялгаралт (нярайн хэрэгцээнээс илүү хэмжээний сүү үүсэх), дисбиоз, сүүний сувгийн нарийсал, үрэвсэлт мастит, нянгийн гаралтай мастит, флегмон, халдварлагдсан галактоцеле, буглаа зэрэг хамаарна. Уг өвчний даамжралаас урьдчилан сэргийлэхийн тулд заалтын дагуу эмийн бус эмчилгээ эсвэл өргөн хүрээний антибиотикийг цаг алдалгүй, зөв цагт нь зөвлөх нь чухал юм.ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ БА ОНОШИЛГООҮрэвсэлт эсвэл нянгийн гаралтай маститын үед хөх нилэнхүйдээ өвчин эмзэглэл ихтэй байх төдийгүй хатуурсан, улайлттай, маш их халуун байхаас гадна сүүний гарц буурах, халуурах, жихүүдэс хүрэх зэрэг шинжүүд илэрдэг. Амин үзүүлэлтийг шалгахад сепсис эсвэл шингэн алдалттай өвчтөнд зүрхний цохилт олшрох, халуурах, цусны даралт буурах шинж илэрч болох хэдий ч энэ нь харьцангуй ховор тохиолддог байна.Хэрэв шинж тэмдэг 24-48 цагаас илүү хугацаанд үргэлжилж эсвэл даамжирч, мөн хэсэг газрын, тодорхой хүрээтэй хавдар, улайлттай хавсарвал эмч флегмон, буглаа, эсвэл халдварлагдсан галактоцелег сэжиглэх хэрэгтэй. Флегмон нь зөөлөн эдийн хэсэг газрын үрэвсэлт бөөгнөрөлөөс үүсдэг бол Буглаа нь эд доторх идээ бээрийн битүү хуримтлал юм. Галактоцеле нь халдварлагдаж болох бөгөөд сүүний суваг бөглөрсний дараа хөхөнд үүсдэг зөөлөн уйланхай бүтэц юм. Эдгээр эмгэгүүдийн ялгахад хэт авиан шинжилгээ ач холбогдолтой байдаг. Антибиотик эмчилгээ эхэлсэн хэдий ч эмчилгээ үр дүнгүй байх тохиолдолд хөхний сүүний өсгөврийн шинжилгээ хийх шаардлагатай.ЭХНИЙ ШАТНЫ БА ХӨНГӨН ШИНЖ ТЭМДГИЙН ҮЕИЙН ЭМЧИЛГЭЭЗовуурь харьцангуй багатай, хөхний хэсэг газрын өөрчлөлт нь 24-48 цагийн дотор арилж буй эхчүүдэд антибиотик хэрэглэхгүйгээр эмийн бус аргаар эмчилж болно. Энэ тохиолдолд хүүхдээ хөхүүлэхээ зогсоох шаардлагагүй гэдгийг хэлж ойлгуулах хэрэгтэй. Маститтай үед хүүхдээ хөхүүлэх нь нярайн эрүүл мэндэд ямар нэгэн аюул учруулахгүй юм.Эмийн бус эмчилгээнд: ээж хөхний тунгалгийн булчирхайн (суганы ба эгэмний дээд) чиглэлд хөнгөн дөрж, илэх хөдөлгөөнөөр (муур илэхтэй ижил хэмжээний даралтаар) тунгалгийн урсгалыг дэмжиж болно. Харин хүчтэй, даралттайгаар иллэг хийх эсвэл чичиргээт төхөөрөмж хэрэглэх зэргээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь эдгээр нь хялгасан судас болон эдийг гэмтээж болзошгүй.Хөх маш их хавдсан тохиолдолд сүүг гараар саах нь саалтуураар саахаас илүү үр дүнтэй байдаг. Харин саалтуур хэрэглэх шаардлагатай бол эмч саалтуурыг хэрхэн ашиглах тухай дараах зөвлөмжийг өгнө.Зөвхөн саалтуураар саадаг бол хэт их сүү ялгаралтаас сэргийлэхийн тулд нярайн хэрэглэдэг сүүний хэмжээтэй (1-6 сартай нярайд өдөрт ойролцоогоор 830-890 мл) тэнцэх хэмжээгээр саах хэрэгтэй. Хэрэв нярайн жин зохих ёсоор нэмэгдэж байвал хэт их сүү ялгаралтаас сэргийлж сүү саалтыг багасгах эсвэл зогсоох.Хөхний эдийг гэмтээхгүйн тулд дунд зэргийн сорох хүчээр саах.Саалтуурын хошуу зөв хэмжээтэй эсэхийг хөхөөр хоололтын мэргэжилтэнтэй зөвлөлдөж болно.Саалтуурыг гараар, зориулалтын угаагч шингэнээр эсвэл аяга таваг угаагчид халуун усаар цэвэрлэх.Эхийн хөхөнд хаван, хавдалт нэмэгдэхээс сэргийлж тохирсон хэмжээтэй, хөхний зөв даруулга зүүх хэрэгтэй бөгөөд хүүхдээ хөхүүлсний дараа дээш харан хэвтэж хүйтэн жин тавьж, стеройд бус үрэвслийн эсрэг эм (NSAIDs) хэрэглэж болно. Харин байцааны навчаар жин тавих гэх мэт ардын аргуудыг нотолсон нотолгоо байхгүй ба эсрэгээрээ байцаан навч нь Листери (Listeria) нянгаар бохирдсон байж болзошгүй тул хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Түүнчлэн нярайн хэрэгцээнээс илүү хөхүүлэх, илүү хэмжээгээр саахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн хөхөө усанд дүрэх (арьсыг цочроож, шархлуулж болзошгүй), хүчтэй иллэг хийх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай болохыг анхаарна уу.ХҮНД БУЮУ УДААН ҮРГЭЛЖИЛСЭН ШИНЖ ТЭМДГИЙН ҮЕИЙН ЭМЧИЛГЭЭӨвдөлт зовуурь ихтэй, өндөр халуурсан, булчингаар өвдсөн зэрэг шинж тэмдэг бүхий эхчүүдэд эмийн бус эмчилгээг эхлүүлснээс хойш 24-48 цагийн дотор зовуурь багасахгүй байгаа тохиолдолд дараах арга хэмжээг яаралтай эхлэнэ.Нянгийн гаралтай маститын үеийн антибиотик эмчилгээЭхний сонголтонд диклоксациллин 500 мг-аар өдөрт 4 удаа эсвэл цефалексин 500 мг-аар өдөрт 4 удаа, тус бүрийг 10-14 хоног хэрэглэнэ. Хоёрдох сонголтоор клиндамицин 300 мг-аар өдөрт 4 удаа эсвэл триметоприм-сульфаметоксазол 160 мг/800 мг-аар өдөрт 2 удаа, тус бүрийг 10-14 хоног хэрэглэнэ. Триметоприм-сульфаметоксазолыг дутуу төрсөн, нярайд гипербилирубинеми илэрсэн эсвэл глюкоз-6-фосфат дегидрогеназын (G6PD) дутагдалтай жирэмслэлтийн хүндрэлтэй эхэд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй!ХӨХНИЙ СҮҮ ӨСГӨВӨРЛӨХ ШИНЖИЛГЭЭАнтибиотик эмчилгээ хийснээс хойш 48 цагийн дараа шинж тэмдэг арилахгүй байвал маститтай хөхнөөс сүүний өсгөврийн шинжилгээ авч метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus (MRSA) болон бусад тэсвэртэй эмгэг төрүүлэгчдийг үгүйсгэнэ. Шинжилгээг хийхдээ хөхний толгойг антисептикээр (жишээ нь, спирттэй арчдас) цэвэрлэж дээж авна. Дээж авах үедээ масттиттай хөхний толгойг ариун саванд хүргэхээс зайлсхийнэ.! Эмч эсвэл хөхүүл эх өөрөө ариун бээлий өмсөж, хөхөө сааж сүүгээ ариун саванд хийнэ. 5-10 мл хөхний сүүг лабораторид "биеийн шингэний өсгөвөр" гэж илгээнэ. Өсгөврийн хариуг хүлээх зуур хүүхдээ хөхүүлэх эсвэл сүүгээ сааж болно. Учир нь маститтай үед хөхөөр хооллох нь нярайд аюулгүй гэж үздэг.ХЭТ АВИАН ШИНЖИЛГЭЭБуглаа, флегмон, эсвэл халдварлагдсан галактоцелег сэжиглэж байвал хэт авиан шинжилгээ хийж, яаралтай (тухайн өдөртөө) дүрс оношилгооны болон мэс заслын эмчтэй зөвлөлдөнө. Шингэний хуримтлалыг хэт авиан хяналтан дор мэс заслын аргаар дренаж хийж гадагшлуулна. Антибиотик эмчилгээнд үр дүнгүй үед үрэвсэлт хэлбэрийн хөхний хорт хавдрыг ялган оношлох зорилгоор хөхний нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.АНХААРУУЛГА: Хөхний толгойн цэврүүг хагалж болохгүйг эхэд анхааруулХөхний толгойн цэврүү (маститаас үүдэлтэй сувгийн үрэвсэл) хагарах, хуурахаас сэргийлж, триамцинолон 0.1% стеройд тосыг долоо хоногийн турш өдөрт 2 удаа түрхэхээр бичиж өгнө. Нярайг хөхүүлэхээс өмнө түрхсэн тосыг алчуураар арчиж байхыг эхэд зөвлөнө.МАСТИТ ДАХИХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ Дөнгөж төрсөн эхчүүдэд хүүхдээ хэрхэн зөв хөхүүлэх талаар эмч мэргэжилтэнүүд маш сайн зөвлөгөө өгөх хэрэгтэй. Ялангуяа нярайг "хүссэн үед" хөхүүлж байх нь хөхний сүү оролтыг нэмэгдүүлдэг болохыг эхэд тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.Хэрэв эх сүү ихтэй эсвэл гиперлактацитай бол сүүний гарцыг аюулгүй бууруулахад анхаарал хандуулж хөхөөр хоололтын мэргэжилтнээс зөвлөгөө авахуулах шаардлагатайг анхаарна уу!Мастит, ялангуяа дахилтат мастит нь сэтгэл түгшилт, сэтгэл гутралтай холбоотой байдаг тул сэтгэл зүйч эсвэл сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй.Маститаас сэргийлэхийн тулд хөхүүл эхчүүд пробиотик хэрэглэхийг (Limosilactobacillus fermentum эсвэл илүү зохимжтой нь Ligilactobacillus salivarius) зөвлөж болно.Сувгийн бөглөрлөөс сэргийлэн сүүг шингэрүүлэхэд туслах зорилгоор өдөрт 5-10 гр наранцэцгийн эсвэл шар буурцгийн лецитиныг ууж хэрэглэхийг зөвлөж болно.Нярайг хөхүүлэхдээ хөхний толгойн хамгаалалт ( nipples shields - хөхний толгой дээр өмсдөг силикон хэрэгсэл)-ыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэхүү хэрэглэл нь нярай сүүгээ хангалттай хөхөх боломжийг бууруулж улмаар хөхний сүү гүйцэд гадагшлахгүй үлдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.Шаардлагагүй үед антибиотик хэрэглэхээс зайлсхийж, хөхний эрүүл микробиотыг хадгалах хэрэгтэй.Эх сурвалжMitchell KB, Johnson HM, Rodríguez JM, et al. Academy of Breastfeeding Medicine Clinical Protocol #36: the mastitis spectrumWilson E, Woodd SL, Benova L. Incidence of and risk factors for lactational mastitis: a systematic review. J Hum Lact 2020; 36(4)Louis-Jacques AF, Berwick M, Mitchell KB. Risk factors, symptoms, and treatment of lactational mastitis. JAMA 2023; 329(7)Weaning from the breast. Paediatr Child Health 2004; 9(4):249–263.Centers for Disease Control and Prevention. How to keep your breast pump clean. Updated February 21, 2023.Crepinsek MA, Taylor EA, Michener K, Stewart F. Interventions for preventing mastitis after childbirth. Cochrane Database Syst Rev 2020; 9(9)Moreb N, Murphy A, Jaiswal S, Jaiswal AK. Cabbage. In: Jaiswal AK, ed. Nutritional Composition and Antioxidant Properties of Fruits and Vegetables. London, UK: Elsevier; 2020:33Fernández L, Pannaraj PS, Rautava S, Rodríguez JM. The microbiota of the human mammary ecosystem. Front Cell Infect Microbiol 2020;

Дэлгэрэнгүй
Түгээмэл
Асуулт хариулт