Анагаах ухааны цахим сургалт
Яагаад
Цахим сургалт гэж?
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Та ажил, гэр, сургууль мөн жижүүрт хонох үедээ интернэт холболт бүхий ямар ч төрлийн төхөөрөмж ашиглан суралцах боломжтой.
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Та байгаа газраасаа цахимаар суралцсанаар цаг хугацаа төдийгүй, мөнгөө хэмнэж өөрт хэрэгцээтэй сургалтыг авах боломжтой.
Сургалтыг та өөрөө удирдана
Сургалтыг та өөрөө удирдана
Цахим сургалтаар та багшаа, сургалтын аргаа, сургалтын хурдыг, сургалтын сэдэв болон дэс дараалал зэргийг бүрэн удирдах боломжтой.
Танд санал болгох
Багцын мэдээлэл

6 сарын багц

69,900₮

6 сард нэг удаа төлнө

  • 2 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 10% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах

1 жилийн багц

99,900₮

Жилд нэг удаа төлнө

  • 3 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Онцлох хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 20% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах
Сүүлийн үеийн
Нийтлэлүүд
Артерийн даралт буулгах эмийг орой уулгах нь зөв үү?
2025 оны 4-р сарын 8

Артерийн даралт буулгах эмийг орой уулгах нь зөв үү?

Артерийн даралтыг (АД) хянах нь зүрх судасны өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлдэг нь тодорхой боловч АД бууруулах эмийг хэзээ уулгах нь илүү үр дүнтэй байдаг тал дээр хангалттай судалгаа байхгүй байна. Зарим эмч, судлаачид оройн цагаар уух нь зөв гэдэг бол зарим судлаачид өглөө АД-ын эмийг ууснаар өдрийн цагаар артерийн даралт буурах эрсдэлтэй гэж үзэж байна. Иймээс эмийн тун, уух цагийг тохируулахдаа эрсдэлт хүчин зүйлс болон өвчтөний өөрийн сонголтод тулгуурлан шийдвэрлэх нь чухал болов уу!ТОХИОЛДОЛ 1: ӨГЛӨӨНИЙ ДАРАЛТ ӨНДӨРТЭЙ ӨВЧТӨНАртерийн гипертензи, архаг ишеми оноштой өвчтөн АД буулгах эмээ өглөө тогтмол цагт уудаг. Бүтэн өдрийн турш АД нь тогтвортой байдаг хэдий ч өглөө эм уухаас өмнө даралт нь ихэссэн байдаг гэсэн тул эмч эм уух цагийг өөрчлөн, орой унтахын өмнө ууж байхаар зөвлөжээ. Учир нь АД нь өдрийн хэмнэлийг дагаж хэлбэлзэн шөнөдөө буурч (шөнийн бууралт), өглөөгүүр нэмэгдээд байгаа юм байна. Мөн өглөөний АД огцом ихсэлт нь зүрх судасны хүндрэлүүд, эсвэл зарим эмгэгүүдтэй холбоотой байх магадлалтай, мөн АД бууруулах эмийг орой уух нь зүрх судасны өвчний эрсдэлээс хамгаална гэж үзээд эмч ийнхүү эм уух цагийг өөрчилсөн байна.Артерийн гипертензитэй өвчтөнүүдийг 24 цагийн холтер даралтын аппаратаар хэмжиж, хянасаны үндсэн дээр систолын даралтыг шөнийн бууралтын хэв шинжээр дараах байдлаар ангиллдаг. Хэт "буурагч" (extreme dippers): 20%-иас илүү буурахБуурагчид (dippers): 10%-20% хүртэл буурах (Хэвийн)Буурдаггүй хүмүүс (nondippers): 10%-иас бага буурахУрвуу буюу эсрэг ихсэх (reverse dippers): Шөнийн систолын даралт өөрчлөгдөхгүй эсвэл нэмэгдэх.Систолын даралт шөнөдөө хангалттай хэмжээнд буурахгүй байгаа өвчтнүүдэд зүрх судасны хүндрэлүүдэд өртөх эрсдэл өндөр байдаг. Иймээс оройн цагаар АД буулгах эмийг уух нь шөнийн даралтыг бууруулна гэсэн таамаглалаа Хермида болон бусад судлаачид доорхи 2 судалгаагаар шалгаж, нотолсон байна.· MAPEC судалгаа (Monitorización Ambulatoria Para Predicción de Eventos Cardiovasculares [Зүрх Судасны Эмгэгийг Урьдчилан Таамаглах Хоногийн Артерийн Даралтын Хяналт]-нд эмчилгээ үр дүнгүй байсан болон эмийн эмчилгээнд тэсвэртэй гипертензитэй 2,156 өвчтөнийг хамруулжээ. Өвчтөнүүдийг 2 бүлэг болгон эхний бүлэгт АД буулгах эмийг оройн унтахынхаа өмнө, дараагийн бүлэгт АД-ын эмээ өглөө сэрээд уухыг зөвлөсөн байна. Бүх шалтгаант нас баралт ба зүрх судасны эмгэгүүдийг уг 2 бүлэгт харьцуулахад унтахын өмнө буюу орой эмээ уудаг бүлэгт статистикийн хувьд мэдэгдэхүйц бага байсан бөгөөд hazard ratio (HR) 0.39 (95% итгэх интервал [CI] 0.29–0.51, P<.001) байв.· Hygia Chronotherapy Trial-аар АД буулгах эмээ унтахын өмнө уудаг өвчтөнүүдийг, өглөө сэрсний дараа эмээ уудаг өвчтөнүүдтэй харьцуулан зүрх судасны өвчний эрсдэлийг судалсан байна. Судалгааны үр дүнд зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт, зүрхний шигдээс, зүрхний титэм судасны ажилбар, зүрхний дутагдал, тархины цус харвалт зэргийг тооцолсон бөгөөд MAPEC туршилтын нэгэн адил, унтахын өмнө эмээ уудаг бүлэгт статистикийн хувьд мэдэгдэхүйц илүү үр дүнтэй байсан бөгөөд HR 0.55 (95% CI 0.50–0.61, P<.001) байжээ. Гэсэн хэдий ч бусад судлаачид эдгээр үр дүнгүүдийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь түүвэрлэлт болон эмчилгээний бүлэгт хуваариласан арга зүй эргэлзээтэй, мөн effect size-ийн хэмжээг хэт өндөр гэж дүгнэжээ.2018 онд HARMONY судалгаагаар (Hellenic-Anglo Research Into Morning or Night Antihypertensive Drug Delivery) өвчтөнүүдийг өглөө эсвэл орой АД бууруулах эм уух бүлэгт санамсаргүй байдлаар хуваарилж, 12 долоо хоногийн турш солбицох загварыг (crossover design) ашиглаж судалгааг хийсэн байна. Уг судалгаагаар эдгээр бүлгүүдийн хооронд ямар нэгэн ялгаа ажиглагдаагүй ажээ.2022 онд Маккензи ба бусад судлаачид TIME судалгаа (Treatment in Morning vs Evening)-ны үр дүнг нийтэлсэн бөгөөд үүнд 21,000 гаруй өвчтөнг хамруулан өдөрт нэг удаа эмээ өдөр эсвэл орой уух гэсэн 2 бүлэгт санамсаргүй байдлаар хуваарилан судалгааг хийжээ. Өвчтөнүүдийг дунджаар 5,2 жилийн турш даган судалсан байна. Судалгааны үр дүнд үхэлд хүргээгүй зүрхний шигдээс, тархины цус харвалтын улмаас эмнэлэгт хэвтэх, судасны шалтгаант нас баралт зэргийг багтаан харьцуулан судалсан бөгөөд орой эм уудаг бүлгийн өвчтөнүүдийн 3.4%-д, өглөө эм уудаг бүлгийн өвчтөнүүдийн 3.7%-д эдгээр хүндрэл болон нас баралт ажиглагдсан байна (HR 0.95; 95% CI 0.83–1.10; P = 0.53). Иймээс эдгээр судлаачид АД бууруулах эмийг өвчтөн өөрт аль тохиромжтой үедээ уух нь зөв гэж зөвлөжээ.ТОХИОЛДОЛ 2: УНАХ ЭРСДЭЛ БА ГЛАУКОМЫН ХҮНДРЭЛГлауком, артерийн гипертензи, 2-р хэлбэрийн чихрийн шижингийн өгүүлэмжтэй, 67 настай эмэгтэй эмчид үзүүлэхээр ирсэн. Тэрээр АД буулгах эмээ тогтмол ууж чаддаггүй, зарим өглөө эмээ уухаа мартдаг гэнэ. Өвчтөн бусад эмүүдээ тогтмол оройн цагаар уудаг хэдий ч эмчийнхээ зөвлөснөөр АД-ын эмийг глауком хүндрэхээс болон унах эрсдэлээс сэргийлж оройн цагаар огт уудаггүй байна.Хуучны судалгаануудаар АД багасах нь (систолын даралт < 120 мм МУБ) унах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг байсан тул эмч нар өглөө ортостатик шинж тэмдэг илрэхээс сэргийлж, унах эрсдэлийг багасгахын тулд орой артерийн даралт бууруулах эм бичиж өгөхөөс зайлсхийдэг байв. Харин сүүлийн үед хийгдсэн судалгаагаар АД-ыг эрчимтэй хянах үед (систолын даралт < 120 мм МУБ) синкопийн эрсдэл нэмэгддэг хэдий ч унах эрсдэл нэмэгдээгүйг харуулсан. TIME судалгаагаар (Treatment in Morning vs Evening) толгой эргэх, унах зэргийн үр дүнг тооцсон ба орой эм уудаг бүлгийн өвчтөнүүд өглөөний бүлгийнхээс цөөн удаа унасан байна. Харин өглөө АД-ын эм уудаг бүлэгт толгой эргэх, дайвалзах тохиолдол илүү олон гарчээ.Артерийн даралт бууруулах эмийг орой уухтай холбоотой өөр нэг санаа зовоосон асуудал бол глауком өвчин юм. Биеийн ерөнхий артерийн даралт шөнөдөө буурах нь нүдний цусан хангамжийг бууруулж, энэ нь харааны мэдрэлийн цусан хангамжийг багасгаж, глаукомын гэмтлийг гүнзгийрүүлж болзошгүй гэж үздэг. Судалгаануудаас харахад энэ таамаглал нь бүрэн нотлогдоогүй ч АД өндөр байх, буурах нь хоёулаа глаукомын хүндрэлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоонууд гарсаар байгаа юм.Мета-анализ судалгаагаар шөнө АД буурах нь глаукомын гэмтэл хүндрэх болон харааны талбай алдагдах эрсдэлт хүчин зүйл болдог болохыг тогтоосон тул шөнө артерийн даралт илэрхий буудаг глаукомтой өвчтөнүүдэд артерийн даралт бууруулах эмийг орой уух нь зохимжгүй гэж зөвлөсөн байна. Гэсэн хэдий ч одоо байгаа эдгээр судалгаануудад үндэслэн эмнэлзүйн удирдамжийг өөрчлөх хангалттай нотолгоо байхгүй байгаа юм. Иймээс шөнө АД багасдаг өвчтөнүүдэд глауком даамжрах эрсдэлтэйг тооцон өвчтөн бүрт тохирсон, хамтын зөв шийдвэрийг гаргах нь нэн чухал юм.Эх сурвалж:Blood Pressure Lowering Treatment Trialists’ Collaboration. Pharmacological blood pressure lowering for primary and secondary prevention of cardiovascular disease across different levels of blood pressure: an individual participant-level data meta-analysis, Lancet 2021; 397(10288):1884].Salles GF, Reboldi G, Fagard RH, et al. Prognostic effect of the nocturnal blood pressure fall in hypertensive patients: the ambulatory blood pressure collaboration in patients with hypertension (ABC-H) meta-analysis. Hypertension 2016Cuspidi C, Sala C, Tadic M, et al. Clinical and prognostic significance of a reverse dipping pattern on ambulatory monitoring: an updated review. J Clin Hypertens (Greenwich) 2017Hermida RC, Ayala DE, Mojón A, Fernández JR. Influence of circadian time of hypertension treatment on cardiovascular risk: results of the MAPEC study. Chronobiol Int 2010Hermida RC, Crespo JJ, Domínguez-Sardiña M, et al. Bedtime hypertension treatment improves cardiovascular risk reduction: the Hygia Chronotherapy Trial. Eur Heart J 2020;Brunström M, Kjeldsen SE, Kreutz R, et al. Missing verification of source data in hypertension research: the HYGIA PROJECT in perspective. Hypertension 2021; 78(2):555–558.Poulter NR, Savopoulos C, Anjum A, et al. Randomized crossover trial of the impact of morning or evening dosing of antihypertensive agents on 24-hour ambulatory blood pressure. Hypertension 2018; 72(4):870–873.Mackenzie IS, Rogers A, Poulter NR, et al. Cardiovascular outcomes in adults with hypertension with evening versus morning dosing of usual antihypertensives in the UK (TIME study): a prospective, randomised, open-label, blinded-endpoint clinical trial. Lancet 2022; 400(10361):1417–1425.Klein D, Nagel G, Kleiner A, et al. Blood pressure and falls in community-dwelling people aged 60 years and older in the VHM&PP cohort. BMC Geriatr 2013; 13:50.Sink KM, Evans GW, Shorr RI, et al. Syncope, hypotension, and falls in the treatment of hypertension: results from the randomized clinical Systolic Blood Pressure Intervention Trial. J Am Geriatr Soc 2018;Leeman M, Kestelyn P. Glaucoma and blood pressure. Hypertension 2019; 73(5):944–950.Bowe A, Grünig M, Schubert J, et al. Circadian variation in arterial blood pressure and glaucomatous optic neuropathy—a systematic review and meta-analysis. Am J Hypertens 2015;

Дэлгэрэнгүй
Мэс заслын (зүрхний бус) үеийн зүрх судасны менежментийн талаарх 2024 оны ACC/AHA-ийн удирдамж: Шинэ өөрчлөлтүүд
2025 оны 4-р сарын 2

Мэс заслын (зүрхний бус) үеийн зүрх судасны менежментийн талаарх 2024 оны ACC/AHA-ийн удирдамж: Шинэ өөрчлөлтүүд

2024 оны 9-р сард Америкийн Зүрх судасны Коллеж (ACC) болон Америкийн Зүрхний Холбоо (AHA) нь зүрхний бус мэс засалд орох өвчтөнүүдийн мэс заслын өмнөх, дараах үеийн зүрх судасны үнэлгээ ба менежментийн талаарх 2014 оны удирдамжаа шинэчилсэн. Энэхүү иж бүрэн баримт бичиг нь өмнөх олон зөвлөмжийг бататгаж, зүрхний ишеми өвчин ба холбогдох эмгэгүүдийн эрсдэлийн үнэлгээ, мэс заслын үеийн эмчилгээ, зүрхний суулгац төхөөрөмж, мэдээгүйжүүлэг, хяналтын талаарх мэдээлэл зэрэг мэс заслын багт хэрэгцээтэй шинэ нотолгоо, экспертүүдийн дүгнэлтийг тусгасан байна. Энэхүү тоймоор шинэ удирдамжид орсон гол үзэл баримтлал болон өөрчлөлтүүдийг хураангуйлан танилцуулж байна.ӨМНӨХ УДИРДАМЖУУДААС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?Шинэчлэгдсэн удирдамж нь өмнөх хувилбаруудаас дараах зүйлсээр ялгаатай болж шинэчлэгдсэн:Мэс заслын яаралтай байдал ба хугацааны тодорхойлолтыг шинэчилсэнАчаалал даах чадварыг үнэлэхдээ урьдчилан боловсруулан асуумж эсвэл шатаар өгсөлтийн талаархи өгүүлэмжийг ашиглахЭрсдэл өөрчлөгч хүчин зүйлсийг багтаасанНэмэлтээр зүрхний оношилгоо, шинжилгээ хийх эсэхийг зүрхний биомаркер тестүүд дээр үндэслэн хийхЭмийн ачаалалтай сорилын оронд титэм судасны компьютер томографийн шинжилгээг илүүтэй зөвлөсөнӨндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд мэс заслын дараах тропонины хяналтыг шинээр зөвлөсөнТусгайлсан эмийн менежментийн зөвлөмжүүдУДИРДАМЖИЙГ ХЭН БИЧСЭН БЭ?Зүрхний бус мэс заслын өмнөх үеийн үнэлгээ, менежментийн талаарх ACC/AHA-ийн анхны удирдамж 1996 онд хэвлэгдэж, 2002, 2007, 2014 онуудад шинэчлэгдсэн. Зүрхний бус мэс заслын өмнөх үнэлгээ ба мэс заслын үеийн менежментийн салбарт гарсан олон судалгаа, ололт амжилтуудын үндсэн дээр ACC ба AHA нь бусад хэд хэдэн зүрх судасны нийгэмлэгүүдтэй хамтран 2024 онд удирдамжийг шинэчилсэн.ГОЛ ЗӨВЛӨМЖҮҮД ЮУ ВЭ?Шинэчлэгдсэн ACC/AHA удирдамж нь дараах зөвлөмжүүдийг багтаасан:Мэс заслын өмнөх эрсдэлийн үнэлгээнд:· Шаталсан алгоритм. Зураг 1 нь энэхүү алгоритмын сайжруулсан хувилбар бөгөөд өмнө нь оношлогдоогүй эсвэл эмчлэгдээгүй титэм судасны эмгэгтэй, эсвэл титэм судасны урсгал сэргээх ажилбар хийлгэсэн, зүрхний шинжилгээний хариу гарсан өвчтөнтэй холбоотой нэмэлт зүйлсийг багтаасан болно.ТЦХ = титмийн цочмог хам шинж; ACS-SRC = Америкийн Мэс Засалчдын Коллежийн Мэс Заслын Эрсдэлийн Тооцоолуур; ТСЗМЗ = титэм судас залгах мэс засал; КТ = компьютерт томографи; DASI = Дюкийн Идэвхийн Байдлын Индекс; METs = бодисын солилцооны эквивалент нэгж; ЗЦШ = зүрхний цочмог шигдээс; MICA = Зүрхний Шигдээс эсвэл Зүрх Зогсолт; NT-proBNP = N-терминал тархины натриуретик пептид; RCRI = Зүрхний Эрсдэлийн Шинэчилсэн Индекс; ULN = хэвийн дээд хязгаар· Мэс заслын хугацаа ба яаралтай байдлыг тодорхойлох. Мэс засалд орох хугацааны тодорхойлолтыг өөрчилсөн:Яаралтай (Emergency): Өмнө нь 6 цагийн дотор мэс засал хийх шаардлагатай гэж байсан; одоо 2 цагийн доторхи ойлголтыг яаралтай гэж үзэх болсон.  Шуурхай (Urgent): Өмнө нь 6-24 цаг; одоо 2-24 цаг болсон.Хойшлуулшгүй (Time-sensitive): Өмнө нь 1-6 долоо хоног; одоо 3 сар хүртэл болсон.Төлөвлөгөөт (Elective): Өмнө нь мэс заслыг 1 жил хүртэл хойшлуулж болно гэж үздэг байсан бол; одоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулж болно гэж тус тус өөрчилсөн.· Зүрхний "тогтворгүй" эмгэгийг үнэлж, эмчлэх. "Идэвхтэй зүрхний эмгэгүүд"— титэм судасны цочмог хам шинж, зүрхний дутагдлын хүндрэл, тогтворгүй хэм алдагдал—2007 оны удирдамжид багтсан байсан ч 2014 оны алгоритмаас хасагдаж, 2024 оны удирдамжид эргэн орсон. Зүрхний хавхлагын хүнд хэлбэрийн эмгэгийг эрсдэл өөрчлөгч хүчин зүйлсийн шинэ ангилалд багтаасан (доороос үзнэ үү). Хэрэв өвчтөнд эдгээр эмгэгүүдийн аль нэг нь байвал эдгээр эмгэгүүдийг үнэлж, эмчилтэл төлөвлөгөөт мэс заслыг хойшлуулах хэрэгтэй.· Зүрх судасны ноцтой хүндрэлийг тооцоолох. Удирдамжид эмнэлзүйн болон мэс заслын эрсдэлт хүчин зүйлсийг нэгтгэж, өвчтөнийг бага эрсдэлтэй (< 1%) эсвэл өндөр эрсдэлтэй (≥ 1%) эсэхийг тодорхойлохын тулд тооцоолуур ашиглахыг зөвлөсөн. Зүрхний Эрсдэлийн Шинэчилсэн Индекс (RCRI), Зүрхний Шигдээс эсвэл Зүрх Зогсолт (MICA), Америкийн Мэс Засалчдын Коллежийн Мэс Заслын Эрсдэлийн Тооцоолуур (ACS-SRC) зэргийг 2014 онд зөвлөж байсан ч 2024 оны удирдамжид аль нэг тооцоолуурыг үгчлэн заагаагүй.· Эрсдэл өөрчлөгч хүчин зүйлсийг харгалзах. Энэ нь алгоритмын шинэ алхам бөгөөд ихэнх эрсдэлийн тооцоолуурт ороогүй боловч үнэлэх шаардлагатай, эрсдэл нэмэгдүүлдэг хүчин зүйлс юм:Зүрхний хавхлагын эмгэгийн хүнд хэлбэрУушгины гипертензиЗүрхний төрөлхийн гажигТитэм судсан дотуурхи ажилбар (PCI) эсвэл титэм судас залгах мэс засал хийлгэсэн өгүүлэмжтэйСаяхан тархины харвалт өгсөнЗүрхний суулгац төхөөрөмжтэйЭмзэг, сул дорой байдал (Frailty).· Зүрхний биомаркер тестийг ашиглах. Өндөр эрсдэлтэй, ачаалал даах чадвар багатай, өндөр эрсдэл бүхий мэс засалд орох гэж буй өвчтөнүүдэд натриуретик пептид (N-терминал про-BNP [NT-proBNP]) эсвэл тропониныг нэмэлт зүрхний оношилгоо, шинжилгээ хийх эсэх дээр шийдвэр гаргахын тулд ашиглахыг зөвлөсөн. ACC/AHA удирдамж нь NT-proBNP-г хэрэглэхийг зөвлөдөг бол Европын Кардиологийн Нийгэмлэг тропониныг илүүтэй зөвлөдөг. Хэрэв эдгээр үзүүлэлтүүд хэвийн байвал өвчтөн зүрх судасны талаас бага эрсдэлтэй гэж үнэлэх бөгөөд цаашид зүрхний шинжилгээ хийх заалтгүй. Хэрэв эдгээр үзүүлэлтүүд өндөр гарвал мэс засал хийх эсэх, нэмэлт шинжилгээ хийлгэх, эсвэл бусад сонголтын талаар мэс заслын баг хэлэлцэх шаардлагатай.· Ачаалалтай сорилын хариу нь менежментийг өөрчлөх тохиолдолд л захиалах. Энэ бол удирдамжийн гол сэдвүүдийн нэг юм. Бага эрсдэлтэй өвчтөн, бага эрсдэл бүхий мэс засал, эсвэл ачаалал даах чадвар хангалттай өвчтөнүүдэд ачаалалтай сорил зөвлөхгүй.· Өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд мэс заслын дараа тропониныг дахин хянах. Энэ нь 2014 оны удирдамжаас өөрчлөгдсөн бөгөөд тэр үед тропонины хяналтыг зөвхөн ишемийн шинж тэмдэг, эсвэл зовиур бүхий өвчтөнд хийх ёстой гэж заасан бол шинэ удирдамжаар хэрэв өвчтөн өндөр эрсдэлтэй бол мэс заслын дараа тропониныг дахин хийж, хянахыг зөвлөсөн.  · Удирдамжид суурилсан эмийн эмчилгээг бичиж өгөх. Алгоритмын үе шат бүрт өвчтөний мэс заслын үр дүнг сайжруулах зорилгоор удирдамжанд заасан зохих эмийн эмчилгээг дагах ёстойг чухалчилсан.· Олон мэргэжлийн багийн хамтын шийдвэр гаргалтыг хослуулан ашиглах. Удирдамжид эдгээр багийн хамтын ажиллагаа болон шийдвэр гаргалтын ач холбогдлыг онцолсон.Зүрхний өвчин тус бүрээр авч үзвэл:· Зүрхний дутагдал. Зүрхний дутагдалтай өвчтнүүдэд мэс заслын дараах хүндрэлийн эрсдэл өндөртэй байдаг. Шахалтын фракц (EF) буурсан зүрхний дутагдал болон шинж тэмдэг бүхий өвчтөнүүдийн эрсдэл бүр ч өндөр байдаг. Амьсгаадах шинж шинээр илрэх эсвэл шинж тэмдэг дордсон тохиолдолд зүрхний хэт авиан шинжилгээ хийх заалттай боловч, шинж тэмдэггүй, эмнэлзүйн хувьд тогтвортой өвчтөнүүдэд зүүн ховдлын үйл ажиллагааг тогтмол үнэлэх шаардлагагүй. Зүрхний дутагдлын эмийн эмчилгээг эсрэг заалт байхгүй тохиолдолд мэс заслын өмнө, дараа ч үргэлжлүүлнэ. Харин SGLT2i-ийн бүлгийн эмийг (дапаглифлозин, Форсига зэрэг) зүрхний дутагдалтай өвчтөнүүдэд мэс заслын үеийн бодисын солилцооны ацидозын эрсдэлийг бууруулахын тулд мэс заслаас 3-4 хоногийн өмнө зогсоох хэрэгтэй.· Хавхлагын өвчин. Дунд болон хүнд хэлбэрийн зүрхний хавхлагын өвчин илэрсэн эсвэл сэжиглэгдэж буй өвчтөнүүдэд зүрхний хэт авиан шинжилгээ хийх заалттай. Хэрэв өвчтөнд шинж тэмдэг илрээгүй, эмнэлзүйн байдал тогтвортой, сүүлийн нэг жилийн дотор зүрхний хэт авиан шинжилгээ хийлгэсэн бол давтах шаардлагагүй. Зүрхний хавхлагын хүнд хэлбэрийн өвчтэй, ялангуяа аортын нарийсалтай өвчтөнүүдийг зүрхний бус төлөвлөгөөт мэс заслын өмнө хавхлага солих эсвэл засах боломжийг үнэлэх хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн интервенц хийх заалтгүй бол зохих хяналт, эмэн эмчилгээг үргэлжлүүлэн мэс засалд орж болно.· Уушгины гипертензи ба зүрхний төрөлхийн гажиг. Менежмент нь нарийн төвөгтэй бөгөөд энэ тоймд багтаагүй болно. Зүрх судасны нарийн мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.· Артерийн даралт. Артерийн даралт бууруулах эмийг үргэлжлүүлэн ууна. Хэрэв мэс заслаас 1 өдрийн өмнө артерийн даралт 180/110 мм.муб буюу түүнээс дээш байвал артерийн даралтыг тогтворжтол мэс заслыг хойшлуулахыг хэрэгтэй. Мэдээгүйжүүлгийн эмч мэс заслын үеийн дундаж артерийн даралтыг дор хаяж 60-65 ммМУБ эсвэл систолын даралтыг дор хаяж 90 ммМУБ-д барих ёстой.· Мэс заслын дараах гипотензи (дундаж артерийн даралт <60 эсвэл систолын даралт < 90 ммМУБ) -г цаг алдалгүй таньж, эмчлэх хэрэгтэй.Мэс заслын үеийн эмэн эмчилгээний зөвлөмжүүд:· Бета-блокаторууд. Хэрэв өвчтөн өмнө нь ууж байсан бол үргэлжлүүлэн уулгана. Хэрэв бета-блокатор уулгах шинэ заалттай (жишээ нь, ачаалалтай сорилоор ишеми илэрсэн) байвал эмийн тохиромж болон тунг тохируулахын тулд мэс заслаас дор хаяж 8 хоногийн өмнө уулгаж эхлүүлэх ба мэс заслын өдөр уулгаж эхлүүлж болохгүй.· Ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч ба ангиотензин рецептор хориглогчид. Хэрэв өвчтөн эдгээр эмийг даралт буулгах зорилгоор ууж байгаа, артерийн даралт нь хяналтад байна гэж үзвэл мэс заслын үеийн гипотензээс сэргийлэхийн тулд мэс заслаас 24 цагийн өмнө түр зогсоож болно. Хэрэв өвчтөн эдгээр эмийг зүрхний дутагдлын улмаас уудаг бол мэс заслын үед үргэлжлүүлэн уух нь зохистой.· Клонидин. Мэс заслын өмнө уулгаж эхлүүлж болохгүй; гэхдээ эргэх гипертензээс (rebound hypertension) зайлсхийхийн тулд өвчтөн ууж байгаа бол үргэлжлүүлэн уулгана.· Статинууд. Өмнө ууж байсан бол статиныг үргэлжлүүлэн уулгана. Хэрэв өвчтөн угаасаа уудаггүй бол гиперлипидеми, чихрийн шижин, захын артерийн өвчин, 10 жилийн зүрх судасны эрсдэл өндөр зэрэг заалттай өвчтөнүүдэд урьдчилан сэргийлэх зорилгоор уулгаж эхлүүлнэ.· Натри-глюкозын тээвэрлэгчийг хориглогчид. (SGLT2i) Эугликемик кетоацидозын эрсдэлийг багасгахын тулд мэс заслаас 3-4 хоногийн өмнө зогсооно. Титэм судсан дотуурхи ажилбарын дараа мэс заслын хугацааг тогтоох нь.· Титэм судсан дотор стент тавиагүй, зөвхөн баллооноор тэлсэн бол  зүрхний бус мэс заслыг дор хаяж 14 хоногоор хойшлуулна.· Зүрхний титэм судасны цочмог хам шинжийн улмаас эмэн бүрхүүлтэй стент тавьсны дараа зүрхний бус төлөвлөгөөт мэс заслыг дор хаяж 12 сараар хойшлуулах ёстой. Нарийн төвөгтэй анатомийн байршилд стент тавьсан (жишээ нь, салаа стент, урт стент, олон судасны стент) өвчтөнүүдийн хувьд уг ажилбар болон зүрхний бус мэс заслын хооронд 12 сар хүлээх нь  зохистой юм. Европын Кардиологийн Нийгэмлэгийн удирдамжид дараах тохиолдлын аль нэг нь байвал өвчтөн мэс заслын үед стент тромбозоор хүндрэх өндөр эрсдэлтэй гэж заасан: давтан зүрхний шигдээсийн өгүүлэмжтэй, антиагрегант ууж байх үедээ стентийн тромбозоор бөглөрсөн, зүүн ховдлын шахах фракц буурсан (EF<40%), чихрийн шижингийн хяналт муутай, бөөрний үйл ажиллагаа хүндээр буурсан эсвэл гемодиализд ордог, саяхан нарийн төвөгтэй PCI хийлгэсэн, стент буруу байрласан, эсвэл титэм судасны ханын цууралт.· Титэм судасны архаг бөглөрлийн улмаас эмэн бүрхүүлтэй стент тавьсны дараа зүрхний бус төлөвлөгөөт мэс заслыг дор хаяж 6 сараар хойшлуулах нь зүйтэй.· Эмэн бүрхүүлтэй стент тавьсны дараа, хэрэв мэс заслыг хойшлуулах эрсдэл нь мэс заслын үеийн зүрх судасны ноцтой хүндрэлийн эрсдэлээс давж байвал зүрхний бус хойшлуулшгүй мэс заслыг PCI-аас хойш дор хаяж 3 сарын дараа хийж болох бөгөөд Европын Кардиологийн Нийгэмлэгийн удирдамжинд титэм судасны архаг бөглөрлийн улмаас стент тавьснаас хойш 1 сарын дараа ч хийж болно гэж үздэг.· Ойрын хугацаанд (≤ 30 хоног) металл эсвэл эмэн бүрхүүлтэй стент тавиулсан өвчтөнд  нэг буюу хэд хэдэн антиагрегант эмийг зогсоох шаардлагатай зүрхний бус төлөвлөгөөт мэс засал хийх нь стент бөглөрөх, ишемигээр хүндрэх эрсдэл дагуулна. (Эрсдэл нь ашигаас их юм)PCI хийлгэсний дараах мэс заслын үеийн антиагрегант менежмент:· Стенттэй бүх өвчтөнд стентийн төрөл, тавьсан хугацаанаас үл хамааран цус алдах эрсдэл ба тромбозын эрсдэлийг харгалзан, боломжтой бол аспириныг үргэлжлүүлэн уулгана.· Хэрэв энгийн металл стент тавьснаас хойш 30 хоногийн дотор эсвэл эмэн бүрхүүлтэй стент тавьснаас хойш 3 сарын дотор зүрхний бус мэс засал хийх шаардлагатай бол хосолсон антиагрегант (аспирин + клопидгрел гэх мэт) эмчилгээг үргэлжлүүлнэ.· Уудаг антикоагулянт эмчилгээтэй өвчтний хувьд мэс заслын өмнө уг эмийг зогсоох шаардлагатай бөгөөд түр зуур аспиринаар орлуулж болно.· Хэрэв мэс заслын өмнө антиагрегант эмүүдийг зогсоох шаардлагатай бол прасугрелийг 7 хоногийн өмнө, клопидогрелийг 5 хоногийн өмнө, тикагрелорыг 3 хоногийн өмнө, аспириныг 4-5 хоногийн өмнө зогсооно.PCI хийлгээгүй өвчтөнд мэс заслын үеийн антиагрегант менежмент:· Хэрэв өвчтөн хоёрдогч урьдчилан сэргийлэлтээр (титэм судасны архаг өвчин, хуучин зүрхний шигдээс, эсвэл тархины харвалт) аспирин ууж байгаа бол зүрхний хүндрэлийн эрсдэл нь цус алдах эрсдэлээс илүү байвал мэс заслын өмнө үргэлжлүүлэн уулгах нь зохистой.· Хэрэв өвчтөн анхдагч урьдчилан сэргийлэлтээр аспирин ууж байгаа бол мэс заслын өмнө зогсоох ёстой. Аспирин уудаггүй өвчтөнд мэс заслын өмнө аспирин эхлүүлэх шаардлагагүй.Антикоагулянтыг орлуулах, шилжүүлэх:· Варфарин уудаг өвчтөнүүд. Зүрх судасны өвчтэй, тромбозын өндөр эрсдэлтэй өвчтөнд варфариныг зогсоох шаардлагатай бол мэс заслын өмнө гепаринаар (ихэвчлэн бага молекул жинтэй гепарин) орлуулж болно. Цус алдах эрсдэл нэмэгддэг тул ихэнх өвчтөнд мэс заслын үеэр уг эмчилгээг зөвлөхгүй.· Шууд үйлдэлтэй уудаг антикоагулянт хэрэглэдэг өвчтөнүүд. Мэс заслын өмнө шууд үйлдэлтэй уудаг антикоагулянтыг зогсоох шаардлагатай өвчтөнүүдэд орлуулах эмчилгээ шаардлагагүй. Учир нь эдгээр эм нь варфаринаас богино хагас задралын хугацаатай тул өвчтөн бүрэн антикоагулянтгүй байх хугацаа богино байдаг.Бусад зөвлөмжүүд:Цусан дахь глюкозийн хяналт, цус багадалт, нойронд дунд амьсгал тасалдах хамшинж, тархины харвалт, мэдээгүйжүүлгийн төрөл, транексамын хүчил, зүрхний суулгац төхөөрөмж, уушгины артерийн катетер, зүрхний улаан хоолойн хэт авиан шинжилгээ, биеийн температур, өвдөлт намдаалт, мэс заслын дараах тосгуурын фибрилляци, зүрхний бус мэс заслын дараах зүрхний булчингийн гэмтлийн менежментийн зэргийн талаар удирдамжид шинээр тусгасан ба та эдгээрийг удирдамжаас дэлгэрүүлэн унших боломжтой.УДИРДАМЖИЙГ ЯМАР НӨХЦӨЛД ДАГАХГҮЙ БАЙЖ БОЛОХ ВЭ?2024 оны ACC/AHA удирдамж нь зүрхний бус мэс засалд орох өвчтөнүүдийн зүрхний үнэлгээ, түүний менежментийн талаар эмч нарт туслах, чиглүүлэх зорилготой юм. Гэсэн хэдий ч энэхүү удирдамж нь эмнэлзүйн бүхий л нөхцөл байдал, өвчтөн бүрийн онцлогийг хамарч чадахгүй. Тухайлбал, яаралтай мэс заслын улмаас стандарт эмчилгээг мөрдөж чадахгүй байж болно, мөн антиагрегант эмийг үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөсөн ч цус алдах эрсдэл өндөр хэвээр бол антиагрегант эмчилгээг зогсоох шаардлагатай болно гэх мэт. Удирдамж нь эмнэлзүйн гол тулгуур хэрэгсэл хэдий ч шийдвэр бүрийг тухайн тохиолдолд тохируулан гаргах шаардлагатай байдаг.Нэмж дурдахад, ACC/AHA-ийн олон зөвлөмж нь нотолгооны 2-р ангилалд багтдаг бөгөөд энэ нь тухайн зөвлөмжийг дагаж болно эсвэл тухайн нөхцөлд зохистой байж болно гэсэн үг бөгөөд эмчид сонголтыг олгож буй юм. Тиймээс эмнэлзүйн туршлага, мэс заслын баг болон өвчтний шийдвэрт туслах зорилгоор удирдамжийг ашиглах нь зүйтэй юм.ШИНЭ УДИРДАМЖ НЬ ӨДӨР ТУТМЫН ПРАКТИКТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?Шаталсан алгоритмыг зөв дагах, урьдчилан бэлдсэн асуумжуудыг бүрэн бөглүүлэх, зүрхний биомаркерын тестийг ашиглах зэрэг нь мэс заслын эрсдэлийн үнэлгээг сайжруулж, шаардлагагүй тестүүдийг багасгана гэж найдаж байна. Эмийн зохистой менежмент, гипотензийг оношлож, эмчлэх, мэс заслын дараах үр дүнтэй хяналтууд нь мэс заслын үр дүнг сайжруулах боломжтой юм. Хиймэл оюун ухаан болон машин сургалтыг практикт нэвтрүүлэх нь эрсдэлийн үнэлгээг сайжруулж болох ч одоохондоо бидэнд энэ төрлийн олон судалгаануудын үр дүн шаардлагатай байна.Ашигласан эх сурвалж: 2024 AHA/ACC/ACS /ASNC/HRS/SCA /SCCT/SCMR/SVM Guideline for Perioperative Cardiovascular Management for Noncardiac Surgery: A Report of the American College of Cardiology/American Heart Association Joint Committee on Clinical Practice Guidelines 

Дэлгэрэнгүй
Маститийн үед антибиотикийг яаран эхлэх нь зөв үү
2025 оны 5-р сарын 2

Маститийн үед антибиотикийг яаран эхлэх нь зөв үү

Төрөөд сар орчим болж буй эмэгтэй сүүлийн 12 цагийн турш хөх өвдөж эмзэглэнэ, халуун оргино, хавдана гэсэн зовиуртай эмнэлэгт хандсан. Зовуурь ихтэй байгаа тул хүүхдээ хөхүүлэхгүй байгаа гэнэ. Уг эмэгтэйд антибиотик эмчилгээ зөвлөх шаардлагатай юу?Маститийн үед антибиотик эмчилгээ тэр бүр шаардлагагүй байдаг. Шинж тэмдгийн үргэлжлэх хугацаа, хүндрэл зэргээс хамаарч зарим тохиолдолд эмийн бус эмчилгээгээр эмчилдэг бол зарим тохиолдолд антибиотик эмчилгээг эхлүүлнэ.МАСТИТИЙН ТОДОРХОЙЛОЛТХөхүүл үеийн мастит гэдэг нь хөхөөр хооллох эсвэл саалтуур ашиглаж буй үед  тохиолддог сүүний суваг, цулцан болон ойролцоох эдийн үрэвсэлт эмгэг юм. Ойролцоогоор 4 хөхүүл эмэгтэй тутмын 1-т мастит оношлогддог.Маститын хүрээний эмгэгүүдэд: хэт их сүү ялгаралт (нярайн хэрэгцээнээс илүү хэмжээний сүү үүсэх), дисбиоз, сүүний сувгийн нарийсал, үрэвсэлт мастит, нянгийн гаралтай мастит, флегмон, халдварлагдсан галактоцеле, буглаа зэрэг хамаарна. Уг өвчний даамжралаас урьдчилан сэргийлэхийн тулд заалтын дагуу эмийн бус эмчилгээ эсвэл өргөн хүрээний антибиотикийг цаг алдалгүй, зөв цагт нь зөвлөх нь чухал юм.ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ БА ОНОШИЛГООҮрэвсэлт эсвэл нянгийн гаралтай маститын үед хөх нилэнхүйдээ өвчин эмзэглэл ихтэй байх төдийгүй хатуурсан, улайлттай, маш их халуун байхаас гадна сүүний гарц буурах, халуурах, жихүүдэс хүрэх зэрэг шинжүүд илэрдэг. Амин үзүүлэлтийг шалгахад сепсис эсвэл шингэн алдалттай өвчтөнд зүрхний цохилт олшрох, халуурах, цусны даралт буурах шинж илэрч болох хэдий ч энэ нь харьцангуй ховор тохиолддог байна.Хэрэв шинж тэмдэг 24-48 цагаас илүү хугацаанд үргэлжилж эсвэл даамжирч, мөн хэсэг газрын, тодорхой хүрээтэй хавдар, улайлттай хавсарвал эмч флегмон, буглаа, эсвэл халдварлагдсан галактоцелег сэжиглэх хэрэгтэй. Флегмон нь зөөлөн эдийн хэсэг газрын үрэвсэлт бөөгнөрөлөөс үүсдэг бол Буглаа нь эд доторх идээ бээрийн битүү хуримтлал юм. Галактоцеле нь халдварлагдаж болох бөгөөд сүүний суваг бөглөрсний дараа хөхөнд үүсдэг зөөлөн уйланхай бүтэц юм. Эдгээр эмгэгүүдийн ялгахад хэт авиан шинжилгээ ач холбогдолтой байдаг. Антибиотик эмчилгээ эхэлсэн хэдий ч эмчилгээ үр дүнгүй байх тохиолдолд хөхний сүүний өсгөврийн шинжилгээ хийх шаардлагатай.ЭХНИЙ ШАТНЫ БА ХӨНГӨН ШИНЖ ТЭМДГИЙН ҮЕИЙН ЭМЧИЛГЭЭЗовуурь харьцангуй багатай, хөхний хэсэг газрын өөрчлөлт нь 24-48 цагийн дотор арилж буй эхчүүдэд антибиотик хэрэглэхгүйгээр эмийн бус аргаар эмчилж болно. Энэ тохиолдолд хүүхдээ хөхүүлэхээ зогсоох шаардлагагүй гэдгийг хэлж ойлгуулах хэрэгтэй. Маститтай үед хүүхдээ хөхүүлэх нь нярайн эрүүл мэндэд ямар нэгэн аюул учруулахгүй юм.Эмийн бус эмчилгээнд: ээж хөхний тунгалгийн булчирхайн (суганы ба эгэмний дээд) чиглэлд хөнгөн дөрж, илэх хөдөлгөөнөөр (муур илэхтэй ижил хэмжээний даралтаар) тунгалгийн урсгалыг дэмжиж болно. Харин хүчтэй, даралттайгаар иллэг хийх эсвэл чичиргээт төхөөрөмж хэрэглэх зэргээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь эдгээр нь хялгасан судас болон эдийг гэмтээж болзошгүй.Хөх маш их хавдсан тохиолдолд сүүг гараар саах нь саалтуураар саахаас илүү үр дүнтэй байдаг. Харин саалтуур хэрэглэх шаардлагатай бол эмч саалтуурыг хэрхэн ашиглах тухай дараах зөвлөмжийг өгнө.Зөвхөн саалтуураар саадаг бол хэт их сүү ялгаралтаас сэргийлэхийн тулд нярайн хэрэглэдэг сүүний хэмжээтэй (1-6 сартай нярайд өдөрт ойролцоогоор 830-890 мл) тэнцэх хэмжээгээр саах хэрэгтэй. Хэрэв нярайн жин зохих ёсоор нэмэгдэж байвал хэт их сүү ялгаралтаас сэргийлж сүү саалтыг багасгах эсвэл зогсоох.Хөхний эдийг гэмтээхгүйн тулд дунд зэргийн сорох хүчээр саах.Саалтуурын хошуу зөв хэмжээтэй эсэхийг хөхөөр хоололтын мэргэжилтэнтэй зөвлөлдөж болно.Саалтуурыг гараар, зориулалтын угаагч шингэнээр эсвэл аяга таваг угаагчид халуун усаар цэвэрлэх.Эхийн хөхөнд хаван, хавдалт нэмэгдэхээс сэргийлж тохирсон хэмжээтэй, хөхний зөв даруулга зүүх хэрэгтэй бөгөөд хүүхдээ хөхүүлсний дараа дээш харан хэвтэж хүйтэн жин тавьж, стеройд бус үрэвслийн эсрэг эм (NSAIDs) хэрэглэж болно. Харин байцааны навчаар жин тавих гэх мэт ардын аргуудыг нотолсон нотолгоо байхгүй ба эсрэгээрээ байцаан навч нь Листери (Listeria) нянгаар бохирдсон байж болзошгүй тул хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Түүнчлэн нярайн хэрэгцээнээс илүү хөхүүлэх, илүү хэмжээгээр саахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн хөхөө усанд дүрэх (арьсыг цочроож, шархлуулж болзошгүй), хүчтэй иллэг хийх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай болохыг анхаарна уу.ХҮНД БУЮУ УДААН ҮРГЭЛЖИЛСЭН ШИНЖ ТЭМДГИЙН ҮЕИЙН ЭМЧИЛГЭЭӨвдөлт зовуурь ихтэй, өндөр халуурсан, булчингаар өвдсөн зэрэг шинж тэмдэг бүхий эхчүүдэд эмийн бус эмчилгээг эхлүүлснээс хойш 24-48 цагийн дотор зовуурь багасахгүй байгаа тохиолдолд дараах арга хэмжээг яаралтай эхлэнэ.Нянгийн гаралтай маститын үеийн антибиотик эмчилгээЭхний сонголтонд диклоксациллин 500 мг-аар өдөрт 4 удаа эсвэл цефалексин 500 мг-аар өдөрт 4 удаа, тус бүрийг 10-14 хоног хэрэглэнэ. Хоёрдох сонголтоор клиндамицин 300 мг-аар өдөрт 4 удаа эсвэл триметоприм-сульфаметоксазол 160 мг/800 мг-аар өдөрт 2 удаа, тус бүрийг 10-14 хоног хэрэглэнэ. Триметоприм-сульфаметоксазолыг дутуу төрсөн, нярайд гипербилирубинеми илэрсэн эсвэл глюкоз-6-фосфат дегидрогеназын (G6PD) дутагдалтай жирэмслэлтийн хүндрэлтэй эхэд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй!ХӨХНИЙ СҮҮ ӨСГӨВӨРЛӨХ ШИНЖИЛГЭЭАнтибиотик эмчилгээ хийснээс хойш 48 цагийн дараа шинж тэмдэг арилахгүй байвал маститтай хөхнөөс сүүний өсгөврийн шинжилгээ авч метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus (MRSA) болон бусад тэсвэртэй эмгэг төрүүлэгчдийг үгүйсгэнэ. Шинжилгээг хийхдээ хөхний толгойг антисептикээр (жишээ нь, спирттэй арчдас) цэвэрлэж дээж авна. Дээж авах үедээ масттиттай хөхний толгойг ариун саванд хүргэхээс зайлсхийнэ.! Эмч эсвэл хөхүүл эх өөрөө ариун бээлий өмсөж, хөхөө сааж сүүгээ ариун саванд хийнэ. 5-10 мл хөхний сүүг лабораторид "биеийн шингэний өсгөвөр" гэж илгээнэ. Өсгөврийн хариуг хүлээх зуур хүүхдээ хөхүүлэх эсвэл сүүгээ сааж болно. Учир нь маститтай үед хөхөөр хооллох нь нярайд аюулгүй гэж үздэг.ХЭТ АВИАН ШИНЖИЛГЭЭБуглаа, флегмон, эсвэл халдварлагдсан галактоцелег сэжиглэж байвал хэт авиан шинжилгээ хийж, яаралтай (тухайн өдөртөө) дүрс оношилгооны болон мэс заслын эмчтэй зөвлөлдөнө. Шингэний хуримтлалыг хэт авиан хяналтан дор мэс заслын аргаар дренаж хийж гадагшлуулна. Антибиотик эмчилгээнд үр дүнгүй үед үрэвсэлт хэлбэрийн хөхний хорт хавдрыг ялган оношлох зорилгоор хөхний нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.АНХААРУУЛГА: Хөхний толгойн цэврүүг хагалж болохгүйг эхэд анхааруулХөхний толгойн цэврүү (маститаас үүдэлтэй сувгийн үрэвсэл) хагарах, хуурахаас сэргийлж, триамцинолон 0.1% стеройд тосыг долоо хоногийн турш өдөрт 2 удаа түрхэхээр бичиж өгнө. Нярайг хөхүүлэхээс өмнө түрхсэн тосыг алчуураар арчиж байхыг эхэд зөвлөнө.МАСТИТ ДАХИХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ Дөнгөж төрсөн эхчүүдэд хүүхдээ хэрхэн зөв хөхүүлэх талаар эмч мэргэжилтэнүүд маш сайн зөвлөгөө өгөх хэрэгтэй. Ялангуяа нярайг "хүссэн үед" хөхүүлж байх нь хөхний сүү оролтыг нэмэгдүүлдэг болохыг эхэд тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.Хэрэв эх сүү ихтэй эсвэл гиперлактацитай бол сүүний гарцыг аюулгүй бууруулахад анхаарал хандуулж хөхөөр хоололтын мэргэжилтнээс зөвлөгөө авахуулах шаардлагатайг анхаарна уу!Мастит, ялангуяа дахилтат мастит нь сэтгэл түгшилт, сэтгэл гутралтай холбоотой байдаг тул сэтгэл зүйч эсвэл сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй.Маститаас сэргийлэхийн тулд хөхүүл эхчүүд пробиотик хэрэглэхийг (Limosilactobacillus fermentum эсвэл илүү зохимжтой нь Ligilactobacillus salivarius) зөвлөж болно.Сувгийн бөглөрлөөс сэргийлэн сүүг шингэрүүлэхэд туслах зорилгоор өдөрт 5-10 гр наранцэцгийн эсвэл шар буурцгийн лецитиныг ууж хэрэглэхийг зөвлөж болно.Нярайг хөхүүлэхдээ хөхний толгойн хамгаалалт ( nipples shields - хөхний толгой дээр өмсдөг силикон хэрэгсэл)-ыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэхүү хэрэглэл нь нярай сүүгээ хангалттай хөхөх боломжийг бууруулж улмаар хөхний сүү гүйцэд гадагшлахгүй үлдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.Шаардлагагүй үед антибиотик хэрэглэхээс зайлсхийж, хөхний эрүүл микробиотыг хадгалах хэрэгтэй.Эх сурвалжMitchell KB, Johnson HM, Rodríguez JM, et al. Academy of Breastfeeding Medicine Clinical Protocol #36: the mastitis spectrumWilson E, Woodd SL, Benova L. Incidence of and risk factors for lactational mastitis: a systematic review. J Hum Lact 2020; 36(4)Louis-Jacques AF, Berwick M, Mitchell KB. Risk factors, symptoms, and treatment of lactational mastitis. JAMA 2023; 329(7)Weaning from the breast. Paediatr Child Health 2004; 9(4):249–263.Centers for Disease Control and Prevention. How to keep your breast pump clean. Updated February 21, 2023.Crepinsek MA, Taylor EA, Michener K, Stewart F. Interventions for preventing mastitis after childbirth. Cochrane Database Syst Rev 2020; 9(9)Moreb N, Murphy A, Jaiswal S, Jaiswal AK. Cabbage. In: Jaiswal AK, ed. Nutritional Composition and Antioxidant Properties of Fruits and Vegetables. London, UK: Elsevier; 2020:33Fernández L, Pannaraj PS, Rautava S, Rodríguez JM. The microbiota of the human mammary ecosystem. Front Cell Infect Microbiol 2020;

Дэлгэрэнгүй
Түгээмэл
Асуулт хариулт