Сургалтын зорилго

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан мэдээгээр нийт өвчлөлийн аравны нэгийг осол гэмтлийн өвчлөл эзэлж байгаа бөгөөд жил бүр дэлхий даяар 5.2 сая гаруй хүн осол гэмтлийн улмаас амь насаа алдаж байгаа бөгөөд 2020 онд осол гэмтлээр нас барах хүний тоо 8.2 саяд хүрэх магадлалтай байна. Осол гэмтэл, хүчирхийлэл нь дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 9 дүгээрт, 15-44 насны хүн амын нас баралтын шалтгааны 7-рт бүртгэгдэж байна. Осол гэмтэл нь ихэвчлэн бага, дунд орлоготой улс орнуудад их тохиолдож байна.

Дэлхийн улс орнуудад жил бүр 1 тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог бөгөөд тэдгээрийн ихэнх нь мөн л бага дунд орлоготой улс орнуудад бүртгэгдсэн байдаг. Дэлхий хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ¼ нь санамсаргүй осол гэмтлийн (зам тээврийн осол, уналт, түлэгдэлт, хүчирхийллээс үүссэн) улмаас нуруу нугасны саажилт, гэмтсэн эрхтнийг тайруулах (ампутаци), сэтгэл зүйн гэмтэл, гэх мэтийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдог байна. Хөдөлмөрийн насны залуучууд осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр болон удаан хугацаанд алдаж, тахир дутуу болох цаашлаад улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.

Анхны тусламжийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсноор энэ бүх тоог бууруулж нас баралт, хөгжлийн бэрхшээл, цаашдын хүндрэлээс сэргийлэх, цаашлаад эдийн засгийн хувьд ч хор хохирол багатай байх боломжтой юм. Тиймээс та энэхүү сургалтанд хамрагдаснаар бусдын амь насыг аврах чадварт суралцахаас гадна магадгүй та өөрөө өөрийнхөө болон ойр дотны хүнийхээ амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй осол гэмтэл, өвчлөлийн үед хамгийн сүүлийн үеийн зөв тусламж үзүүлэх чадварт суралцах юм.

Scroll to Top